Ардчилсан намын шоу

Улс төрийн гол анхаарал Ардчилсан намын даргын сунгаан дээр төвлөрч байна.  Шинэ даргад нэр дэвшсэн Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр нар хамтдаа мөрийн хөтөлбөрөө танилцуулж, гишүүдтэйгээ уулзаж яваа ч, З.Энхболд даргынхаа өгсөн сумыг өөд өөдөөсөө тавиад “удаж” байгаа юм.

Ардчилсан намын даргыг санал өгөх эрхтэй бүх гишүүдийн оролцоотойгоор тодруулах өдөр ойртсоор байна.  Нэгдүгээр сарын 29-нд орон даяар зэрэг явагдах Ардчилсан намын даргын төлөө 176 мянган хүн санал өгөх эрхтэй болжээ. Өөрөөр хэлбэл, хоёр долоо хоногийн дараа Ардчилсан намын шинэ дарга тодорно.

Санал хураах өдөр ойртохын хэрээр “эвтэй” таваас гарах үг, үйлдэл нь болгон нь улам эвгүйтсээр. Наанаа гар барилцах тэд ханцуйн дотроо З.Энхболд даргынхаа өгсөн “эв”-ийн сумаа нуух болж. УИХ, нийслэл, сум, дүүргийн сонгуульд дараалан ялагдал хүлээсэн Ардчилсан намын шинэчлэлийн эхлэл юу вэ. Шинэ дарга уу, шинэ бодлого уу?

Өнгөрсөн дөрвөн жил тамираа тасартал зодолдсон Ардчилсан намд одоо ч эвлэрэл, зөвшилцөл байхгүй байгааг “эвтэй” тавынх нь үйлдэл болгон харуулсаар байгаа шүү дээ. Тэгвэл энэ намын эвлэрлийн цэг нь юу вэ? Ахиад л асууя. Шинэ дарга уу, шинэ бодлого уу?

Ардчилсан намын зургадугаар Их хурлаар баталсан шинэ дүрмийн дагуу намынхаа даргыг эхлээд сонгож, дараа нь Их хурлаараа батламжлахаар болсон. Шинэ даргаа албан ёсоор баталгаажуулах намын долдугаар Их хурал хоёрдугаар сарын 12-нд болохоор товлогдсон юм.

Засгийн эрхэнд байсан Ардчилсан нам “гудамжинд” хөөгдөж гарах болсон шалтгаан нь эв нэгдэлгүй байдал байсан. Өнгөрсөн дөрвөн жил эрх мэдлийн төлөө, эцэс төгсгөлгүй өөр хоорондоо “байлдсан” тэд өнөөдөр үлдсэн ганц суудал дээрээ нөгөө л фракци, бүлэглэлээрээ хуваагдан “зодолдож” байна.

Ардчилсан нам бол хэвтээ тогтолцоотой нам. Гэхдээ сарын дараа болох VII Их хурлаараа хагас босоо тогтолцоотой, дэд даргатай, ҮЗХ-нь 380 хүнээс бүрдэж байх шинэ дүрмээ дахин хэлэлцэнэ. Дахин гэдэг нь зургадугаар Их хурлаараа энэ асуудлаа хэлэлцсэн ч эцэслэн шийдэж чадаагүй юм.

Хэрэв энэ удаад Ардчилсан нам фракцийн биш бодлогын нам болж чадахгүй бол тав байтугай хуваагдахад бэлэн байна.  Тиймээс Ардчилсан намд яг одоо намын шинэ даргаас илүү намын эв нэгдэл хэрэгтэй байгаа юм. Энэ эв нэгдэл Ардчилсан намын шинэчлэлийн бас ялалтын эхлэл байх болно.

Түүнээс З.Энхболдыгоо  Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, С.Эрдэнээр солилоо гээд энэ намд эв нэгдэл байхгүй л бол нэмэгдэхүүний байрлал өөрчлөгдөөд өнгөрөх биз. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам өнөөдөр нэр төдий шинэчлэл огтоос хэрэггүй билээ.  Эцэст нь хэлэхэд, энэ намын шинэчлэл эв нэгдэл дээр тогтож байж л хийгдэнэ. Эс бөгөөс “эвтэй” тавын эвгүй зодоон намаа юу ч үгүй сүйрүүлж мэдэх нь байна шүү.

 Ж.ЭРХЭС

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. Санаа зоволтгүй эв нэгдлийг бутрааж байсан хүчнүүд шинэчлэгдсэн намын үед алга болж ардчилагчид шинэчлэгдэж ард түмэн ардчиллаа цааш үргэлжлүүлэх болно.1990онд ардчилагчид ардчиллыг авч ирсэн.Цаашид ардчилагчид ардчиллыг хөгжүүлж чадна.Үүнийг ард иргэд хүлээж АН шинэчлэгдэн гэдэгт итгэж байгаа нь харагдаж байна.Ардчиллын төлөө зүтгэе.

Leave a Reply

Your email address will not be published.