Ц.ЭЛБЭГДОРЖ: ИРАНД МОНГОЛЧУУДЫН МӨР ИХ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн монгол судлалын төлөө хийж буй ажил цаашид ч үргэлжилнэ-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэн, ОХУ-ын Эрмитаж музей хамтран эрхлэн гаргасан “Эрмитаж дахь Ноён уулын эрдэнэс”, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин, түүхч О.Нямдаваагийн судалж, эмхэтгэсэн “Иран дахь монгол өв соёл” номын нээлтийн ёслол өнөөдөр /2017.07.04/ боллоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны тавдугаар сард ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ Санкт-Петербург хот дахь “Эрмитаж” музейд зочилж, тус улсын Ерөнхийлөгч Д.А.Медведевтэй эл музейд хадгалагдаж буй Монголын түүх, соёлын дурсгалт зүйлсийг харуулсан дурсгалуудыг судлан шинжлэхээр тохиролцсон байна. Ингэхдээ 1923-1926 онд Монгол Улсад ажилласан П.К.Козловын хээрийн шинжилгээний ангийн илрүүлсэн Ноён уулын дурсгалуудыг судлан шинжлэх, тусгайлсан зургийн цомог гаргахаар тохиролцсон нь ажил хэрэг болжээ.

Уг каталогид Ноён уулаас олдсон 2900 гаруй олдворыг багтаасан байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны есдүгээр сард Исламын бүгд найрамдах Иран улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг зуржээ. Уг санамж бичгийн хүрээнд “Иран дахь монгол өв соёл” нэртэй Ил хаант улсын зоос, уран барилга, шашны талаар хэрэгжүүлсэн бодлого, исламын ертөнцөд үзүүлсэн монгол хаадын нөлөө, үлдээсэн өв соёлын тухай өгүүлсэн бүтээл хэвлэгдсэн аж.

Эдгээр бүтээлийг шинжлэн судлахад эрдэмтэн судлаачид ажилласан бол эрхлэн гаргахад нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар дэмжлэг үзүүлжээ.

Монгол Улсын түүх, археологийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулах энэхүү бүтээлүүдийн судалгаа цаашид ч үргэлжлэх ёстой гэдгийг судлаачид онцолж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монгол судлалыг хөгжүүлэхэд эрдэмтэн судлаачидтайгаа цаашид ч хамтарч ажиллан, дэмжих болно гэдгээ хэллээ.

Энэ тухай тэрбээр “Археологийн энэхүү чухал бүтээлүүдийн араас олон бүтээл бэлтгэгдэж байгаа. Зарим нэг чухал зүйлийнх нь талаар хөөцөлдөж, эх загварыг нь олж авахаар ажиллаж байна.

Ираны хувьд эхлэл. Анхны бүтээлээ гаргасныг дэмжиж байгаа. Цааш улам өргөжүүлж, нарийн судлах шаардлага байгаа. Монголын түүхээ бүрнээр нь харъя,  Ил хаант улсын үед үлдээсэн зүйлийг бүрнээр нь харъя гэвэл бичиг дурсгалыг нь судлахгүйгээр боломжгүй юм байна гэж энд манай эрдэмтэн дүгнэлт хийсэн. Болж өгвөл монголын түүх, монголчуудын хөл хүрсэн газар очъё гэвэл Иранд заавал очих ёстой. Хотуудад нь очоод харж байхад монголчуудын ул мөр маш өргөн байдаг.

Монголчуудын нутаглаж байсан газраар очиход манай төв азийн өндөрлөгт байгаа газар шиг уул, ус бэлчээр нь танил. Хүмүүс нь элгэмсүү. Монголчуудыг гэсэн сэтгэл байдаг. Иранд сурч байсан монгол оюутан “Монгол Улсын Ерөнхийлөгч ирэхээс нэг жилийн өмнө, Монгол Улсын Ерөнхийлөгч ирснээс хойш гурван жилийн дараа гэж он тоолол маягаар ярьдаг гэж” хэлж байсан.

Өлзийт хааны бунхныг очиж үзэхээр жижиг хотод нь айлчилхад монголчуудыг хүсэн хүлээсэн, хамтарч ажиллах сонирхолтой нь харагдаж байсан.

Ерөнхийлөгчийн ажил маань отголж байгаа үед бүтээлийн нээлт таарлаа. Их Монгол санг байгуулсан, Монголтой холбоотой түүх соёлд дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана. Эрдэмтэд судлаачдаа дэмжиж ажиллана. Дахин дахин хамтарч ажиллах сайхан боломж нээлттэй” хэмээсэн юм.

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. ил хаант улсын түүхийг судлахад бүх зүйл бий. хэлийг сургахад төр анхаарах хэрэгтэй.казак биш монгол хүүхдүүдийг явуулах хэрэгтэй

Leave a Reply

Your email address will not be published.