МОНГОЛЫН СИНДРОМ

Монголын улс төр, нийгмийн амьдрал яг кино, кино. Юун солонгос сериал. Солонгос сериалуудын жүжигчдийн дэргэд манай улстөрчид бол “агуу” аж. Дуулна, бүжиглэнэ, уйлна, харвана, үсэрнэ, барилдана, хүчиндэнэ, мөрдөнө, мөшгинө. Киноны эхлэл, өрнөл, үргэлжлэл бол үнэн тас.

Л.Гүндалайгийн клипийг гэхэд л ганц өдрийн дотор 200 мянган хүн шейрлэсэн гээд бод доо. Одоо Л.Гүндалайгийн дуулахын дэргэд У.Хүрэлсүхийн дэглэсэн тагнуултай кино бол янзтай.

Монголын улстөрчдийн тоглодог “кино”-ны найруулга, дэглэлт, жүжиглэлттэй ярилтгүй. Өөрсдөө ч тоглоно, өрөөлийг ч тоглуулна. Харамсалтай нь, кино шиг амьдралтай улстөрчдийн хөлд эдийн засаг, иргэдийн амьдрал чирэгддэг нь худлаа биш. Уйдахын аргагүй Монголын ул стөрийн хохирогч нь урлагийнхан ч биш, улстөрчид бүр ч биш. Улс орны эдийн засаг хөгжил.

Эдийн засгийн өсөлт нь уруудаж, долларын ханш тэнгэрт гарахаар энэ бүхний дарамт иргэдийн халаасанд л хүндээр тусна. Гурван зүсэм талх авдаг байсан мөнгөөрөө нэг зүсмийг авдаг болно. Тиймээс л МАН-ын зодоонд Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх хоёрын хэн ялах эдийн засагт онцын ач холбогдолгүй. Харин ч хэрэгжиж эхэлж байсан бодлогууд нь зогсч, гадаад, дотоодын хэлэлцээрүүд хүлээлтийн байдалд шилжинэ. Монгол цаг алдах тусмаа мөнгөө алдана гэсэн үг.

Тиймээс МАН-ынхны горилогч, горьдогч, гомдогсдын хүлээж, хүсээд байгаа шиг засаглалын тогтворгүй байдал үүсгэвэл хямралтай эдийн засагт гал дээр тос нэмсэнтэй ялгаагүй болно.

Тэгээд ч хамгийн сайн засаг бол түүхий нүүрсээ өөрөө хүрзээр ухаж, түүнийгээ өөрөө зарахыг хэлдэггүй гэдэг. Хамгийн сайн засаг бол хамгийн их ажил хийх гэж оролддог гүйдэг засгийг хэлдэггүй гэдэг Хамгийн сайн засаг бол хувийн хэвшлийнхэндээ ажиллах боломжийг хамгийн сайн олгодог засгийг л хэлдэг.

Уг нь Монголын ардын нам өнгөрсөн УИХ-ын сонгуулиар төрийн хямралыг зогсоож, эдийн засгаа хямралаас гаргана гэсэн хаана байна. Иргэд үүнд л итгэж 65 суудал МАН-д олгосон. Энэ бүхний хариуцлагыг зөвхөн Мэргэжлийн засгаас биш манай 65 гишүүнтэй парламенттай ч тооцно.

Эцэст нь жилийн өмнөх сонгуулийн мөрийн хөтөлбөрийг бие, биенийхээ бузар булайг уудлан гаргаж байгаа МАН-ынханд сануулъя.

БИД ХАМТДАА

  • Иргэдээ ядуурлаас аварч
  • Эдийн засгаа хямралаас гаргаж
  • Эх орноо өрнөөс салгаж
  • Төрийн дампуурлыг засч
  • Тэгш журамт, баян хүчирхэг МОНГОЛОО ЦОГЦЛООЖ ЧАДНА гэсэн юу болов, МАН-ынхаан.

Ж.ЭРХЭС

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.