Ц.Оюунгэрэл: Шинэ дарга намаа удирдаж чадахгүй байна

Ардчилсан намд өрнөж байгаа дотоод сонгуультай холбоотой асуудлаар тус намын гишүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.


-Ирэх дөрөвдүгээр сарын 2-нд товлогдсон Дотоод сонгуулийн санал хураалтыг хойшлуулах хүсэлтийг намын шинэ дарга С.Эрдэнэд та бүхэн тавьж байна. Улсын Дээд Шүүх/УДШ/-д бүртгүүлээгүй дүрмээр татвар, хураамж тогтоосон нь дүрмийг зөрчлөө гэх. Уг нь танай нам өнгөрсөн саруудад Их хурлаа хийхдээ дүрмүүдээ баталсан биш бил үү?

Нам дотроо дүрэм гаргасан ч Улс төрийн намын тухай хуулинд захирагддаг. Тэр нь улс төрийн нам дүрмээ Улсын дээд шүүх /УДШ/-д бүртгүүлснээр үйлчлэл нь эхлэх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл Ардчилсан намын шинэ дүрмийг УДШ-д бүртгүүлээгүй байгаа. Ийм байхад Үндэсний бодлогын хороо байгуулагдах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, байгуулагдаагүй байгууллагын хэрэгжиж эхлээгүй байгаа эрх мэдлийг Дотоод сонгуулийн хороо гэдэг байгууллага урьдчилж хэрэгжүүлэн, эрх мэдлээ хэтрүүлж, тоо тогтоосон нь хууль зөрчиж байгаа хэрэг л дээ.

-Дүрмийг УДШ бүртгэж аваагүй байгаа тохиолдолд Дотоод сонгуулийн хороо яаж ажиллана гэж?

-Дотоод сонгуулийн хороо сонгуулиа яаж зохион байгуулах ёстой бэ гэхээр өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуучин дүрмээрээ татвар, дэнчинг тогтоох ёстой байсан. Баталгаажсан, гарын үсэг зурсан, дүрэмд заасан цорын ганц тоо бол тэр. Өөр ямарваа нэг тоог тогтоолоор баталгаажуулсан тоо намд байхгүй.

Хуучин дүрмээр хамгийн өндөр босго нь 1 сая төгрөг байсан. Тэр нь Үндэсний зөвлөлдөх хороонд өрсөлдөхөд төлдөг татвар юм. Аймгийн Ардчилсан намын хороонд өрсөлдөх бол 60 мянган төгрөг төлнө.

Гэтэл өнөөдөр Үндэсний бодлогын хороонд өрсөлдөх бол хураамж нь 3 сая, дэнчин нь мөн 3 сая төгрөг гэж байна. Аймгийн Ардчилсан намын хороонд өрсөлдөхөд 750 мянган төгрөг төлөх болж байгаа.

Хураамж, дэнчингийн хэмжээ ямар үндэслэлээр олон дахин өсчихөв, хэн тогтоол шийдвэр гаргачихав, хэзээ эрх бүхий байгууллага нь хуралдаж, шийдвэр гаргачихсан юм бэ гээд асуухаар Дотоод сонгуулийн хороо хууль бусаар эрх мэдлээ хэтрүүлээд, энэ тоог тогтоочихжээ гэдэг нь гараад ирж байгаа юм л даа.

Ийм учраас бүх зүйлийг дүрэмд нийцүүлээч ээ гэдэг шаардлагыг намын дарга С.Эрдэнэд тавилаа. Энийг дүрэмд эргэж нийцүүлэхэд хугацаа хэрэгтэй учраас дотоод сонгуулийн санал хураалтыг хойшлуулж өгөх шаардлага тавьсан.

-Шаардлагыг намын даргад тавьдаг юм байж, шинэ дүрмийг УДШ бүртгээгүй байгаа нөхцөлд одоо гишүүдээс мөнгө хурааж, бүртгээд байгаа нь хэр зөв юм бол. Эрх зүйн чадамжтай юу?

