УЛСТӨРЖИХ ТУСМАА УЛСТӨРЧДӨД ЗАЛГИУЛНА

Улс төрөөр өвчлөгсдийн тоо буурахын хэрээр нийгэм эрүүлжинэ гэж үздэг олон улсын жишиг бий ажээ. Улс төрийг бүх нийтээрээ сонирхон сонжоод ганцхан түүнд анхаараад байх тусам улстөрчдийн байр суурь улам бүр батжиж, улстөрч болох мөрөөдөл хүүхэд, залуусыг соронзодсоор байх ажээ-

“Улстөржих тусмаа улстөрчдөд залгиулна” гэдэг үг монголчуудад бүгдэд хамааралтай байж болох ч эхний удаад хэвлэлийнхэндээ хандаж хэлмээр байна. Бид хэдийчинээ улстөржинө төдий чинээ улс төрөөс, улстөрчөөс хамааралтай болж, тэр хэрээрээ улстөрчдийн хувьд хямдхан өгөөш болох аюултайг судлаачид сануулсаар байна.

Өдөр тутмын сонины эхний бөгөөд хамгийн чухалд тооцогдох гуравдугаар нүүрийг л эзэгнэдэг байсан улстөрчдийн талаарх мэдээлэл, тэдний ярилцлага улам бүр тэлсээр сонинуудын 2-3 нүүр бүхэлдээ улс төрийнх болж хувирчээ. Мэдээллийн сайтууд, телевизүүдийн хувьд ч халуухан сэдэв улс төр. Харин радиогийн хувьд, тэр дундаа хэт богино долгионы радио станцынхан бусдыгаа бодвол улс төрөөс жаахан хөндий, энтертайнмэнт чиглэлийн мэдээлэл голлодог. Дээхэндээ бол буурь суусан буурал сэтгүүлчдийн хойргошиж, халган байж очдог Төрийн ордон өдгөө залуу сэтгүүлчдийг соронз адил татдаг ид шидтэй газар болон хувирав. Хориодхон настай тэд “Тэр гишүүн, энэ гишүүн” хэмээн уралдан гүйж, тэндээс л сурвалжлага бэлтгэх нь нэр төрийн хэрэг гэж ойлгох болжээ. Сэтгүүлчид Төрийн ордон руу хошуурах тусам нь улстөрчид хэвлэл мэдээллийг ашиглах хүсэл төрөх нь мэдээж. “Камерчин гишүүн”-ий тоо улам бүр олширсоор, хэвлэлийнхнийг өрөөндөө дуудан өөрийн үзэл бодлоо үзэгчдэд тулгадаг гишүүд байсаар байгаа нь үүний баталгаа. Төрийн ордноос мэдээлэл бэлтгэлээ гээд сэтгүүлчээ илүү цалинжуулдаг редакци нэг ч үгүй. Нийгэм, эдийн засаг, урлаг соёл бичдэгүүдтэйгээ эгээ ижил цалинждаг. Харин ч сүүлийн жилүүдэд Монголын “Пулитцер” болох “Балдорж” шагналыг байгаль, экологийн асуудал хөндсөн сэтгүүлчид удаа дараа хүртэж байгаа. Гагцхүү Төрийн ордонд болж буй үйл явдлыг түргэн шуурхай хүргэж, үзэгч, уншигчдын нүдэнд арай илүү өртөж, тэр хэрээрээ олны танил болох гэсэн хүсэл залуусыг ордон зүг рүү соронздоод байх шиг.

