“УЛС ТӨРЧИД РЕЙТИНГЭЭ УНШИЖ БАЙХ ШААРДЛАГАТАЙ”

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.

-Монголын улс төр, түүний дотор эрх баригч МАН-ын дотоод зөрчил туйлдаа хүрч Засгийн газраа огцрууллаа. Огцруулах санал өгсөн хүний нэг та. Засгийн газраа огцруулсан таны саналыг сонсоё?

-МАН-ын дотоод зөрчил туйлдаа хүрээд Засгийн газрыг огцруулсан юм огт биш, Монголчууд бид асуудлыг зөв харж, дүгнэлт хийж, зөв шийдэж сурах шаардлагатай байна. Илүү эрч хүчтэй, мэдлэгтэй, шударга, ил тод, үр дүнд хүрч ажиллах шаардлагын үүднээс ийм шийдвэр гаргасан гэж ойлгож болно.

-Ард иргэдийн дунд хоёрдугаар ээлж хоолонд орох зорилгоор ийм алхам хийлээ гэж үзэж байгаа нь олон байна. Мөн албан тушаалд дурлагсадын алхам гэж?

-Монголчууд бидний амьдрал ядуу байна. Үүнээс илүү ядуурна гэж байхгүй. Хоолонд орох, албан тушаалд дурласан асуудал байхгүй гэдгийг хэлье. Ажлын байр алга, цалин тэтгэвэр хүрэлцэхгүй, нийгэмд шударга ёс тогтохгүй амьдрал хүнд байгаа нь үнэн биздээ.Үүнийг өөрчлөх нь зөв биш гэж үү? Цаашид Засгийн газрын үйл ажиллагаанд тогтмол зөв үнэлэлт өгч шаардлагатай бол сольж, салхи оруулж, илүү үр дүн шаардаж ажиллах нь зүйд нийцнэ.

-Засгийн газар байгуулагдаад удаагүй, үр дүн гарах болоогүй гэсэн яриа их байх юм?

-Засгийн газар байгуулагдаад 14 сар боллоо. Тоолбол бага хугацаа байж магадгүй. Гэтэл Монголд дөрвөн жилд нэг удаа сонгууль болж намууд мөрийн хөтөлбөрөө гаргаж өрсөлддөг. Энэ утгаараа Монголын улс төрийн мөчлөг дөрвөн жил гэж ойлгож болно. Одоо удахгүй хоёр жил нь өнгөрөх нь. Энэ байдлаар МАН ард түмэндээ амалсан амлалтаа биелүүлж чадахгүй нь. Ингээд яваад байх байсан гэж үү? Үгүй юм.

-Танай намын ахмадууд та бүхнийг АН-тай нийлж Засгаа унагалаа, улс төрийн тогтворгүй байдлыг бий болголоо гээд байгаа юм биш үү?

-Тийм шүүмжлэл бий. Манай зарим хүмүүс асуудлыг дэвэргэж, тархи угаах үйл хийж байгаа нь ч үнэн. Энэ Их Хуралд манай нам 65 суудалтай. Үүний 64 нь санал хураалтад оролцож 33:31 харьцаатайгаар засгийг огцруулах нь зүйтэй гэж үзсэн. АН-ын найм, бие даагч нэг гишүүн хуралд оролцож саналаа өгсөн. Энэ бол тэдний үүрэг. Тэдний оролцоогүй манай намаас сонгогдсон гишүүд асуудлыг шийдсэн. Энэ утгаар бусадтай нийлж засаг огцруулсан асуудал байхгүй. Нэг хэсэг хүн төрийн өндөр сэнтийд суучихаад байгаад байхыг төр тогтвортой байна гэж үзэж болохгүй. Төрийн бодлого, үйл ажиллагаа нь тогтвортой байхыг төрийн тогтвортой байдал гэдэг.

-Засгийн газар бүхэлдээ муу ажиллалаа гэж дүгнэж байгаа юм уу? Хэрэв тийм бол эрт солио, сэлгээ хийж болоогүй юм уу?

-Элгээрээ хэвтсэн эдийн засгийг эрүүлжүүлэх, тулгамдсан өрийн дарамтаас гарах, эдийн засгийг эрчимжүүлж өсөлт бий болгох, хямралыг тогтворжуулах чиглэлээр зүтгэж ажилласныг хэлэх хэрэгтэй. Ялангуяа ОУВС-ын хөтөлбөрт хамрагдах чиглэлээр МУ-ын Засгийн газар, Сангийн яам, сайд Б.Чойжилсүрэн санаачлага зүтгэлтэй ажилласныг хэлэхийг хүсч байна. Олон улсын зарим байгууллагууд Монгол Улсыг дефолт зарлахыг зөвлөж байсан энэ цаг мөчид Олон улсын зах дээр бонд босгож, тулгамдсан өрийг төлсөн нь манай эдийн засагт гэрэл гэгээ авчирсныг хэлэх нь зүйтэй. ХАА, хүнсний салбарт мах экспортлох, ХАА-н техникийг урт хугацаанд лизингээр олгох, хөрш орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан ойлголцол бий болгох чиглэлээр сайд П.Сэргэлэн идэвх зүтгэл гаргаж ажилласан. Эрүүл мэндийн салбар олон жилийн дараа мэргэжлийн сайдтай болж, тусгай хөтөлбөрүүд дэвшүүлж ажилласан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар ч бас чамлалтгүй ахиц дэвшил гарсныг хэлэх нь зүйтэй. Засгийн газар кабинетын зарчмаар ажилладаг тул зарим сайд нарын хувьд төлөвлөсөн ажил, хэрэгжүүлэх хөтөлбөрөө дуусгаж чадаагүй нь харамсалтай. Гэхдээ шинэ Засгийн газарт сайн ажилласан сайд нарт орон зай байгаа гэж ойлгож байгаа.

