Л.БОЛД: МАНАН-ГИЙН БҮЛЭГЛЭЛ 20 ГАРУЙ ЖИЛ БОЛСОН

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-МАН-ын бүлэг Засгийн газраа өөрсдөө унагаж, дараагийн Ерөнхий сайд, Засгийн газраа бүрдүүлэх үйл явц өрнөж байна. Засгийн газар огцорсон үйл явцыг та юу гэж дүгнэж байна?

-УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн хувьд ч байр сууриа тодорхой илэрхийлж ирсэн. Ард иргэд, олон нийтийн зүгээс Засгийн газрын үйл ажиллагааны үр дүн, иргэдийн төлөө ажиллаж байгаа эсэхэд маш шүүмжлэлтэй хандаж ирсэн. Засгийн газар ямар байсанд хүн бүр янз бүрийн үнэлэлт, дүгнэлт хийж болно. Гэхдээ энэ бүхэнд цорын ганц үнэлэлт өгөх зүйл нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн. Сонгуулийн үр дүн гэдэг бол тухайн намын бодлого үйл ажиллагаа, байгуулсан Засгийн газарт тавьж буй маш том үнэлэлт. Улс төрд түүнийгээ дагасан өөрчлөлтийг хийх ёстой. Харин олонхын бүлэг өөрөө сонгуулийн үр дүнд дүгнэлт хийж, санаачлага гаргаж, Засгийн газраа огцруулах арга хэмжээ авсан. Уг нь, Засгийн газар огцруулах асуудлыг нам дээрээ ярилцаж, түүний дараа парламентын түвшинд оруулж ирдэг байсан бол энэ удаа шууд парламентын түвшинд санаачилга гаргаж, Засгийн газраа огцруулж байна. УИХ-д сонгогдсон гишүүд тойргоос, ард иргэдийн итгэлээр сонгогддог. Засгийн газраа огцруулах асуудлыг УИХ-ын гишүүд санаачилж байгаа нь сонгогчдын санал намаар биш УИХ-ын гишүүдээр дамжиж төрийн шийдвэр болох нөхцөл бүрдэж байгаа нь энэ парламентын онцлогийг илтгэж байгаа байх.

-Монгол төрийн бодлого намуудын “гал тогоонд” төлөвлөгдөж, хэлэлцэгдэж орж ирдэг. Тэгэхээр өнөөдөр улс төрд голлох үүрэг гүйцэтгэж буй намуудын төрийн оролцоо, явуулж байгаа бодлого нь хэр зөв явж байна гэж та хэлэх үү?

-1992 оноос хойш Үндсэн хууль баталснаас хойш 600 орчим хууль баталж, шинэчилж, хууль эрх зүйн тогтолцоо нь бүхэлдээ шинэ цаг үеэ илэрхийлээд үйлчлээд явж байгаа. Гэхдээ миний хувьд хамгийн шүүмжлэлтэй ханддаг зүйл бол Улс төрийн намуудын тухай хууль. Төрийг бүрдүүлж байгаа улс төрийн намын тухай хуулийг Үндсэн хуулийн дагуу, зохих ёсоор нь гаргахгүй бол буруу тогтолцоо үүссэн. Энэ нь нэг талаасаа намуудын бодлого, боловсон хүчний асуудал, намуудын зохион байгуулалтын асуудал нь алдаа гажигтай болсон. Зүйрлээд хэлбэл, эхийн хэвлий нь улс төрийн  намууд, төрж байгаа хүүхэд нь Монгол төрийн бодлого. Эхийн хэвлий нь бохир орчин байвал эрүүл хүүхэд төрөхгүй нь ойлгомжтой. Ийм үүднээс бүх муу муухай булхай, луйвар, гэмт хэрэг, МАНАН-гийн тогтолцоо амь бөхтэйгээр намууд дотор байна. 60 тэрбумын хэрэг, албан тушаалын хуваарилалт, санал худалдах, хулгай дээрэм гээд бүх зүйл нам дотор байна. Нам нь хаалттай, хуулийн байгууллага нь халдаж чаддаггүй тогтолцоо өнөөдөр бий болчихсон. Тэгэхээр энэ бүгдийг өөрчлөхгүйгээр намуудаас өөрчлөлт, шинэчлэл хүлээгээд хэрэггүй. Энэ парламентын хамгийн тулгамдсан асуудал нь улс төрийн  намын тухай хуулийг өөрчлөх. Одоогийн улс төрийн  намууд ард түмний дунд ямар ч дэмжлэггүй болсон. Үүнийг сүүлийн жилүүдийн сонгууль харуулсан. Ямар нэг зорилго нь үл мэдэгдэх нам байгуулж, Монголын төрийг бүрэн эрхшээлдээ оруулах нөхцөл бололцоо нь нээлттэй байна. Ийм дархлаагүй төртэй Монгол Улс намуудынхаа будлиантай тогтолцоог өөрчлөхгүйгээр цааш явахгүй. Үүнийг өөрчлөх ёстой гэдэг намууд ойлгож эхэлж байна. Нөгөө талдаа хуулийн байгууллагууд нь улс төрийн  хэрэгсэл болж, улс төрөө эргэж дарамталдаг буруу тогтолцоо амь бөхтэй оршсоор байна.

