МАН-ЫН ТОГОО ХАГАРАВ
Түгээх

МАН-ын хонь, хурганууд чоно, ноход болцгоожээ. Мэргэжлийн засаг огцрох нь сараар бус цагаар тоологдож байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ын засаг унаж, Монголын улс төрд “Х.Баттулга ба У.Хүрэлсүх” гэх шинэ МАНАН татах нь цаг хугацааны асуудал байв.

Парламент дахь олонхийн бүлгийн нэр бүхий 29 гишүүн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурж, УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт өргөн барьснаар Ж.Эрдэнэбатын Засгийн хувь заяа цөөнхийн гарт орлоо. У.Хүрэлсүхийнхэн Д.Эрдэнэбаттай тохирч чадвал Мэргэжлийн засаг нурна. Ж.Эрдэнэбатынхан Д.Эрдэнэбаттай тохирч чадвал Мэргэжлийн засаг үлдэнэ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гөлөг ч гэж тоогдоогүй Ардчилсан намын есөн кноп эрх баригчдыг ингэж эрхшээнэ гэж хэн ч санах билээ.  С.Жавхлан, О.Баасанхүү хоёрын кноп ч багагүй үнэд орж байна. Суух овоог нь босговол шагшрах шаазгай нь олдож л таараа.

2016 оны сонгуулийн дараа Ерөнхий сайдын сэнтий горьдоод бүтээгүй У.Хүрэлсүх, УИХ-ын даргын суудлыг сэрүүнээрээ зүүдэлж явсан Ц.Нямдоржтой хамтарч, З.Энхболд, Х.Баттулгатай хавсайдан засгаа унагаахаар хөдөлж эхэлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболд “өвдөг шороодсон” нь МАН-ын гомдогсод, горилогчдод “өшөөгөө авах” бүр ч сайхан далим болсон биз. Уг нь М.Энхболд УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхий сайдаа хийсэн бол нэг нэр, хоёр хочтой үлдэхгүй байсан нь лав.

Гэвч, “Хоёр хар хэрээ бие биенийхээ харыг гайхав” болж, жаран тэрбумын асуудлаар Ардын намын “журамт цэргүүд” бие, биеэ чичлэн, “пий паа” болцгоож байна. “Намайг дэмжээгүй нь хужаа шүү” гэгчээр намынхнаа эв нэгдэлд уриалсан нь “жаран тэрбум”-тан, жаран тэрбумтнуудыг шүүмжилсэн нь халиарчуудын тоонд ороод байгаа МАН-ын тогоо хагарч, эвлэж наалдахаасаа нэгэнтээ өнгөрч. Ингээд МАН баяртай.

Ирэх 2020 онд МАН бүлэг байгуулах хэмжээний суудалтай хоцорвол их юм. Энэ янзаараа ана, мана үзэлцсэн АН-ынхан шиг У.Хүрэлсүх нь М.Энхболдтойгоо, Ж.Энхбаяр нь Ж.Эрдэнэбаттайгаа хөтлөлцөөд гудамжинд хөөгдөөд гарах нь тодорхой болжээ.

Үндсэн хуульд зааснаар Засгийн газрыг огцруулах гишүүдийн саналыг өргөн барьснаас хойш 7-14 хоногийн хугацаанд хэлэлцэн шийдэх ёстой. Хуульд заасны дагуу эрх баригч намын бүлэг засгийн асуудлаар Даваа гаригт хуралдана гэсэн тов цахимаар тарсан ч өчигдрийн хувьд саарал ордон их тулаанд бэлтгэн нам гүм.

Тэгэхээр хичээлийн шинэ жил, ургац хураалт гээд намрын нөр их ажилтай давхцан ирэх өдрүүдэд хөл толгойгүй халаа сэлгээ МАН-д болон төрд өрнөж магадгүй байна. Юун хямрал. ОУВС-г царайчилж байж арай гэж тогтворжуулж авсан эдийн засгийн үзүүлэлтүүд нь эргээд “заналтайгаар” уруудах байлгүй. Дээр нь цаг агаараас болж энэ намар ургацынхаа 40 хувийг алдана гэж Засгийн газраас мэдээлж байгаа. Алдсан 40 хувийг импортоор нөхнө гэвэл багагүй хэмжээний валют Монголоос гадагшилна гэсэн үг. Валютын гадагшлах урсгал нэмэгдэхээр дотоодод долларын ханш өснө. З.Энхболдын хэлснээр “Доллар 5000 хүрээгүй нь их юм” болох байх. Энэ бүгдийг МАН-ынхан харин тооцсон гэж найдъя.

Өнгөрсөн дөрвөн жил хонь, чоно болж хоорондоо “хутга, сэлэм” болсон Ардчилсан намаас залхсандаа иргэд Ардын намыг сонгосон. Гэвч, МАН “буян даасангүй’.  Харин ч сөрөг хүчинтэйгээ нийлж засаг барих тохироо нь цахим хуудсаар дэлгэгдэж, бантсандаа АН-ынхан үгүй л гэцгээж байна.  Гэхдээ Монголын улстөрчдийн хийх нь яг хэлснийхээ эсрэг байдаг хойно доо.  УИХ-д 65 суудалтай нам тийм алдаа хийвэл, шинэ засаг хоёр ч хонохгүй огцрох биз. Тэгээд ч ангайсан олон “халиар” байхад Ардчилсан намынханд бялууны зүсэм оногдохгүй нь ч ойлгомжтой. Арай ч бас нам байна даа,  Ардчилсан намынхан бусдын шидсэн булууны ясан дээр зодолдож, доошоо орохгүйгээ мэдэх байлгүй дээ.

Гол   нь АН, МАН өнөөдөр адилхан технологиор намнуулж байна. Ардчилсан нам нь ч, Ардын нам нь ч засаглаж чаддаггүй гэсэн ойлголт нийгэмд төрүүлэхийн хэрээр Монголын зарим улстөрч Путиныг даган дуурайж, шүтэн бишрэх болж. Энэ юуны дохио вэ?


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.