Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: ОГЦРУУЛАХ АРГА ЗАМЫН ХУВЬД БУРУУ

УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар МАН-ын гишүүд өөрсдийнхөө сайд нарт чиглэсэн хатуу үг хэлсээр байгаа юм. Харин Засгийн газрын сайд нар бүтэн жилийн хугацаанд ямар ажил амжуулсан талаар тайлбар хэлэв. Огцруулах асуудлыг Үндсэн хуульд зааснаар өнөөдрийн 00.00 цаг хүртэл хэлэлцэх ёстой. Тиймээс цаг сунгасан билээ. Харин яг одоо гишүүд цай уухаар чуулганыг түр завсарлуулаад байна.

Ингээд хуралдааны үеэр гишүүдийн хэлсэн байр суурийг хүргэж байна.

-УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-Ардчилсан нам Засгийн газраа огцруулж байсан. Тухайн үед цөөнхийн бүлгийн дарга бидний өмнөөс харж сууж байгаад “Засгийн газраа олонх өөрсдөө унагаадаг” гэж хэлсэн. Гэтэл та бүхэн өөрсдөө ийм байдалд хүрээд байна. Би арван сарын өмнө хүссэн хүсээгүй бидний замаар явна гэж сануулсан шүү дээ. Тэр үед та бүхэн намайг шоолж байсан. Хайран ард түмний итгэл найдвар. Засгийн газраа та нар өөрсдөө л унагаж байна. Ардчилсан нам бол зүгээр ажлаа л хийж байгаа. Энэ УИХ-ыг тараасай гэж би боддог болсон. Бүгдээрээ тарчихвал яасан юм бэ?

-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-УИХ-ын олонх нь Засгийн газраа бүрдүүлдэг. Огцруулах механизмын тухайд нэр бүхий гишүүдийг буруутгахгүй. Гэхдээ аргын хувьд эхлээд бүлгийн дарга Д.Хаянхярваад тавих ёстой. Шууд УИХ-ын даргад өргөн барьсан нь арга замын хувьд буруу болоод байгаа юм.

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Наанаа нам нам гэж ярьж байгаа ч цаанаа өөр намтай нэгдээд хуулийн байгууллагыг авсан ийм байдлыг эсэргүүцэж гарын үсэг зурсан. Нийгэм өөрчлөгдөж, улс төр хоцорч байна. Бид буруугаа бусдаас биш өөрөөсөө хайх ёстой. Засгийн газрын огцруулах асуудлыг Үндсэн хуульд заасан хугацаанд багтааж шийдэх ёстой. 2000 оноос хойш 65 суудлын эрх мэдэл манай намд ирсэн. Бид эдийн засгаа сэргээх томоохон бодлого гаргах ёстой байсан. Гэвч хэсэг бүлэг хүмүүсийн бодлого явсан.  Наадмын өмнө 49 хувьтай байсан намын ритенг 13 хувь болсон.

-Байгаль, аялал жуулчлал, орчин ногоон хөгжлийн сайд Д.Оюунхорол:

-Жилийн хугацаанд Засгийн газар сайн ажилласан. Сонгуулийн үеэр Монгол Улсын эдийн засаг -1,3 хувь байсан. Улс дампуурал зарлах хэмжээнд хүрээд байсан. Олон төсөвтэй явсныг бид зангидсан. Сүүлийн гурван жилд анх удаа Монгол Улс төсвийн орлого давсан. Бүх юмыг хараар будаж болохгүй. Аж ахуй нэгжид нэг хувийн татвартай болгосон. Оюутан олсон орлогоороо 10 жилийн дараа төлбөрөө төлөх боломж олгосон, ахмад настанд “Насны хишиг” олгосон гэх олон чухал хууль тогтоомжийг УИХ, Засгийн газар хамтарч гаргасан.

-УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Бид улс орны өвөлжилтийн бэлтгэл ярих ёстой байхад Засгийн газраа огцруулах гээд яриад байж байна. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн ч бид улс орноо бодож сонголт, шийдвэрийг гаргасан. Засгийн газраа унагах нь иргэдийн амьдралд хүндээр тусна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан асуудлыг намын Бага хурал, Их хурал дээр ярих ёстой. Хоёр сар хүрэхгүй хугацаанд намын ээлжит Их хурал болно. Концессын гэрээг шалгаад, хууль зөрчөөгүй гэдэг дүгнэлтээ бид өөрсдөө оруулж ирж байсан шүү дээ. Хүүхдийн мөнгийг хууль зөрчиж олголоо гэж байна. Эдийн засаг сайжирвал хүүхэд бүрт өгнө гэж ярьж байсан шүү дээ.

Т.НОМИН

Холбоотой мэдээ

(2) Сэтгэгдэл

  1. Монгол улс

  2. Монгоол хөөн

Leave a Reply

Your email address will not be published.