-Улс төрийн  намууд шинэчлэгдэх асуудал маш их яригддаг. Үнэн хэрэгтээ тодорхой албан тушаалтан, даргыг сольсноор шинэчлэл хийсэн гэж ярьсаар ирсэн. Улс төрийн  намуудад өнөөдөр ямар шинэчлэл дутагдаж байна вэ?

-Нэг жишээ хэлэхэд, өөрсдөө хуулиа зөрчсөн байж Үндсэн хуульд хамаг буруугаа чихээд эцэг хуульдаа халдах гэж байна. Энэ бол ач холбогдлоо буруу талаас нь хайгаад байна гэж дүгнэж байна. Эхлээд Үндсэн хуультай зөрчилдсөн хуулиудыг судлах ажлын хэсэг байгуулах ёстой. Өнгөрсөн хугацаанд батлагдсан 600 гаруй хуулиудыг судалж, зөрчлийг нь арилгах хэрэгтэй. УИХ-ын хийх ёстой ажил нь, УИХ-ын түвшинд ажлын хэсэг гаргаж, улс төрийн  намуудын тухай хуулийг аль нэг хүний, намын хүслээр, ойлголтоор, дур зоргоор биш улсынхаа эрх ашгийг бодсон шинэ хууль гаргах ёстой. Улс төрийн  намуудын тухай хуулийг өөрчлөхгүйгээр цааш явах боломжгүй. Монгол Улсын өөрийнх нь язгуур эрх ашиг ноцтой зөрчигдөх хэмжээнд хүрчихлээ. Өмнө нь мөнгөгүй, эдийн засаг жижиг байхад тэвчээд байж болох байсан. Одоо бол эдийн засаг, гэмт хэрэг, хууль гээд энэ бүх зүйл холилдсон, мафижсан шинж рүүгээ орж байна. Энэ бүхнээс дараа нь гарахад маш хэцүү. Сүүлийн боломж нь энэ парламент байж магадгүй.

-Өнгөрсөн парламентын үед буюу олон намын төлөөлөлтэй байхад Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэж байсан ч энэ хууль сураг алдарсан. Энэ парламентын үед улс төрийн  намуудын тухай хуулийг шинэчлэх санал, санаачилга гаргах болов уу?

-Явах ёстой гэдэг дээр намууд ойлголцсон байх. Үндсэндээ АН өөрийн хэмжээнд намд байх дотоод ардчиллыг, намын санхүүжилтийг ил тодорхой болгох алхмууд хийсэн. Мэдээж энэ бүхэн төгс алхам биш. Нэгэнт улс төрийн  намуудаас төр бүрдэж байгаа бол бүгдээрээ нэг стандарт буюу хууль эрх зүйн зохицуулалтаар явах ёстой. Намын доторх авлигыг арилгах, албан тушаалын наймааг зогсоох гэх мэт том зорилтууд бий. Энэ бүхнийг багтаасан төслийг боловсруулах том ажлын хэсэг гараасай гэдгийг илэрхийлж байгаа.

-Хэт олонх байгаа нөхцөлд зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцсэнээр Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна гэсэн шүүмжлэл гардаг?

-Өнөөдрийг хүртэл олонх, хэт олонх гэдэг асуудлыг олон зүйл дээр ярьсаар ирсэн. Хэт олонх болохоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна, бүх зүйлийг өөрсдийн дураар өөрчлөх нь гэдэг зүйл худлаа гэдгийг ард түмнээс сонгогдсон гишүүд нь Засгийн газраа унагасан үйл явдал баталж өгч байна. Намын нэрээр бус ард түмнийхээ захиалгыг биелүүлж байна гэдэг нь олонх асуудалд нэг байр суурьтай хандах ёстой гэдэг ойлголтыг үгүйсгэж байгаа юм. УИХ-д 65-ын бүлэг гэж байсан бол одоо МАН-ын 31, 34, АН-ын бүлэг гэсэн гурван хэсэг болчихлоо.
-Улс төрийн  намуудын тухай хуультай хамт улс төрийн  намын санхүүжилтийн хууль байнга яригддаг. Улс төрийн  намуудын санхүүжилтийг зөв менежменттэй болгохгүй бол зөвхөн хэсэг бүлэг бизнесийнхний гар хөл болж байна гэж хардахад хүргэж байх шиг байна?

