АН, ардын хүүхэд хоёрт багтах зай алга

“Ардын хүүхэд түрүүлж болдоггүй яачихсан наадам бэ” гэх үг сонсогч танд тун чиг танил сонсогдож байна уу. Тийм ээ, энэ бол “Гарьд магнай” киноны ард олны ярианы нэгээхэн хэсэг. Богдын эрх хатны бөхчүүдийг дараалан давсан Далайцэрэн үнэнчээр барилдсаныхаа төлөө Халхын хавтгайд багтах зайгүй болдог тэр дүр зураг өнөө цагт өнгөө хувиргасан ч амь бөхтэй байж л байна.

Хамгийн сүүлийн жишээ нийслэлийн Баянзүрх дүүрэгт өрнөв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өчигдөр (2017.03.02) захирамж гаргаж, нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар Энхтайваны Бат-Амгаланг батламжиллаа. Орон нутгийн сонгуулиас хойш дөрвөн сар гаруйн хугацаанд даргыг нь батламжлалгүй хүлээгдсэн нэгэн дүүрэг засаг ноёноо батламжлуулж, төрийн ажил алба урагшлах болсон нь сайн мэдээ. Гэвч иргэдийн сонголтыг уландаа гишгэж, намын далайлтаар бүхнийг шийдэж буйн сонгодог жишээ Баянзүрх дүүрэгт гарлаа. Тус дүүргийн ИТХ хоёр ч удаа хуралдаж, 56 хувийн дэмждэгтэйгээр хуучин Засаг дарга Д.Пүрэвдавааг Засаг даргад нэр дэвшүүлэн, нийслэлийн Засаг даргаар батламжлуулахаар албан бичиг илгээсэн. Хариу өгөлгүй улирал илүү хүлээлгэсний учир одоо л тайлагдаж байна. Д.Пүрэвдаваа Ардчилсан намын гишүүн гэдэгт л хамаг учир байжээ.

Харин өчигдөр батламжаа гардан Засаг ноёны суудалд заларсан Э.Бат-Амгалан бол МАН-ын үнэнч гишүүн. Дүүргийнхээ МАН-ын хорооны дарга, НИТХ-ын 15 дугаар тойрогт нэр дэвшиж, ялалт байгуулан НИТХ-ын гишүүн болсон нэгэн юм. Тэрхүү давхар давхар сэтэр “Германд төгсөгч” тодотголтой залуу хархүүд чамлалттай санагдсан уу, ямартай ч хууль ёсны дагуу нэр дэвшүүлсэн Д.Пүрэвдавааг мөргөж орхилоо.

Нийслэлийн есөн дүүргээс ганцаараа Засаг даргагүй үлдчихээд байсан Баянзүрхийн эзгүйрлийн тухайд нийслэлээс “Дүүргийн Засаг даргыг томилохдоо тухайн дүүргийн ИТХ нэр дэвшүүлж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай зөвшилцдөг. Засаг даргыг батламжлахын өмнө Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг шалгуулж, ашиг сонирхлын зөрчилтэй, эсэхийг тодруулдаг журамтай” гэсэн тайлбар өгчээ. Харин дүүргийн ИТХ-ын урьд өмнөх шийдвэрийг яагаад өөрчилж, нэр дэвшүүлснээс өөр хүнд Засаг ноёны тамга атгуулсан талаараа тайлбарласангүй.

Өнгөрсөн 2016 оны аравдугаар сарын 19-ний өдөр улс даяар болсон орон нутгийн сонгуульд нийслэлийн дүүргүүдээс ганцхан Баянзүрх, аймгуудаас ганцхан Сүхбаатарт Ардчилсан нам олонх болсон. Сонгогчдын итгэл үзүүлсэн эдгээр газруудад өнгөрсөн дөрвөн жилд бүтээн байгуулалт өрнөж, хүний төлөө гэсэн сэтгэлээр зүтгэснийх нь шагнал байсан гэж болно. Гэтэл сонгогчдын тэрхүү итгэл хөсөр хаягдаж, нам төвтэй шийдвэрийн золиос болон хоцорлоо. Дүүргийн дарга ч тэр, хотын мэр ч тэр нэр дэвшихдээ “Та хэнийг сонгохоос үл хамааран бид өөрсдийнхөөрөө шийднэ” гэж амлаагүй санагдана. “Буян амлаж, бурхан бүтээж гарч ирчихээд эцэст нь ингэх ичмээр биш байна уу”. Энэ асуултын хариуг шат шатны Засаг ноёдоос дахин нэг асууя.

Иргэдийнхээ сонголтыг үл хүндэтгэх юм бол сонгууль нэртэй жүжиг тоглож, татвар төлөгч бидний өдий төдий тэрбум төгрөгийг сонгуулийн хуудас, хуруу гарын будаг болгох хэрэг байсан уу. Өчигдөр амласнаа өнөөдөр мартдаг ой санамжаа алдсан засаг ноёдын замбараагүй үйлдэл хэдий болтол үргэлжлэх бол. Өнөөдрийг хүртэл шийдээгүй Сүхбаатар аймгийн асуудал ч бас нэг баярын дүйвээнээр гэнэт цэгцрэх нь бололтой. Ардчилсан намын гишүүн, ардын хүүхэд хоёрт багтах зайгүй гэдгийг ил тод зарлачихвал илүү амар юм биш үү.

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. Ардын нам энэ заваан ажилаа зогсоогоч Завхан Аймагт нэг эмэгтэй өөриигөө шатаасан гээд байсан та нар өөрсөнөө тиим мундаг ажилж байгаа юмуу дараа сонгуулд өөриин гарын хүнээ таваж лувраа хиих ажилаа л хиих гэж байгаа биз адлхан ардын хүүхдүүд шүү дээ болооч

Leave a Reply

Your email address will not be published.