Өчигдөр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгаас уучлалт гуйх сүүлийн өдөр нь байв. “Би буруу юм хэлчихжээ, уучлаарай” гэсэнгүй. Хэлэх ч үгүй юм байна. Улстөрийн тогоонд 20 гаруй жил чанагдсан, Монголын лидер хуульч, хуулийн салбарын сайдыг “Намайг уучлаарай” гэж хэлж чадна гэдэгт нь итгэдэггүй байлаа. Харин тэр тэгж хэлж чаддаг юм билээ. Олон нийтийг аллагад уриалсныхаа төлөө, Н.Энхбаярыг баривчлахад унтаж байсныхаа төлөө, сайдын суудлаасаа буух дээрээ тулаад ирэхээрээ тэр “Намайг уучлаарай, амны алдас боллоо. Би угаасаа хэлэмгий доломгой цус байгаа юм” гээд хэнэг ч үгүй уучлалт гуйгаад л сууж байсан. Тэр үед нь хараад ямар их бахархсан гээч. Хуульзүйн сайд, улстөрч хүн ийм л байх ёстой гэж.
Ц.Нямдорж сайд өнгөрөгч хавар УИХ-ын гишүүн Х.Баттулгатай нэлээд ширүүн үзэлцсэн. Шүүх цагдаа, АТГ-т хүртлээ заргалдсан. Эцэст нь Ц.Нямдорж сайд Х.Баттулгыг ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа төмөр зам барих нууц гэрээ байгуулсан хэмээн хэвлэлийн бага хурал зарлан гүтгэснийхээ төлөө тэрбээр уучлалт гуйх “ял”-аар шийтгүүлсэн. Хуульзүйн сайдыг хүн гүтгэснийг нь хуулийн зүйл заалтаар, нотлох баримтаар нотолчихоод буруугаа хүлээ гэж хэлээд байхад шүүхийн шийдвэрийг биелүүлсэнгүй. Одоо яах вэ. Албадан гуйлгуулах уу. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынханд салбарын сайдыг албадан уучлалт гуйлгуулах ажлыг хийх хэрэгтэй болох нь. Шүүхийн шийдвэр л бол шүүхийн шийдвэр. Нямка сайд давж заалдсан байлаа ч анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөгдөнө гэж бараг үгүйг өөрөө мэдэж байгаа. Хоног хугацаа хожих гэсэн эсвэл мартагнуулах гэсэн арга. Сонгууль болох гээд хөл толгойгүй юм болж байхад Х.Баттулга гишүүн ч Ц.Нямдоржийг “нөгөөхөө яасан бэ, яах гэж байна” гээд новшроод байх хүн биш. Нэр дэвшигчид иймэрхүү юман дээр дөрөөлж, сурталчилгаа хийхдээ гаргуун л даа, уг нь. Гэхдээ “Женко” тийм зан гаргах эр биш. Нэгэнт шүүх буруугүйг нь нотолчихсон юм чинь хөөрхий өвгөн сайдын даралтыг ихэсгээд яахав гэж бодож байгаа биз.
Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрт нэр дурьдагдсан хэвлэлүүдээр албан ёсоор уучлалт гуйх ч өнгөрч гэж бодъё. Эр хүн гэдгээ харуулж, ярианы далимд ч болов хавчуулаад “муухай юм болсон шүү” гэчихвэл болох нь тэр. Нэг нь заавал уучлалт гуйгаад, нөгөө нь гуйлгуулахдаа гол нь биш. Монгол төрийн ноён нуруу болсон эрхмүүдийг жудагтай, ёсзүйтэй байхыг л ард түмэн хүсдэг. Тийм байх ч ёстой. Муу үйл хийж, буруу юм хэлсэн л бол уучлалт гуйх ёстой. Уучлаарай, Ц.Нямдорж сайд аа. Уучлалт гуйх арван арга байдаг юм гэнэ лээ. Хамгийн эхнийх нь шууд улаан нүүрээрээ уулзаж, нүд рүү нь харж байгаад уучлалт гуйх. Мессежээр, утсаар бол дэмий. Бас цагийг нь олж уучлалт гуйх нэг арга байна. Нэгэнт болоод өнгөрсөн хэрэг явдал, бас ч гэж багагүй хугацаа өнгөрчихсөн болохоор аль аль нь тайвширчихсан байгааг бодсон ч тэр ууч сэтгэл гаргахад оройтохгүй л болов уу.
Хуульзүйн сайд хэн нэгнээс уучлал гуйлаа гээд нэр хүнд нь унаад сүйд болно гэж юу байхав. Сонгуульд намын жагсаалтаар нэлээд дээгүүрт нэрээ зоочихсон хүн айх аюулгүй л гэсэн үг. Аль эсвэл өрсөлдөгч намынхаа нэг ч гэсэн хүний нэр хүндийг өсгөсөн болчих гээд болгоомжлоод байгаа юм уу. Сайд уучлалт гуйхаасаа ч өнгөрсөн бололтой. Хуульч хүн хуулиас дээгүүр алхаж болдог л юм байна.
Б.ОЮУНГЭРЭЛ
Anonymous
nuguuhuu gj dee tsaaduul chn awilgal gazar zarah ntree l yarij bhgui yu