-Улс төрийн  намуудын тухай хуульд зөв өөрчлөлт оруулаад санхүүжилтийн асуудлыг ч тодорхой болгох ёстой. Мэдээж улс төрийн  намууд төрөөс санхүүжиж болно. Гэхдээ санхүүжилт нь маш ойлгомжтой байх ёстой. Намын санхүүжилт гэдэг нь юу байх, юунд зарцуулах гээд тодорхой, ил тод болгож болно. Санхүүжилтийн гуравны нэгийг намын гишүүдээс гишүүнчлэлийн татвар авах байдлаар, гуравны нэгийг нь улсаас буюу сонгуулиар нийт санал авсан сонгогчийн тоогоор тодорхой мөнгө авах, гуравны нэг нь хандив, тусламж байж болно. Ийм бодитой, ойлгомжтой тогтолцоо руу орохоос өөр арга байхгүй. Намуудын санхүүжилтийг улсын аудитын байгууллага хянадаг, яг л төрийн байгууллага шиг болох ёстой. Яагаад гэвэл нам бол олон нийтийн байгууллага биш төр бүрдүүлэгч.

-Намын дарга нь Ерөнхий сайд байх намын дүрмийг сүүлийн хоёр парламент зөрчсөн. Намын дүрмээ биелүүлдэггүй юм чинь улс төрийн  намын болон намын санхүүжилтийн хуулиа шинэчиллээ гэхэд дагаж мөрдөх болов уу?

-Намын санхүүжилтийг төр хянах боломжтой. Яагаад гэвэл төр тодорхой хэмжээний мөнгө өгч байгаа учраас. Төр намын дотоод зохион байгуулалт, хууль, дүрмээ биелүүлэх, хариуцлага тооцож арга хэмжээ авдаг, үйл ажиллагаа эрхлэхийг нь хориглох гэх мэт зохицуулалт хийж болно. Мөн намуудын дотоод сонгуулийг ч төрийн сонгуулийн байгууллага зохион байгуулах ёстой. Намын дотоод сонгууль шударга байж, төрд шударга хүн очно. Дотоод сонгуулиа худалдаж авсан хүмүүс төрийн сонгуулийг худалдах, цаашлаад төрийг худалдах эрсдэл үүснэ. Тэгэхээр энэ гинжин хэлхээг таслахын тулд нам төрийн өмнө бүрэн нээлттэй, хяналт, зохион байгуулалтад нь байдаг байгууллага байх ёстой.

-АН, МАН-д итгэх сонгогчдын итгэл алдарсан ийм цаг үед шинэ гуравдагч хүчин хэрэгтэй гэх. Гэхдээ тогтолцоогоо өөрчлөөгүй цагт гуравдагч хүчин гарч ирээд ч нэмэргүй гэж хэлэх хүмүүс ч бас байдаг?

-Улс төрд гуравдагч хүчин байх эсэхийг сонгогчид л шийднэ. Гэхдээ бид ямар нэг үзэл бодлын зөрүүгүй, зарчимгүй, ухагдахуунгүй дотроо хэлхэлдсэн МАНАН-гийн бүлэглэлтэй болоод 20 гаруй жил болсон. Энэ гинжин хэлхээг тасалж, ард түмнийхээ итгэл үнэмшлээр Засгийн газраа бүрдүүлдэг, сөрөг хүчин нь үүргээ гүйцэтгээд явах ёстой. Ингэхийн тулд л улс төрийн  намын тухай хуулийг зөв явуулах учиртай.

-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг хар сонгууль болсон гэж олон нийт дүгнэсэн. Намууд, нэр дэвшигчид бодлого ярихаас илүү бие биесээ муухай харагдуулах арга хэрэглэсэн ч гэх. Улс төрд голлох үүрэг гүйцэтгэж буй АН, МАН, магадгүй МАХН-нд өрсөлдөхүйц бодлого гэж байна уу?

-Нам дээр тавигдах шаардлага, дүрэм, мөрийн хөтөлбөрт намд ажиллах байгаа бүх аппарат төрийн хяналтанд ороод ирэхээр намын тогтолцоо бодлогыг үйлдвэрлэг, бодлого бий болгож өрсөлдөх тогтолцоо руугаа явна. Угаасаа энэ намуудын суурь нь буруу болохоор арилжаа наймаа, албан тушаалын хар зах болж хувирлаа.

