Ирэх долоо хоногоос буюу наймдугаар сарын 1-нээс насжилт дууссан микро автобусыг үйлчилгээнд явуулахгүй гэдгийг нийслэлийн Тээврийн газраас мэдээлж байна.
Нийслэлийн хэмжээнд 214 микро автобус гэрээний дагуу тээврийн үйлчилгээнд явдаг байна. Тэгвэл үүний 170 нь 2003 онд үйлдвэрлэгдсэн, насжилтын хугацаа дууссан байдаг ажээ. Тиймээс дээрх тооны микро автобусыг шугамнаас шууд хасна гэдгийг албаны хүмүүс анхаарууллаа. Харин насжилт дуусаагүй буюу шаардлага хангасан 40 микро автобусаар алслагдсан бүс, том оврын автобус хүрдэггүй чиглэлд үйлчлэх юм байна.
Г.ДОРЖПАЛАМ НТГ-ЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН ДАРГА
Насжилт нь дуусч, микро автобусаа хасуулсан аж ахуйн нэгж, иргэдийн хувьд шаардлагад нийцэх дунд оврын автобусыг оруулж ирэхээр гэрээ хийж эхэлжээ.
Эхний ээлжид БНХАУ-аас оруулж ирсэн 10 дунд оврын автобусыг ирэх долоо хоногоос үйлчилгээнд явуулахаар төлөвлөсөн байна.
Цаашид нэмж дунд оврын автобус оруулж ирэн, үйлчилгээнд нэвтрүүлэхээр гэрээ хэлэлцээ хийж байгааг албаныхан тодотголоо. Эдгээр автобусыг гэр хорооллын алслагдсан бүсэд явуулахаар төлөвлөжээ.