Американ дэнжээс улбаатай онцгой харилцаа

Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхойлогдсон гурав дахь хөршийн том төлөөлөл болох АНУ-тай тогтоосон дипломат харилцааны 30 жилийн ой тохиож байна. 1987 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Вашингтон хотноо Монгол Улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Г.Нямдоо, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Шульц нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол болон АНУ-ын хооронд дипломат харилцааны түүх эхэлсэн. Гэвч энэ нь албан ёсны дипломат харилцаагаа эхэлж байсан ч хоёр улсын харилцаа даруй 150 гаруй жилийн түүхтэй гэж үздэг.

1900-гаад оны эхээр гадаад орны худалдаачид, бизнесийнхэн сонирхон Монголд ирж, хөрөнгө оруулж байсны дотор америкчууд байсныг түүхийн хуудас өгүүлдэг. АНУ-ын 31 дэх Ерөнхийлөгч Хербэрт Хувер 1900-гаад оны эхээр залуу байхдаа Монголд аялан ирж Богд Жавзундамба хутагттай уулзаж байсан. Мөн америкчууд Монголд спиртийн үйлдвэр байгуулж, монгол малын ноосыг экспортолж байжээ. Америкийн нэртэй аялагч Чепмен Эндрюсийн судалгааны баг 1922-1925 оны хооронд Богдын дэмжлэгтэйгээр Монголын говьд судалгаа хайгуул хийсэн байдаг. Хэдийгээр ийнхүү Монгол-АНУ-ын харилцаа 1900-гаад оны эхээр, нэн ялангуяа 1911 онд монголчууд тусгаар тогтнолоо сэргээсний дараа идэвхжсэн байдаг. Энэ үед америкчууд Нийслэл хүрээнд өөрийн гэсэн байр суурьтай байсныг илтгэж Американ дэнж гэсэн нэршилтэй газар хүртэл бий болсон. Аль ч хотын түүхэнд өөр үндэстнүүдийн бөөгнөрөн амьдарч байгаа газрыг тухайн үндэстний нэрийг оролцуулан нэрлэдэг. Үүнийг хамгийн тод жишээ нь, дэлхийн аль ч томхон хотоос олж болох Чайна таун билээ. Американ дэнж нь одоогийн “Кемпинский” зочид буудал орчмын газар юм. Американ дэнжийнхэн монголчуудад анх Форд машин, Харли Дэвидсон мотоциклийг танилцуулсан байдаг.

Гэхдээ хоёр орны харилцаа үүнээс ч урагшаа байгааг АНУ-аас Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсан Жонатан Эдлтон “Нэгэн чухал хүчин зүйл: АНУ-Монголын дипломат харилцаа, 1987-2012” номондоо гарган тавьсан. Тэрбээр энэхүү номоо Монгол-АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулан бичсэн юм. Энэ тухайгаа Элчин сайд Жонатан Элдтон “1862 онд манж бичгээр бичигдсэн зүйл миний анхаарлыг ихэд татав. Тэр нь франц болон америкийн хоёр аялагчид олгосон тухайн цагийн “зам явах бичиг” байлаа. Үндсэндээ Бээжингээс Сибирийн хил дээр орших Хиагт тосгон, магадгүй түүнээс цааш Санкт Петербург орохоор аялах замдаа “Гадаад Монгол”-оор дайран өнгөрөх эрхийн бичгийг тэрхүү хоёр жуулчинд олгосон байжээ. Тэр зам явах бичиг дээр Америк иргэний нэрийг “ноён Полоси” хэмээн тэмдэглэсэн байв. Хэзээ нэгэн цагт энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг түүхчид нухацтай судлах биз ээ. Гэхдээ өнөөгийн байдлаар миний мэдэж байгаагаар энэ аялах бичиг бол Америк иргэн Монгол оронд зочилсныг нотлох хамгийн анхны бичиг баримт болж байна” хэмээн бичжээ.

Ноён Полосийн нэгэн адилаар Монголоор дайран өнгөрөх эрхийн бичиг авсан дараагийн аялагч нь Томас Нокс хэмээх Нью Хэмпширийн сэтгүүлч байжээ. Томас Нокс бол тухайн үедээ нэртэй сэтгүүлч байсан бөгөөд Монголоор аялсан дэлгэрэнгүй тэмдэглэлээ “ Галакси” сэтгүүлийн 1868 оны наймдугаар сарын дугаарт хэвлүүлж, мөн “Азийг гатлан хуурай газраар аялсан нь” нэртэй номондоо бас багтжээ. Томас Нокс тэмдэглэлдээ монголуудын Чингис хаанаараа бахархах үзэл, “Канзас, Нэбраскагийн өргөн уудам тал” шиг харагдах газар нутаг, монголчуудын гол хоол болох “чанасан хонины мах”, замд нь тааралдсан Монгол малчдын мартагдашгүй зочломтгой зангийн талаар бичин үлдээжээ. Сэтгүүлч хүний хувьд тухайн үеийн Монголын болоод монголчуудын улс төрийн байр суурийн талаар бас тэмдэглэн үлдээжээ. Тухайлбал, монголчууд хятад удирдлагадаа “дөжир” хандах бөгөөд “эв нь таарвал тэдний дарлалыг нь түлхэн унагаахад бэлэн” гээд Монгол улс хятадуудын эрхшээлд байгааг “ялихгүй түгшүүртэй”, “хоёр толгойт бүргэд буюу Хаант Оросын хүчтэй хамгаалалт доор Монгол орон хэзээ нэгэн цагт орох нь гарцаагүй тухай нэмж бичсэн байдаг ажээ.