-АН 2016 оны их ялагдлын дараа шинэчлэл эхлүүлсэн. Энэ хугацаанд олон үйл явдал өрнөсөн. АН-ын шинэчлэл зөв чиглэлдээ явж чадаж байгаа юу?

-Ардчилсан нам сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд гурав дахь удаагийн том цохилтоо авсан. Мэдээж хэн ч, хэзээ ч хийж байгаагүй шинэчлэлийг хийх хүсэл эрмэлзэл, алхмууд хийж байна. Гэхдээ хуульд өөрчлөлт оруулаагүй байж амжилтанд хүрэхгүй. Аль нэг нам олонхоороо шинэчлээд ч нэмэргүй. Дараа нь дотор нь орж ирээд л үймүүлнэ. Үндсэн тогтолцоо нь ийм ойлгомжгүй, хяналтгүй байгаа учраас гаднаас хараад юу болж байгааг хэн ч мэдэхгүй. Тэгэхээр улс төрийн  намын тухай хуулиа гаргаж байж АН-ын шинэчлэл жинхэнэ утгаараа хийгдэнэ.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв, буруу гэсэн шүүмжлэл маш их бий. Харин таны хувьд, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг юу гэж дүгнэж байгаа вэ?

-Эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хийж байгаа нь буруу. Парламент нь аль нэг салаа мөчир бариад гүйж байж болохгүй. Хуйвалдан хуулиа баталсаар МАНАН бүлэг бий болчихсон. Одоо дордохын долоо өөрчлөлтийг хүчингүй болгох ёстой. Мэргэжлийн баг хамт олноор олон удаа хэлэлцүүлэхэд цаг хугацаа бий.

-Шинээр бүрдэх Засгийн газраас юу хүлээж байна вэ. Тогтворгүй, түр зуурын “настай” Засгийн газар байгуулагдана гэх яриа ч бас байна?

-Одоо бүрдэх Засгийн газар тогтвортой байх бүрэн боломжтой. Өмнөх Засгийн газрын алдаануудыг бүгд харж байгаа. Түүнийг засч,залруулаад явах боломжтой. Улс төрийн  намын тухай хууль нь буруу учраас анхнаасаа буруу алхсан гэсэн үг. Олон түмний шүүлтүүрээр оруулаад ил тод, чадвартай хүмүүсээ сонгож, Ерөнхий сайдаасаа эхлээд хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Өөрөөр хэлбэл, хуйвалдааны биш ардчиллын зарчмаар сонгоод явбал байн байн огцорно гэсэн ойлголт байхгүй. Хуйвалдааны зарчмаар Засгийн газраа бүрдүүлбэл дахиад л огцорно.

-МАНАН-гийн бүлэглэл гэдэгт хэн хэн багтах вэ. Бараг хүн болгон л МАНАН-ийн бүлэглэл гэж ярьдаг?

-МАНАН бүлэглэл гэдэг нь Монголын төрөөс луйвраар идсэн, баялгийг нь хулгайлах гэсэн хувь хүмүүсийн бүлэглэл. Энэ бол яг л жүжиг шиг. МАНАН гэдэг нь нэг, хоёр хүн биш тогтолцооны гажуудал буюу чөтгөрийн тойрог гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг зүйлийг хулгайлах гэж ирсэн хүн явахад, дараагийн хүн нь гараад ирдэг тогтолцоо. Үүнийг хэлж байгаа юм. Уг нь бол эрх баригч, сөрөг хүчин хоёрын дунд үзэл бодлын өрсөлдөөн, бие биедээ хяналт тавьдаг зүйлийг энэ МАНАН байхгүй болгочихсон. Нэг л сайхан төр ажиллаад байгаа юм шиг тавилттай жүжиг нь наанаа харагдаж байгаа боловч цаанаа хулгай л явж байдаг гэсэн үг. Зуучилдаг, бий болгодог, тэтгэдэг, авдаг, өгдөг, олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн хэвлэл, хууль хяналтын байгууллага гээд бүгд бий. Төрийн бүх шатанд сүлжилдсэн аалзны тор.

-Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн зүгээс ч МАНАН-гийн бүлэглэлийг таслан зогсооно гэсэн?

-Ард түмний итгэл буюу сонгуулийн дүнд зөв дүгнэлт хийж чадахгүй бол бүгд арчигдана гэсэн үг. Энэ удаа нэг нам бус бүх нам арчигдана. Нам доторх тогтолцоог таслан зогсоох ёстой. Нөхцөл нь гэмт хэрэг рүү түлхвэл гэмт хэрэгтэн болдог.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.