Өчигдөр ХЗДХ-ийн сайд Ц.Ням­дорж УИХ-ын ги­шүүн Х.Бат­тулгаас уучлалт гуйх сүүлийн өдөр нь байв. “Би буруу юм хэлчихжээ, уучлаарай” гэсэнгүй. Хэлэх ч үгүй юм байна.  Улстөрийн тогоонд 20 гаруй жил ча­нагд­сан, Монголын лидер хуульч, хуулийн салбарын сайдыг “Намайг уучлаарай” гэж хэлж чадна гэдэгт нь итгэдэггүй байлаа. Харин тэр тэгж хэлж чаддаг юм билээ. Олон нийтийг аллагад уриалсныхаа тө­лөө, Н.Энхбаярыг баривч­лахад унтаж байсныхаа тө­лөө, сайдын сууд­лаасаа буух дээрээ тулаад ирэ­хээрээ тэр “Намайг уучлаарай, амны алдас боллоо. Би угаасаа хэ­лэмгий доломгой цус байгаа юм” гээд хэнэг ч үгүй уучлалт гуйгаад л сууж байсан. Тэр үед нь хараад ямар их ба­хархсан гээч. Хуульзүйн сайд, улстөрч хүн ийм л байх ёс­той гэж.

Ц.Нямдорж сайд өнгөрөгч хавар УИХ-ын гишүүн Х.Бат­тулгатай нэлээд ширүүн үзэлц­сэн. Шүүх цагдаа, АТГ-т хүрт­лээ заргалдсан. Эцэст нь Ц.Нямдорж сайд Х.Баттулгыг ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа төмөр зам барих нууц гэрээ байгуулсан хэ­мээн хэвлэлийн бага хурал зарлан гүтгэснийхээ төлөө тэрбээр уучлалт гуйх “ял”-аар шийтгүүлсэн. Хууль­зүйн сайдыг хүн гүтгэс­нийг нь хуулийн зүйл заал­таар, нотлох баримтаар нотол­чи­хоод буруугаа хүлээ гэж хэ­лээд байхад шүүхийн шийд­вэрийг биелүүлсэнгүй. Одоо яах вэ. Албадан гуйл­гуулах уу. Шүүхийн шийд­вэр гүйцэтгэх ерөн­хий газ­рынханд салбарын сайдыг албадан уучлалт гуйлгуулах ажлыг хийх хэрэгтэй болох нь.  Шүүхийн шийдвэр л бол шүүхийн шийдвэр. Нямка сайд давж заалдсан байлаа ч анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөгдөнө гэж бараг үгүйг өөрөө мэдэж бай­гаа. Хоног хугацаа хожих гэсэн эсвэл мартагнуулах гэсэн арга. Сонгууль болох гээд хөл тол­гойгүй юм болж байхад Х.Бат­тулга гишүүн ч Ц.Нямдоржийг “нөгөөхөө яасан бэ, яах гэж байна” гээд новшроод байх хүн биш. Нэр дэвшигчид иймэрхүү юман дээр дөрөөлж, сурталчилгаа хийхдээ гаргуун л даа, уг нь. Гэхдээ “Женко” тийм зан гаргах эр биш. Нэгэнт шүүх буруугүйг нь нотолчихсон юм чинь хөөрхий өвгөн сайдын даралтыг ихэсгээд яахав гэж бодож байгаа биз.

Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрт нэр дурьдагдсан хэвлэ­лүүдээр албан ёсоор уучлалт гуйх ч өнгөрч гэж бодъё. Эр хүн гэдгээ харуулж, ярианы далимд ч болов хавчуулаад “муухай юм болсон шүү” гэчихвэл болох нь тэр. Нэг нь заавал уучлалт гуйгаад, нөгөө нь гуйлгуулахдаа гол нь биш. Мон­гол төрийн ноён нуруу болсон эрх­мүүдийг жудагтай, ёсзүйтэй байхыг л ард түмэн хүсдэг.  Тийм байх ч ёстой. Муу үйл хийж, буруу юм хэлсэн л бол уучлалт гуйх ёстой.  Уучлаарай, Ц.Нямдорж сайд аа. Уучлалт гуйх арван арга байдаг юм гэнэ лээ. Хамгийн эхнийх нь шууд улаан нүүрээрээ уулзаж, нүд рүү нь харж байгаад уучлалт гуйх. Мессежээр, утсаар бол дэмий. Бас цагийг нь олж уучлалт гуйх нэг арга байна. Нэгэнт болоод өнгөрсөн хэрэг явдал, бас ч гэж багагүй хугацаа өнгөрчихсөн болохоор  аль аль нь тайвширчихсан байгааг бодсон ч тэр ууч сэтгэл гаргахад оройтохгүй л болов уу.

Хуульзүйн сайд хэн нэгнээс уучлал гуйлаа гээд нэр хүнд нь унаад сүйд болно гэж юу байхав. Сонгуульд намын жагсаалтаар нэ­лээд дээгүүрт нэрээ зоочихсон хүн айх аюулгүй л гэсэн үг. Аль эсвэл өрсөлдөгч намынхаа нэг ч гэсэн хүний нэр хүндийг өсгөсөн болчих гээд болгоомжлоод байгаа юм уу.  Сайд уучлалт гуйхаасаа ч өнгөрсөн бололтой. Хуульч хүн хуулиас дээ­гүүр алхаж болдог л юм байна.

Б.ОЮУНГЭРЭЛ

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. nuguuhuu gj dee tsaaduul chn awilgal gazar zarah ntree l yarij bhgui yu

Leave a Reply

Your email address will not be published.