АН-ын үндэсний бодлогын хороо эрхзүйн чадамжгүй байгууллага болох вий

Ардчилсан намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 565 хүнд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь өчигдөр гардуулан өгөв. Үндэсний бодлогын хорооны 380 суудлын төлөө 511 хүн нэр дэвшигч, Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад 54 хүн өрсөлдөх аж. Харин Нийслэлийн Ардчилсан намын даргад УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга нар өрсөлдөнө. Тус намын Үндэсний Бодлогын хороонд УИХ-ын гишүүн асан Ц.Гарамгайбаатар, Н.Батбаяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Д.Зоригт, Х.Баттулга, Д.Ганбат, БНН-ын дарга асан Б.Жаргалсайхан нар нэр дэвшихээр бүртгүүлжээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Их аварга Д.Дагвадорж, Д.Кекүшюзан Батбаяр нарын олны танил эрхмүүд ч байгаа юм.
Гэвч тус намын зарим гишүүн Улсын дээд шүүх Ардчилсан намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэж аваагүйтэй холбогдуулж Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хороог яаралтай хуралдуулах шаардлагатай хэмээн үзэж, удирдлагадаа шаардлага хүргүүлээд байгаа.
Шаардлагад “Дээд шүүхийн шийдвэртэй холбоотойгоор Ардчилсан намын бүтцийн байгууллагуудыг шинээр бүрдүүлэн зохион байгуулахаар явуулсан Дотоод сонгуулийн хорооны үйл ажиллагаа дүрмийн бус бөгөөд цаашлаад Ардчилсан намын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох үйл явц эрх зүйн болон улс төрийн эрсдэлд орохоор байна. Иймд Дээд шүүхэд бүртгэлтэй, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрмийн дагуу байгуулагдсан Гүйцэтгэх зөвлөл болон Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг үндсэн дүрмийн 6.1.1.1-д заасны дагуу нэн даруй зарлан хуралдуулах. Дотоод сонгуулийн хороо дүрмийн бус байгууллага болсон тул түүний гаргасан шийдвэрүүд болон цаашдын үйл ажиллагааг нэн даруй түдгэлзүүлэн зогсоо” гэх зэргээр тусгаад байгаа юм.
Гэтэл өнгөрсөн баасан гарагт АН-ын дарга С.Эрдэнэ Ардчилсан намын дотоод сонгууль болон өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл дуусгавар болсон зэрэгтэй холбоотойгоор мэдээлэл хийх үеэр “Ардчилсан нам гэдэг ганцхан нам бий. Хуучин Үндэсний зөвлөлдөх хороо тарсан. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулах боломжгүй” хэмээж байсан.
Тэгэхээр Дээд шүүх шийдвэрээ 10 хоногт багтаан гардуулах хуультай учраас энэ сарын 29-ний өдөр гэхэд АН-ынханд өгчихсөн байх ёстой. Гэтэл Улсын дээд шүүхээс тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэн хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзчихаад байхад С.Эрдэнэ дарга эцсийн хариулт нь чухам юунаас болж буцсан эсэхийг ч нягтлалгүйгээр дотоод сонгууль явуулах үйл явцаа үргэлжлүүлэхээр болчихоод байгаа юм.
Хэрвээ ийнхүү үргэлжлүүлсээр байвал одоогийн Үндэсний бодлогын хороо нь Дээд шүүхийн шийвэрийн дагуу эрхзүйн чадамжгүй гэсэн үг. Дээд шүүхэд бүртгүүлээгүй, дүрмээр дотоод сонгуулиа явуулж, цаашлаад үйл ажиллагаагаа жигдүүрлбэл Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ардчилсан намын дотоод асуудал нэлээд хүндхэн байдалд л шилжих болов уу. Тодруулбал эрхзүйн чадамжгүй Үндэсний бодлогын хорооны шийдвэр хэнд нөлөөлөх бол гэдэг асуудал урган гарах биз.

Эх сурвалж:

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. Uvul zungui mongol dayar tsartsaa nuugeed l turiin songuuli namiiin dargiin songuuli namiin dotood songuuliudiig buzarlaj bainadoo…

Leave a Reply

Your email address will not be published.