Батлан хамгаалах салбарын багц хуулийн талаар танилцуулав

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр (2017.03.17) Баянзүрх дүүргийн батлан хамгаалах салбарын ахмадуудыг Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд хүлээн авч уулзав. Уулзалтад Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Ч.Гандирваа болон тус хэлтсийн эрх зүйн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Г.Энхболд нар оролцож Монгол Улсын Батлан хамгаалах салбарын багц хуулийн талаар танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан уулзалтын эхэнд, ”Гуравдугаар сарын 18-ны өдрийг бид Цэргийн баяр гэж тэмдэглэдэг. Баяр бол тухайн салбарын хүмүүсийн хийж бүтээснийг үнэлж, дүгнэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эрхийг нь хамгаалах өдөр байдаг” гээд, энэ жил батлан хамгаалах салбарын багц таван хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан хуулиудын талаар та бүхэнд танилцуулж, санал бодлоо хуваалцахаар уулзаж байна” гэлээ.

Дараа нь Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Ч.Гандирваа батлан хамгаалах салбарын ахмадуудад мэндчилгээ дэвшүүлээд, Батлан хамгаалахын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл дээр БХЯ, Зэвсэгт хүчний жанжин штаб, харьяа сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж байгааг мэдээлэв.

Батлан хамгаалахын багц хуулийн талаар БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Эрх зүйн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Г.Энхболд танилцуулж хуульд орсон өөрчлөлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Уулзалтын төгсгөлд ахмадууд Батлан хамгаалахын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд оруулах саналаа илэрхийлж, сэтгэгдлээ хуваалцав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.