Эрүүл мэндийн салбар бэлэн байдалд ажиллаж байна

Нийт нутгийг хамарсан цаг агаарын хүндрэлийн улмаас эрүүл мэндийн салбар бэлэн байдал зарлажээ. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ сарын 18-ны өдөр тушаал гаргаж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах үүрэг өгчээ. Одоогийн байдлаар 13 аймгийн 54 сум зудын байдалтай байгаа тул тээврийн хэрэгсэл, шатахууны бэлэн байдлыг хангуулах, эм тарианы нөөц бэлтгэж, удирдлага зохион байгуулалтаар хангах шаардлагатай гэж үзсэн байна.

Үүнээс гадна Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 21 аймгийн эрүүл мэндийн газрын даргыг оролцуулсан цахим хурлыг цувралаар хийхээр болжээ.

Үндэсний оношилгоо, эмчилгээний төвд ажиллах инженер, техникийн ажилтнуудыг сургана

Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг 2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэ төв нь сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байх бөгөөд үүн дотроо дүрс оношлогоо, лаборатори, дотрын тасаг, мэс засал, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасагтай байх юм. Үүнээс гадна энэ төвөөр дамжуулж зайн оношлогоог улсын хэмжээнд явуулахаар төлөвлөж байгаа билээ.

Мөн Изотоп үйлдвэрлэх тасаг байгуулахаар болсон. Тэгвэл энэ тасгийн инженер, техникийн ажилтнуудыг сонгон шалгаруулж, урт хугацааны сургалтад хамруулах ажлыг Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон Улсын эрүүл мэндийн сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх юм. Сургалттай холбоотой асуудлаар Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн нарын албаныхан Мягмар гаригт /2016.11.22/ хуралдсан байна. Тэд инженер, техникийн ажилтнуудад тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтын талаар хэлэлцжээ. Ингээд тун удахгүй сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд нээлттэй зарлахаар болсон байна.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.