-Тийм ээ, төвөгтэй асуудал үүссэн нь энэ. Гэтэл шинэ дүрэм маань үйлчилж эхлээгүй, хүлээж байгаа нөхцөлд манай намын зөрчилтэй нийлэхээр гишүүдийг маш их эргэлзээнд оруулж байгаа. Энэ дэнчинг төлөх ёстой юу, дотоод сонгуульд оролцох ёстой юу. Оролцсон нөхцөлд сонгууль хүчинтэй юу, гарсан маргааныг шийдэх байгууллага байгаа юм уу. Тэр байгууллага дүрмийн үйлчлэлийнхээ дагуу ажлаа эхэлсэн юм уу гээд явахлаар бүх асуудал нь эргэлзээтэй “Үгүй” гэсэн хариулт гарч байгаа. Ийм учраас энэ удаагийн сонгуулийг УДШ-д бүртгүүлээгүй байгаа, хэрэгжиж эхлээгүй дүрмийн үйлчлэлээр дотоод сонгуулийг зохион байгуулах нь Ардчилсан намд хохиролтой юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд гишүүд нь өөрсдөө эсэргүүцэж байгаа юм.

-Тэгвэл гомдлыг та бүхэн хэнд тавих вэ?

-Дотоод сонгуулийн хороо эрх мэдлээ хэтрүүлж байгаа асуудлыг бид Хяналтын хороонд өгнө.

-Татвар, дэнчингийн хэмжээг хэт өндөр тогтоосон нь гишүүд мөнгөтэй хүний халаасанд орох эрсдэлтэй болж байна гэдэг шүүмжлэлийг гишүүд тавьж эхлэнгүүт Ардчилсан намаас мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлд “Ардчилсан нам татвараа 17 жилийн турш нэмээгүй, үүнээс болж, нам хэдхэн мөнгөтэй хүн, компанийн гарт орсон” гэсэн утгатай юм бичсэн байсан. Тэгэхээр нэг талдаа татвар, дэнчинг нэмсэн нь зөв ч юм шиг?

-Намаас гаргасан мэдэгдлийг харсан. Намын дарга гүйцэтгэх зөвлөлөө хуралдуулж байж мэдэгдэл гаргах ёстой. Улс төрийн мэдэгдэл бол хамт олны хүчээр гарах ёстой.

Гэтэл Гүйцэтгэх зөвлөл хуралдаагүй, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдэд хурлын зар өгөөгүй байгаа. Тэгэхээр тэр мэдэгдэл нэг юм уу, хоёр хүний ганцаарчилж хийсэн мэдэгдэл гэж үзэхэд хүргэсэн.

Нөгөө талдаа шинэ дүрмээр Ардчилсан намын ерөнхий зөвлөл хуралдаад шийдвэр гаргав уу гээд хөөхөөр бас хуралдаагүй байгаа.

Намыг өмнө нь намын бүх гишүүд санхүүжүүлсээр ирсэн. Гишүүд татвараа төлсөөр ирсэн. Гэхдээ өнөөдрийнх шиг төв намын дансанд хураадаггүй, үүрүүдэд хураадаг байсан.

Одоо тэгтэл зөвхөн Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны гарын үсэг зурдаг дансанд л татвараа хийхгүй бол бүртгэхгүй гэдэг хатуу шаардлага тавьж байгаа нь орон нутгийн гишүүдэд маш их садаа учруулж байна шүү дээ. Ингэснээр орон нутгийн гишүүд намаа санхүүжүүлэх боломжгүй болсон.

Хоёрдахь асуудал бол хуучин бүх гишүүд төлж дийлэхүйц татвартай байсан. Хамгийн өндөр татвар 1 сая төгрөг байсан. Түүнээс доош 60 мянга, 15 мянга, 1200 төгрөгийн татвартай. Ийм учраас гишүүн бүр уухайлаад татвараа төлдөг .

Өнөөдөр харин хүн дийлэхийн аргагүй татвар тогтоолоо. Хэн 90 сая төгрөг төлж, нийслэлийн намын даргад өрсөлдөх юм бэ. Хүн дийлэхийн аргагүй татвар тавина гэдэг ёстой цөөхөн хүний гарт намыг оруулна.

