Албан тушаалтнуудын ялыг чангатгажээ

-Албан тушаалын хэрэгт 27 сая төгрөгийн торгууль ногдуулна-   

Засгийн газраас шинэ оны өмнөхөн УИХ-д Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуулийн төслийг өргөн барьсан, энэхүү төслүүдтэй холбогдуулж, өнөөдөр /2017.01.09/ Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон шалтгаан нөхцөлийн талаар тайлбарлалаа.

2015 онд УИХ-аас баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга нь 440 гаруй заалттай бөгөөд 100 хувь шахам хорих ялтай байсан аж. Тиймээс зарим хөнгөн хэрэгт хорих ял ногдуулахгүй байхаар тусгаж, хорих ялын доод хугацаа 7 хоног байсныг 6 сар болгож, үүнтэй уялдуулан нийтэд тустай ажил хийлгэх ялыг үндсэн ялд тооцон хэрэглэх нөхцлийг бүрдүүлжээ.

2015 оны шинэ Эрүүгийн хуульд нийтэд тустай ажил хийлгэх ялыг 440 заалтаас ердөө хоёрхон заалтад хэрэглэхээр заасан байсныг өргөтгөж өгсөн аж. Ингэснээр заалт бүрт хорих ял ногдуулахаар заасан байсан нь буурчээ.

Мөн 2015 оны хуульд албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ялын бодлого зөөлөн, зарим томъёолол нь гэмт хэрэгтний ял завшуулах боломж үүсгэсэн байсныг чангалж, учруулсан хохирол бүрт нь тохирсон ял оноохоор нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Түүнчлэн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн хүн хохирлоо барагдуулбал гэмт хэрэгт тооцохгүй, ял шийтгүүлэхгүй байх зэрэг заалтууд туссан байсныг өөрчилж, ял авахаар зааж өгчээ.

АЛБАН ТУШААЛТНУУД ИХ ХЭМЖЭЭНИЙ ТОРГУУЛЬ ТӨЛНӨ

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар албан тушаалаа урвуулан ашигласан төрийн албан тушаалтанд торгох ял ногдуулахын зэрэгцээ 1-3 сар хугацаагаар баривчлан ял ногдуулдаг байна.

Өргөн барьсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд энэ тохиолдолд 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор зааж өгчээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл, торгууль нь 1.2 сая төгрөгөөс 12 сая төгрөгөөр торгохоор байсан бол одоо 5.4 сая төгрөгөөс 27 сая хүртэл төгрөгөөр торгохоор зааж өгсөн. Албан тушаалын гэмт хэрэг нь хүнд хэрэгт тооцогдсон нөхцөлд 2-8 жил хорих юм байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэгт тэнсэн үйлчлэхгүй байхаар заажээ.

ХЭЭЛ ХАХУУЛИЙН ХЭРЭГТ 12 ЖИЛИЙН ЯЛ ОНООНО

2015 онд баталсан Эрүүгийн хуульд хээл хахууль авсан гэмт хэрэгт торгох, 5 хүртэл жилийн хугацаатайгаар торгох ял, хүндрүүлэх ялд нь 5-10 жилийн хугацаатай хорих ял ногдуулахаар заасан бол нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төсөлд 5-12 жилийн ял оноохоор хорих хугацааг нэмжээ.

Бусад орны хуулийг судлахад БНХАУ-ын Эрүүгийн хуульд авлигын хэмжээнээс нь шалтгаалж, ялгамжтай ял ногдуулдаг байна. Тухайлбал, 50.000-100.000 юанын авлига авсан бол 5-10 жилийн хугацаагаар хорьж, эд хөрөнгийг хураана. 100 мянгаас дээш юанын хэмжээтэй авлига авсан бол 10-аас дээш хугацаатайгаар хорих, ноцтой бол цаазаар авах ял ногдуулдаг аж.

Эдийн засгийн өсөлтийг дагаж шинэ төрлийн гэмт хэрэг гарах болсон байна. Тиймээс валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид хууль бусаар нөлөөлөх, улстөрийн нөлөөгөөр төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийг дампууруулсан, хууль бусаар нийгмийн халамжийн үйлчилгээ авах зэрэг үйлдлийг гаргасан бол энэ төрлийн хэргийг эрүүгийн хэрэгт тооцох юм байна.

БИЕИЙГ НЬ ҮНЭЛҮҮЛЖ, АШИГ ОЛБОЛ 20 ХҮРТЭЛ ЖИЛИЙН ЯЛ АВНА

Одоо хэрэгжиж байгаа хуулиар монгол хүний биеийг үнэлүүлсэн бол торгох, 5 хүртэл жилийн хугацаагаар ял ногдуулдаг, харин биеэ үнэлсэн хүнийг нь албадан хөдөлмөр эрхлүүлдэг аж.

Өргөн барьсан Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд энэ төрлийн гэмт хэргийг бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт харьяалуулж, үндсэн бүрэлдэхүүнд  1-5 жилийн хугацаагаар хорих. Зохион байгуулаад асар их хэмжээний ашиг олсон бол 12-20 жилийн хугацаагаар хорих, эсвэл бүх насаар нь хорих болгож чангаруулжээ.

Бусад оронд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид чангаруулсан зүйчлэлээр ял оноодог байна. Тухайлбал, ОХУ Эрүүгийн хуулиар 10-аас дээш жил хугацаагаар хорих, эсвэл бүх насар нь хорьдог аж.

ЯЛЫН ДЭЭД ХЯЗГААР НЬ БҮХ НАСААР НЬ ХОРИНО

Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийнхөө ерөнхий зарчмыг хадгалжээ. Ингэхдээ өмнөх хуулиас 40 гаруй хувийг нь өөрчилсөн юм байна. Эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой зүйл заалтыг үндсэнд нь өөрчилж, шинэчилснийг эс тооцвол бусад санкцууд ерөнхий зарчмаа хадгалсан аж.

Монгол Улс 2012 онд цаазаар авах ялаас татгалзсан. Тиймээс Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хамгийн дээд ял нь бүх насаар нь хорих ял ногдуулахаар зааж өгчээ.

Хэлэлцүүлгийн шатанд хөндөгдсөн нэг асуудал нь хорих ангиудын нөхцөлийг сайжруулахгүй бол 25-26 жилийн хоригдох ял авсан яллагдагч амьд мэнд гарч ирэх бололцоогүй байгаа гэдгийг тодотголоо. Гэтэл бусад улс оронд хорих ангийнх нь нөхцөл хангагдсан байдаг. Тухайлбал, Нельсон Манделла 26 жилийн ял авч, хоригдсон хэрнээ гарч ирээд ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан. Иймээс эл асуудалд холбогдох газрууд анхаарлаа хандуулах ёстой гэдгийг тодотголоо.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.