Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ?

Манай судалгааны “МЭК” компани нь парламентад хамгийн их суудалтай хоёр нам болох МАН, АН-аас 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжих хандлагатай байгаа улстөрчдийг иргэдээр нэрлүүллээ.  Санамсаргүй түүврийн аргаар хийсэн энэхүү судалгаанд 1000 хүнийг хамруулсан.

Эрх баригч намаас Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдыг нэр дэвших хамгийн боломжтой гэж иргэд үзэж байна. Түүний хувьд өнгөрсөн шат шатны сонгуульд намаа удирдаж ялалтад хөтөлсөн нь голлон нөлөөллөө. Улс төр судлаачид ч түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших хамгийн өндөр магадлалтай гэж үзэж буй юм. Түүнээс гадна УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарыг судалгаанд оролцсон хүмүүсийн 10-12 хувь нэр дэвшвэл дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна. Харин зургаан хувь нь МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших чансаатай, нэр цэвэр хүн байхгүй хэмээн дүгнэлээ.

Тэгвэл эрх баригчаас сөрөг хүчинд шилжсэн АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших хүний нэр олон нийтийн анхаарлыг маш ихээр татаж байна. Ялагдлын дараахь шинэчлэл, шинэ удирдлага, шинэ дүрэм  гээд олон зүйл болсон нь ийн анхаарлын төвд орсон юм. Тэгвэл АН-аас хэн нэр дэвшвэл зохих вэ. Санал асуулгад оролцсон иргэдийн 25-27 хувь нь АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвшихийг үнэлж мэдэхгүй байна гэсэн хариулт өгсөн байна. Харин найм орчим хувь нь АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших рейтингтэй нэг ч хүн байхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Харин үлдсэн хувьд нь иргэд өөр өөрсдийн дэмжих улс төрчдийг нэрлэсэн байлаа. Үүнээс манай “МЭК” судалгааны компани хамгийн өндөр санал авсан таван нэр дэвшигчийг танилцуулж байна. Эдгээрт Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Г.Батхүү, С.Эрдэнэ, Х.Баттулга нар багтаж байна. Тэгвэл эдгээр таван хүнийг тус тусад нь авч үзье.

Н.Алтанхуягийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарласан. Гэхдээ сүүлийн үед шуугиан болоод буй АТГ-аас түүнийг шалгаж эхэлсэн гэх үйл явдал нь хаашаа эргэхээс хамаарч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх нь тодорхой болно. Р.Амаржаргалын хувьд намаасаа харьцангуй бие даасан шинжтэй улс төрч гэж олон хүн ярьдаг. Түүний үг, үйлдэл ч үүнийг нь илтгэдэг. Энэ нь намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогдох магадлалыг бууруулж байгаа юм. Нэг ёсондоо намынхаа анхан шатны байгууллагаас дэмжлэг авах нь хязгаарлагдмал гэж хэлж болно.

Дараагийн хүн бол УИХ-ын гишүүн асан Г.Батхүү. Судалгаанд оролцсон хүмүүсээс түүний нэрийг олонтаа санал болгожээ. Учир нь сүүлийн үед оффшор данс, хууль бус мөнгө угаасан зэрэг сөрөг мэдээлэл маш ихээр гарсан, мөн төрөөс төрсөн тэрбумтнуудын тэрхүү мэдээлэл олон нийтэд ил болсноор улс төрчдөд итгэх итгэлийг үлэмж хэмжээгээр бууруулаад байгаа юм. Харин Г.Батхүүгийн хувьд хөрөнгө, мөнгөтэй холбоотой асуудал харьцангуй ил. Гэнэт баяжсан “но”-той хүний тоонд ордоггүй гэсэн үг. Түүний бизнесмэн байсан гэдгийг олон хүн мэднэ. Тэгэхээр оффшор болоод хууль бус мөнгөний асуудал түүний нэртэй огт холбогддоггүй. Судалгаанд оролцсон иргэд ч түүнийг ийн дүгнэж байна. Энэ бүхнээс харахад Г.Батхүүгийн хувьд байж болох хувилбар юм. Мөн тэрээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа сонгогдсон тойрогтоо болон нам дотроо нөлөөтэй улс төрч байсан гэдгийг нь энэхүү судалгаанаас харж болохоор байна. Түүнээс гадна Г.Батхүүгийн хувьд нам дотроо хүчтэй фракц болох МоАН-ыг байгуулсан нь намаасаа дэмжлэг авахад  голлон нөлөөлж болох юм.

Харин С.Эрдэнийн хувьд АН-ын даргын албан тушаалд сонгогдсон. Тэгэхээр АН-ын Их хурлаар шийдсэн дүрэм болох “АН-ын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй” гэдгийг дагах нь ойлгомжтой. Тэгэхээр С.Эрдэнийн хувьд хэдийгээр АН-аас иргэдийн дэмжлэгийг авсан таван улс төрчийн нэг болсон ч АН-ын даргаар сонгогдсон учир Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэсэн үг. Иргэдээс дэмжлэг авсан дараагийн улс төрч бол Х.Баттулга. Түүний хувьд өөрийн гэсэн байнгын дэмжигчидтэй нэгэн. Гэсэн ч төмөр замын асуудалтай холбоотойгоор мөн л хууль хяналтын байгууллагатай нэр холбогдоод байгаа. Энэ асуудал аль тийш эргэхээс хамаарна гэсэн үг.

Эх сурвалж: “МЭК” компаний судалгааны баг

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.