Төлбөрөө төлж дийлэхгүй хүмүүс “Чи миний татварыг төлчихөөч дээ” гээд хий бичилт орж ирнэ. Хий бичилт нэмэгдэхээр харин ч цөөн хүн татвараа төлнө. Тийм учраас татвар өндөр байх тусам төлөх хүний тоо цөөрнө гэсэн үг. Татвар багасах тусам харин ч Ардчилсан нам нийт гишүүдийн нам байна. Логик утгаараа бол тэр мэдэгдэл логикгүй, харин бидний тавьж байгаа шаардлага бол логиктой. Яагаад гэвэл намаа бүх гишүүдэд нь буцааж өгөөч ээ гэдэг л шаардлага тавьж байгаа.

-Уг нь их хурлаа хийх үеэр намын дүрмийг баталсан. Тэр үед дүрэмд Үндэсний бодлогын хороонд өрсөлдөх бол дэнчин нь 3 сая, хураамж нь 3 сая гэж тодорхой заагаагүй байсан юм уу?

-Намын их хурлаар дүрэм л баталсан. Тэр дүрмэнд юу гэж заасан бэ гэхээр Үндэсний бодлогын хороо л тогтооно гэж. Аливаа журам, дүрмийг Үндэсний бодлогын хороо л гаргана, аливаа татварыг Үндэсний бодлогын хороо л тогтооно. Тогтоосон журмын дагуу бусад гүйцэтгэх байгууллага тогтоосон журмын дагуу татвараа авна, тогтоосон журмын дагуу зохион байгуулалтын ажлаа хийнэ.

Үндэсний бодлогын хорооны урдуур орж журам гаргаж, урдуур нь орж татвар тогтоож болохгүй гэдгийг хатуу заагаад өгсөн. Гэтэл өнөөдрийн байдлаар юу болж байна вэ гэхээр ажил зохион байгуулаад явж байх ёстой гүйцэтгэх үүрэгтэй байгууллага нь журам гаргадаг хууль тогтоогч, татвар тогтоодог хууль тогтоогч, төсөв бүрдүүлэгч болсон.

Өөрийн гэсэн дансандаа төсвөө бүрдүүлээд, өөрөө зарцуулагч, өөрөө хянагч болсон. Хэнийг нэр дэвшүүлэх вэ, хэнийг ялуулах вэ гэдгийг өөрөө мэддэг байгууллага болсон. Өөрөөр хэлбэл, эрх мэдлийн хуваарилалт, ардчиллын зарим гэдэг юм алдагдаад эрх мэдэл буруу газарт буруу газар төвлөрчихлөө. Энийг л бид эсэргүүцээд байгаа юм.

-Үндэсний бодлогын хороо нь бүрдээгүй, гишүүд сонгогдоогүй байхад татвар, дэнчинг дур мэдэн тогтоолоо гэж дүгнэлээ. Тэгвэл дэнчин, татварын хэмжээ өндөр байгааг хаана эхэлж ярилцаж шийдэх ёстой байсан юм бэ?

-Үндэсний бодлогын хорооны гишүүд нь сонгогдоогүй байхад татвар нэмэх шаардлага байсан юм бол хуучин Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/-гоо хуралдуулж хэлэлцэх ёстой л доо. Зарчмаараа бол. Татварыг 6 дахин нэмж байна гэдэг аюултай тоо ч бид ҮЗХ хуралдсан нөхцөлд маргалдаж байгаад хүн төлөх хэмжээнд буруулж болох байсан.

Одоо тэгтэл маргалдах, заргалдах газар байхгүй. Яагаад гэвэл хууль бус дүрмийн байгууллага хэлэлцэх ёсгүй асуудлыг хэлэлцээд баталсан учраас дүрэм журам алдагдчихаад байгаа.

Их хурлаар баталсан дүрэмд засвар оруулсан, тэр хувилбараа УДШ-рүү явуулсан. Гэвч өөрчилсөн хувилбарыг одоо хэр нь гишүүд олж хараагүй гэх. Дүрэмд оруулсан шинэчлэлээр намаа сонгуульд ялагдуулсан эрх мэдэлтнүүд энэ удаагийн дотоод сонгуульд өрсөлдөх эрхгүй байсан ч өөрчлөлтөөр өрсөлдөх боломж нь нээлттэй болж.

