Үнэмлэхүй олонх Үндсэн хуулийг өөрчилж чадах уу?
Түгээх

Парламентын төвшинд Үндсэн хуулийг өөрчлөх асуудал яригдаж эхэлснээс хойш цөөнгүй хугацаа өнгөрч байна. Гурван парламент дамжиж байгаа энэ сэдвийг тойрсон маргаан, хэлэлцүүлэг ч цөөнгүй өрнөсөн.

Зарим улстөрчийн зүгээс Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв гэсэн байр суурьтай байдаг бол зарим нь эцэг хуулийг эх болгох шаардлагагүй гэж тайлбарладаг.

З.Энхболдын парламентын үед Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр ахалж байсан бөгөөд Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс биш парламентаас зургаан жилээр нэг удаа сонгодог болох, УИХ-ын гишүүдийн тоог 99-д хүргэх тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Гэвч, Үндсэн хуулийн өөрчлөлтийг 76 хүн дангаараа шийдэх эрхгүй тиймээс Үндсэн хуулийг өөрчлөх үү, үгүй юу гэсэн асуудлаар ард түмний санал асуулга авахаар хуульчилж өгсөн юм.

Эдийн засагт нүүрлээд байгаа хямрал нь Монголын улс төр, засаглалын хямрал гэж дүгнэх хүмүүс ч бий. Сүүлийн 12 жилд бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацааг гүйцээсэн Ерөнхий сайд алга. Тиймээс засаглалын хямралын “үндэс” болсон Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв гэдэг дээр олонхийн бүлэг санал нэгдэж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан.

Тэгвэл үүний өмнө Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд Ерөнхий сайд захирамж гарган Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч Ч.Энхбаатараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулсан юм. Энэ Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ШУА, Хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо, “Легемитус”, “Эв Монгол”, “Ёс өмгөөллийн нөхөрлөл” төрийн бус байгууллага, НҮБ-ын Ххөгжлийн хөтөлбөрийн багийн ахлагч болон бие даасан хуульч, эрдэмтэн, судлаач, түүхчид оржээ. Ажлын хэсэг 21 аймаг, нийслэл хотод судалгаа явуулж, гаргасан дүгнэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын түвшинд танилцуулах аж.

Ийнхүү гурван парламент дамжин яригдаж байгаа Үндсэн хуулийг МАН-ынхан үнэмлэхүй олонх байхдаа өөрчлөхөөр хоёр ч ажлын хэсэг байгуулаад байна.

Үндсэн хууль бол нэг талаасаа хуулийн баримт бичиг, нөгөө талаасаа улс төрийн баримт бичиг. Өөрөөр хэлбэл, тухайн улсын төрийн тогтолцоо ямар байх, хүний эрхийг хэрхэн зохицуулах гээд гол харилцааг зангиддаг үндсэн баримт бичиг.

Энэ үндсэн баримт бичгийг хэрхэн өөрчлөх, өөрчлөх үү, үгүй юу гэдэг нь үнэмлэхүй олонхиос хамаарахаар болж байна.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.