АСЕМ -ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн чуулга уулзалтад зориулсан “Тэнгэрийн өрх” бүтээлийн нээлт боллоо
Түгээх

Улирч буй 2016 онд АСЕМ буюу Ази-Европын дээд түвшний  11 дэх удаагийн чуулга уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан билээ. Энэ үйл явдалд зориулсан “Тэнгэрийн өрх” уран бүтээлийг Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнд байрлуулж өнөөдөр нээлтийг нь хийлээ.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын  дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нарын зэрэг албаны хүмүүс  оролцсон юм.

“Тэнгэрийн өрх” бүтээлийг Урчуудын эвлэлийн гишүүн зураач А.Чадраабал туурвижээ. Түүний  бүтээлд дэлхийн  таван тивийн олон үндэстэн эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүн төрөлхтний шинжлэх ухааны нээлт ололт, оюун санааны эв хамтын ажиллагааны харилцаа холбоог илтгэж, нүүдэлчин монголчуудын өнө эртний түүх соёл урлагийн өвөөс дүрсэлжээ.

Бүтээлийн нүүрэн талд АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад улс орноо төлөөлөн оролцсон дэлхийн 53 улсын тэргүүн, Олон улсын байгууллагын дарга нарын  гарын үсгийг товойлгон цутгаж, ар талд нь дэлхийн улс орнуудын газрын зургийг байршуулжээ.  Дээрээс нь харахад хүний нүд, хоёр хажуу талаас нь харахад хүний уураг тархи харагдах байдлаар урласан бөгөөд дотор  талаас нь харахад  өрхийг нь татсан монгол гэрээс тэнгэр огторгуйг тольдож буй мэт сэтгэгдэл төрүүлэхээр бүтээсэн байна. Үүгээр  дэлхийн бодлогыг монгол гэр дотор хэлэлцсэн гэх санааг илтгэж байгаа ажээ.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.