-Намын дүрэмд толгой мэдэн өөрчлөлт оруулсан гишүүдэд хариуцлага ярих боломжтой юу?

-Намын дүрмийн хариуцлагатай редакцын комисс гэж байгаа. Их хурлаар гар өргөж баталсан дүрмийг хамгаалах үүрэг тэдэнд бий. Комисс улс төрийн фронтод гарч ирэх ёстой.

Намын шинэ дүрэмд энэ өгүүлбэр орсон, ороогүй гэдэг байр суурийг илэрхийлэх ёстой юм. Гэтэл редакц нам жим, их хурлаа удирдаж явуулсан хурлын тэргүүлэгчид нь нам жим чимээгүй байгаа.

Намын дүрэм нь яаж өөрчлөгдсөнийг хэн ч мэдэхгүй харанхуй байхаар ийм их эргэлзээнд оруулж, хардалт гарч байгаа. Энэ хардалтыг алга болгохын тулд намын дүрэм боловсруулах ажлын хэсгийнхэн, намын их хурлын редакцын комиссынхон, намын дүрэм журмыг УДШ-д хүлээлгэж өгөх үүрэг бүхий намын ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтнүүд хамтдаа суугаад энэ дүрмэндээ эргэлзээгүй болох хэрэгтэй. УДШ-д намын дүрмийг бүртгүүлэх үйл ажиллагааг ил тод хийх хэрэгтэй.

Одоог болтол УДШ-д ямар дүрмийн төслийг явуулсан бэ гэдэг загвар Ардчилсан намын вэб сайтад тавигдаагүй байна шүү дээ. Их хурлаар батлагдсан намын дүрэм энэ, УДШ-д явуулсан хувилбар нь энэ гэдэг мэдээлэл гишүүдэд алга. Намын гишүүд дүрмээ олж авахын тулд мэргэжлийн тагнуулын үйл ажиллагаа явуулах шахуу юм болж байна. Тийм байж болохгүй.

Намын шинэчлэлийн мөрийн хөтөлбөрийн эхний заалтад Ардчилсан намыг нээлттэй болгоно гэж байгаа. Нээлттэй болгох зүйл нь дүрэм. Гэтэл дүрмээ хаалттай байлгахаар хэн нэг хүнд л ашигтай хувилбарыг гаргаж ирэх зүйл рүү оруулж байна.

-Ирэх дөрөвдүгээр сарын 2-нд дотоод сонгуулийн санал хураалт товлогдсон. Та бүхний шаардлагыг хүлээж авахгүйгээр сонгууль товлогдсон өдрөө болбол яах вэ?

Эсэргүүцлийн дараагийн хэлбэр бол оролцохгүй байх. Бид бол оролцох гэж үзэж байна. Шударга бусаар эрх мэдлээ хэтрүүлсэн байдлаар явбал хэн өөрийнхөө мөнгийг төлөх юм бэ.

Ард түмэнд нэг л эрх мэдэл байдаг. Саналаа өгөх, оролцох, татвараа төлөх гэдэг эрх мэдэл бий. Төлөх эсэхээ өөрсдөө шийдэж байгаа энэ үед төлөхгүй л гэж хэлнэ.

Жишээлбэл, би шударгаар олсон мөнгөө шударга бус зүйлд өгөхгүй. Эрх мэдлээ хэтрүүлж тогтоосон шинэ дансанд татвар төвлөрүүлэх гэж байгаа оролдлогыг үл тэвчинэ.

-Ардчилсан намд үүссэн энэ нөхцөл байдал нь намыг удирдаж чадахгүйгээс болоод байна уу. Дотоод сонгуулийг зохион байгуулах хороо нь мөнгөтэй хүмүүстээ худалдагдчихаад байна уу. Хариуцлагагүй байдлыг засах гэж Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд дүрмээ шинэчилж, шат, шатны сонгуулийг зарласан биз дээ?

Намын шинэ удирдлага чадамжгүй байна. Намаа зөв аваад явчих, дүрмийн дагуу аваад явчих, эв нэгдэлтэй аваад явчих тийм хэмжээний чадавхи харагдахгүй байна, одоогоор. Энэ бол чадамжийн л асуудал.

