Авлига авсан бол эрүүгийн хариуцлага хүлээнэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2017.01.10/ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 76.9 хувийн саналаар дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй хэмээн үзсэн юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийн 60 гаруй заалт нь албадан ажил хөдөлмөр эрхлүүлэхээр заасан бол авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялыг чангаруулж, тэнсэн өгөхгүй байхаар зааж өгсөн юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг буцаасан нь зөв байсан гэдгийг юуны түрүүнд хэлье. Өмнөх хуульд хорих ялын доод хэмжээ долоо хоног байсныг өөрчилж, одоогийн энэ төсөлд 6 сар болголоо гэж байна. Үйлдсэн гэмт хэрэгтэй нь холбоотойгоор нэг сар, хоёр сар хорих ялаар шийтгэж болохгүй юу?

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: 2015 оны Эрүүгийн хуулийн бүх гэмт хэрэгт хорих ял шийтгэхээр болчихсон байсан. 440 заалт гэмт хэрэг 100 хувь хорих ялтай болчихсон. Бид хуульд заавал хорихыг урьтал болгохгүй байх зарчмыг барьж, хөнгөн гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүй байхаар тусган, хорих ялын доод хэмжээ 7 хоног байсныг 6 сар байхаар заасан. Гэмт хэрэг хийсэн гээд л 7 хоногийн ял өгөөд байж болохгүй шүү дээ. Хүний давж заалдах шатны шүүхэд хандах эрх зөрчигдөж байгаа, энэ тохиолдолд. Өөрөөр хэлбэл, гэм буруугүй гэдгээ нотлох завдал өгөхгүйгээр шууд хорьчихож байгаа юм.

Мөн алслагдсан аймагт хорих ялаар шийтгүүлсэн хүнийг аймаг, нийслэл рүү авч явах хороонд л ял эдлэх хугацаа нь дуусч байх жишээний. Энэ мэт байдлаас шалтгаалан хүн бүрт хорих ял оноох байсныг өөрчилсөн.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Авлига өгсөн хүнийг яллахгүй байх тухай их ярьдаг боллоо. Яахаараа авлига өгсөн хүн ялгүй байдаг юм бэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: 2015 онд баталсан Эрүүгийн хуульд авлига өгсөн хүнд огт хариуцлага тооцохгүй байхаар заасан байсан. Бид үүнд зохицуулалт хийсэн. Тухайлбал, зориудаар, зохион байгуулалттайгаар авлига өгсөн бол хариуцлага хүлээнэ, бусдын дарамт шахалтад орж авлига өгөхөд хүрсэн бол хариуцлага хүлээхгүй байхаар шийдсэн. Харин авлага авсан бол аль ч тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: Албан тушаалын хэргийг чангатгасан юм уу. Авлигаар олсон хууль бус хөрөнгийг хураадаг, завшуулдаггүй байх хэрэгтэй.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр: Авлига албан тушаалын хэргээс олсон ашиг, эд хөрөнгөө заавал хураалгана. Мөн энэ төрлийн хэргийг хүнд гэмт хэрэгт тооцон ялын хугацааг нэмсэн. Мөнгөн торгуулийн дээд хэмжээг 27 сая төгрөг хүртэл нэмэгдүүлсэн гэсэн хариулт өглөө.

Согтуу иргэдийг цагдаагийн харьяанд эрүүлжүүлнэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар архи, согтууруулах ундаа хэрэглэн, өөрийгөө хянах чадваргүй болсон иргэнийг эмнэлэгт эрүүлжүүлж байгаа юм. Гэвч энэ нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдэд хүндрэл учруулж, эмч нарын ажлын ачааллыг нэмэгдүүлж байгаа учраас 2014 онд баталсан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн, дээрх төслийг оруулж иржээ.

Уг төсөл батлагдсан нөхцөлд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, өөрийгөө хянах чадваргүй болсон иргэнийг цагдаагийн байгууллагын харьяанд байх эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэх юм. Ингэхдээ эрүүл мэндийн тусламжийг эмч үзүүлж байхаар зааж өгсөн.

Мөн албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа цагдаагийн байгууллагад шилжиж байгаатай холбогдуулан хүн амын нягтрал, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн байдлыг харгалзан тодорхой нутаг дэвсгэрт эрүүлжүүлэх байрыг байгуулах гэнэ. Эрүүлжүүлэх байранд төлбөртэй эрүүлжүүлнэ. Эрүүлжүүлэх байрны нөхцөл, эмчилгээ, үйлчилгээний журмыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд, үйлчилгээний төлбөрийг хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахаар хуулийн төсөлд тусгажээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Эрүүлжүүлэх байранд ажилладаг хүмүүсийн эрх ашиг ноцтой зөрчигддөг. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн нөхцөлийг онцгой анхаарах хэрэгтэй. Эрүүлжүүлэх байрыг төлбөртэй болгох нь төвлөрсөн орлогыг буцааж юунд зарцуулах вэ” гэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Эрүүлжүүлэх байр төлбөртэй. Эрүүлжүүлэгдсэн этгээд төлбөрөө төлнө. Төлбөрийг нь буцааж эрүүлжүүлэх байранд ашиглана. Ажилтнуудын нийгмийн баталгааг хангана” гэсэн хариулт өглөө.

Дараа нь УИХ-ын гишүүн Т.Билэгт нарын санаачлан боловсруулсан Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжлээ. Энэхүү төсөл нь Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөлтэй үзэл баримтлалынхаа хувьд нэг аж.

Эдгээр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өндөрлүүллээ.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.