Манай хоёр орны түүхийн нэг чухал хуудас нь АНУ-ын дэд Ерөнхийлөгч Хенри Уолласын 1944 оны айлчлал юм. Тэрбээр АНУ-ын төрийн дээд албан тушаалтнуудаас анх удаа Монголын газар шороонд хөл тавьсан эрхэм. Хенри Уоллас Орос, Хятадад хийх айлчлалынхаа үеэр Улаанбаатарт саатаж хоёр хоносон бөгөөд түүнийг маршал Чойбалсан угтан авсан байдаг. Хенри Уолласыг нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтимор дагалдан ирж хэлмэрчилсэн бөгөөд тэрбээр Улаанбаатарт өнгөрүүлсэн хойр хоногийнхоо тухайл дэлгэрэнгүй тэмдэглэл үлдээсэн. Дэд Ерөнхийлөгч Хенри Уолласын айлчлал нь Монгол улс дэлхийд тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөгдөхөд чухал алхам байсан. Улаанбаатарт хоёр хонохдоо ноён Уолллас Нүхтэд хоёр давхарын өргөөнд буудалласан бөгөөд түүнийг ЗХУ-д үйлдвэрлэсэн “Зис-101” лимузинэрээр үйлчилжээ. Улаанбаатарт байх хугацаанд АНУ-ын төлөөлөгчид Гандантэгчинлэн хийд, МУИС /МУИС-д хоёр микроскоп бэлэглэсэн/, Биокомбинатад зочилж, Бөмбөгөр ногоон театрт “Шарай голын гурван хаан” жүжгийг үзэж сонирхжээ.

Хенри Уолласын дараагийн өндөр дээд зочид нь Ерөнхийлөгч Жорж Буш, дэд ерөнхийлөгч Жон Байден, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Жон Керри нар бөлгөө. Жон Керри өнгөрсөн зургадугаар сард парламентын сонгуулийн өмнөхөн айлчлаад буцсан.

Өнгөрсөн 30 жилд хоёр улсын харилцаа улс төр, эдийн засаг, нийгмийн гээд олон чиглэлд амжилттай хөгжиж байна. АНУ-ын Мянганы Сорилтын сангаас Монголд Улсад 285 сая ам.долларын төслийг эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, байгаль орчин, зам тээврийн чиглэлээр хэрэгжүүлсэн. Монголын 350 гаруй хүнийг АНУ-ын “Фулбрайт” хөтөлбөрөөр тэтгэлгээр суралцуулсан бөгөөд эдгээр суралцагчид эдүгээ Монголын олон салбарт өөрийн сурсан эрдмийн хувь нэмрийг оруулж яваа. АНУ-ын Энх тайвны корпусын шугамаар 1991 оноос хойш 1200 гаруй залуу америкчууд Монголын орон нутагт, ямар ч хөнгөлөлт, давуу эрх шаардалгүйгээр эгэл монголчуудын нэгэн адил нөхцөлд амьдарч, олон мянган хүүхдүүдэд англи хэл заасан. Энэ бол оюуны үнэлж баршгүй хөрөнгө оруулалт юм.

Ирэх гуравдугаар сараас хэрэгжиж эхлэх Монгол-АНУ-ын хоорондох Ил тод байдлын гэрээ нь хоёр орны бизнесийн харилцааг шинэ шатанд гаргана гэсэн хүлээлт байна.

Монголын ардчиллын найдвартай дэмжигч нь АНУ байсаар ирсэн. Тиймээс ч өнгөрсөн хавар айлчилсан Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Монголыг “Ази дахь ардчиллын баян бүрд” хэмээн нэрлэсэн. Дэлхийн номер нэг улстай хүн болгон л таатай, найрсаг харилцаатай байхыг хүсдэг. Монголын хувьд АНУ-тай харилцах харилцаа нь Монголын тусгаар тогтнол, ардчиллаа хамгаалах баталгаа болсоор ирсэн. Мэдээж Монголын мөнхийн хоёр хөршийн харилцаа эн тэргүүнд байх нь зүйн хэрэг. Дэлхийд тоогдож, даяаршлын нэг эд эс байя гэвэл бидэнд хөршөөс гадна сайн түншүүд хэрэгтэй. Тийм сайн түншийн нэг нь яах аргагүй АНУ, америкчууд билээ.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.