Удирдах чадвар гэдэг ширүүн дуугарснаар бий болдог зүйл биш. Илүү атаман байснаар удирдагч болдог юм биш. Удирдагч хүн бол дүрмийн дагуу шударгаар ажиллаж, эвтэй нэгдэлтэй ажиллуулах чадамжийг л хэлдэг.

Шударга байх тусмаа ажил илүү хурдан явдаг. Шударга бус болоод ирэхээр ажил гацдаг. Намын удирдлага шударга биш байна, тэрнээс болж ажил гацаж байна.

-Татвар нэмэгдсэнээр эмэгтэйчүүд улс төрийн хүрээнд үйл ажиллагаа явуулахад, УИХ-д орж ирэхэд асуудалтай болоод ирлээ. Цаашдаа яах вэ?

-Эмэгтэйчүүдийн хувьд маш их асуудалтай болсон. Эмэгтэйчүүдийг оруулъя гэж нэг талдаа хэлчихээд нөгөө талдаа 6 сая төгрөг төл гээд татварыг нь 6 дахин нэмэгдүүлчихээр урьд нь 1 сая төгрөг дээр орж ирэх гэж их тэмцдэг байсан гишүүдэд маань улам ч түвэгтэй байдал үүсэж байгаа. Бид энэ асуудлыг ярьж байна.

-П.Цагаан мэдэгдэл гаргасан байна. Дотоод сонгуульд ялагдсан нь дэнчингээ буцааж авъя гэж. Гишүүд энэ саналыг хэр дэмжиж байгаа бол?

-Зарчмын хувьд тийм л байсан. ҮЗХ-гоор баталсан байсан журмаар гишүүд дотоод сонгуульд өрсөлдөхдөө дэнчингээ төлдөг, ялбал татвар нь үлддэг, ялагдсан бол буцааж авч болдог. Тэрийг л үргэлжлүүлэхийг шаардаж байгаа. Зарчмын хувьд зөв.

Яг үнэндээ одооны журмаар бол татвар, хураамжийг дээрмээр шахуу тогтоолоо шүү дээ. Ялагдсан хүн нь хэзээ ч мөнгөө буцаан авах боломжгүй. Тийм учраас намын гишүүд дансаа шилэн болго гэж бид шаардаж байгаа юм.

Яагаад гэвэл тэр их дэнчин, хураамжаар цугларсан мөнгөө юунд зарцуулах гэж байна, юунд зарцуулсан бэ гэдэг гишүүдийн хяналтад байх ёстой.

-Үндэсний бодлогын хороо 389 гишүүнтэй байхаар дүрмээ баталсан. Нийтдээ 700 шахам хүн бүртгүүлэх нь гэсэн мэдээллийг цацсан. Таны яриагаар бол дэнчин, хураамж өндөр байгаа, дээр нь дүрэм зөрчиж, татварыг тогтоосон учраас бүртгүүлэх хүн ховор юм шиг. Гэтэл байдал өөр байх шиг?

-Тэр мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан. Нягталж үзэхэд, тухайн өдөр 45 хүн л бүртгүүлсэн байсан. Тийм байхад яагаад 700 орчим хүн бүртгүүлэх нь гэсэн мэдээлэл цацагдсаныг ойлгоогүй.

Г.ДАРЬ

Холбоотой мэдээ

(3) Сэтгэгдэл

  1. Chi chadlaa yu uvgun gadaadtai suusan yanhaan avgai

  2. намаа дотроосоо бужигнуулахгүй байвал сайн байна дарга чинь өөриихөөрөө ажилаад үзвэл яасн юм бэ басал нэг асуудал гаргаж ирээд зөрчөл шүү дээ иим чөрчөлөөс болоод дотроо бужгнаатай юм шиг харгдаад байх юм энэ зөрчилииг гадна тотныха танай намии г дотроо зөрчилтөй юм шиг харгдаад байх юм

  3. Оюунгэрэл дандаа л гон гон гээд байх юм.Одоо наадуулаа жаахан ажиллуулаачээ .Өөрөө тушаал авч чадахгүй болсон үедээ эргэж ноцоод байдаг онцгүй занг болимоордоо.Фракцаа л санагалзаад байнаа даа янз нь.

Leave a Reply

Your email address will not be published.