Хэвлэлийнхэн, сэтгүүлчид сайн дураараа улс төр рүү хошуураад байна гэвэл өрөөсгөл дүгнэлт болно. Уншигчдын юу хүсч байгааг дамжуулдаг нь хэвлэлийн зарчим. Хүмүүст хэрэгтэй, амьдралд нэмэртэй болов уу гэсэн мэдээлэл огт уншигдахгүй үлдэж байхад улс төрийн хүрээний мэдээллүүд, ордон хавиарх дуулиан шуугиан, улстөрчдийн хувь амьдралын талаарх шар, хар мэдээнүүд хэдэн мянга уншигдах нь бий. Бүр сэтгэгдлээр хэрэлдэж ирээд, нийгмийн сүлжээнд шэйрлэж байгаад уншихыг яана. Хэвлэл мэдэээлэл ч үйлчилгээний байгууллага учраас уншигчдын хүсэл, сонирхолд захирагддаг гэдгийг энд тодотгоё. Хойшид ч уншигчдад хөтлөгдсөөр, улс төр, хов живээр л амь зогоосоор байх уу гэдгийг өнгөрсөн Пүрэв гариг (2017.09.21)-т болсон “Өдөр тутмын сонины анхдугаар форум”-ын үеэр хөндөн ярилцсан юм.

Олон улсын хэмжээний судалгаагаар бол 1800-аад он буюу хөрөнгийн зах зээлийн хөгжлийн өмнөх үед уншигчдын тавиас дээш хувь нь зөвхөн улс төр сонирхож байсныг “Засгийн газрын мэдээ” сонины тэргүүн орлогч эрхлэгч Б.Дуламхорлоо сонины форумын үеэр онцолсон. Тэр үед хүмүүсийн ердөө 20 хувь нь л эдийн засаг уншиж байж. Харин одоо (2017 оны судалгаагаар) хөгжингүй орнуудад уншигчдын талаас илүү хувь нь эдийн засгийн мэдээлэлд анхаарлаа хандуулж байна. Хэвлэлээр түгээж буй мэдээллийн бүтцээс ийн дүгнэж.

Харин манай улсад ямар байгаа гэж та бодож байна? Арай ч 1800 оны үеийнх шиг биш. Гэхдээ тун саяхан тийм байсан. Таван жилийн өмнө 2012 онд нийт уншигчийн 50-аас илүү хувь нь улс төр, 20 хувь нь нийгэм, ердөө 10-хан хувь нь л эдийн засгийн мэдээллийг сонирхон уншдаг байжээ. Харин энэ оны судалгаагаар улс төр сонирхон уншигчдын 20 хувь нь эдийн засгийн мэдээ рүү урвасан гэсэн дүн гарчээ. Ингэснээр улс төр 30 хувь, эдийн засаг 30  хувь. Эдийн засаг дотроо уул уурхай, хөдөө аж ахуй, валютын ханшийн мэдээлэл дийлэнх байр суурьтай байна. Ийнхүү улс төрөөр өвчлөгсдийн тоо буурах хэрээр нийгэм эрүүлжинэ гэж үздэг олон улсын жишиг бий ажээ. Улс төрийг бүх нийтээрээ сонирхон сонжоод ганцхан түүнд анхаараад байх тусам улстөрчдийн байр суурь улам бүр батжиж, улстөрч болох мөрөөдөл хүүхэд, залуусыг соронзодсоор байх ажээ.

Гэвч энэ бол ганцхан манай улсад тохиогоод байгаа ужиг хууч биш гэдгийг нийтлэлч Баабар хэлснийг төгсгөлд хэлэх нь зүйтэй болов уу. Тэрбээр уламжлалт хэвлэл мэдээллийн тоо улам бүр цөөрсөөр байгаа ч нэр нөлөөлөл нь буураагүй гэдгийг онцолсон юм. Нийгмийн сүлжээ улстөрчдийг айлгахаас хэтрэхгүй гэж дүгнэнэ лээ. Тиймээс нийгмээ эрүүлжүүлье, эерэг хандлага руу ахиулж дөхүүлье гэвэл хэвлэлүүд нийтлэлийн бодлогодоо, сэтгүүлчид мэдээ, мэдээлэлдээ улс төр, улстөрчийг биш эдийн засаг, урлаг соёл хийгээд гэрэл гэгээтэй мэдээллийг илүүтэй түгээе.

5 СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагу

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.