-Шинэ Засгийн газар хэзээ байгуулагдах вэ? Танай фракцууд зөвшилцөөд л байгаа бололтой. Хэн Ерөнхий сайд болох вэ? Хэн хэн сайдын цүнх авах гэж байна. 

-Тун удахгүй Ерөнхий сайдыг томилно. Ерөнхий сайд танхимынхаа сайд нарыг оруулж ирэх байх.Өр төлөх, өвөлжилт, малын халдварт өвчин, төсвийн тодотгол, шинэ оны төсөв батлах, ОУВС-ийн хөтөлбөр гээдЗасгийн газарт хийх ажил их байна..Манай намд Ерөнхий сайд, салбарын сайд хийж чадах хүмүүс маш олон бий. Яг энэ үед хэн Монгол Улсын Засгийн газрыг сайн ажиллуулж чадах вэ? гэсэн сонголт явагдаж байна. Сонголтыг зөв хийж чадна гэдэгт илгэлтэй байна. Ер нь удирдагч ямар ч байж болно. Харин шийдвэр гаргахдаа Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг түрүүнд нь тавьж чаддаг хүн байх хэрэгтэй. Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн 27 жилд дүр эсгэсэн ардчилал, тийм удирдагч нарын балгаар улс гэр сүйрч, ард иргэд ядуурлын туйлд орсон нь үнэн.Өнгөрсөн хугацааны бидний алдаа бол удирдагчдаа зөв сонгож ажиллуулж чадаагүйд л байгаа юм.Улсын эрх ашгийг түрүүнд нь, бүлэглэл хувийн эрх ашгийг дараа тавьж чадвал хөгжил дэвшил өөрөө хүрээд ирнэ. Хөгжил дэвшлийг өөр газраас хайгаад хэрэггүй.

-ОУВС-ийн хөтөлбөр цаашид яаж хэрэгжих бол?

-ОУВС-тай хамтарсан хөтөлбөр нь Монголын эдийн засагт ач холбогдолтой. ОУВС-ийн хөтөлбөр бол МУ-ыг хөгжүүлэх хөтөлбөр биш. Макро эдийн засгийг тогтворжуулах, гаргасан алдааг засах чиглэлээр бидэнд туслаж, хамтарч ажиллаж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр бодит байдлыг зөв үнэлэх, төсөв мөнгөний бодлогын зөв төлөвлөлт, төсвийн сахилга батыг сахиж, бодлогын алдаануудыг засаж, урт хугацаанд хөгжлийн зөв суурь тавигдах тустай гэж ойлгож байгаа.

-Ерөнхий сайд УИХ-аас байсан дээр гэсэн мессеж их явж байна. Бүгд давхар дээлтэй байх тухай ч яригдаж байна. Та ямар саналтай байна?

-УИХ-ын гишүүний мандат авсан хүмүүст давуу, сул тал аль аль нь бий. Монгол улсыг хөгжүүлж, ард түмний амьдралыг дээш татаж шударга үнэний талд зогсож, амжилт гаргаж чадаж байвал хаанаас тавигдах нь гол биш гэж бодож байна. Монголын бүх цэцэн мэргэд, ухаантайчууд, эх орончид шалгараад УИХ-д суучихсан гэж би боддоггүй. Монголын төр Засгийн газраа манлайлагчаараа удирдуулах торгон агшин ирсэнийг мэдэрч байна. Дахиж алдаатай, буруу томилгоо хийвэл алдаагаа бид засаж чадахгүй. Хэнд мэдлэг, чадвар, туршлага хүч чадал, эх оронч үзэл байна, тэр манлайлагч байдаг.Харамсалтай нь бид манлайлагч нараа дандаа хойноо хоёрдугаар эгнээд авч явдгаас мухардалд ороод байгаа юм. Хямрал удирдагч нарыг сорьж, шалгалт авч, тодруулж өгдөг гэдэг. Одоо зарим хүмүүст тодрох боломж, цаг хугацаа ирж байна.

-Сайд дарга болох сонирхолтой хүн сүүлийн үед олширч байгаа бололтой. Та сайд болох уу? Төрийн албанд мөнгөний нөлөөллийг их ярих болж?

-Таны асуулт хоёрдугаар ээлж хоолонд ороход та орох уу? гэж асууж байна гэж ойлгож байна. Би сайд болох гэж гарын үсэг зураагүй. Одоо ч тэр талаар бодоогүй л байна. Уг нь тэр сайдыг чинь хамгийн мэдлэгтэй, туршлагатай, зүтгэлтэй, эх оронч жинхэнэ шилдэгүүд нь хийх ёстой гэж боддог ш дээ. Гэтэл өнгөрсөн 27 жилд энэ зарчим алдагдаж, хэн ч хийж болдог гэсэн сэтгэлгээ нийгэмд газар авсан. Үүнийг улс орноороо айл гэр болж тоглох гээд байгаа юм. Одоо ч айл гэр болж тоглосоор л байгаа. Хөгжлийн мухардлын олон шалтгааны нэг нь энэ. Улс төрд орж хоол иднэ гэвэл бүр том эндүүрэл болно. Сүүлийн үед төрийн албанд мөнгөний нөлөөлөл байгаа талаар их ярих болж. Хэрвээ тийм зүйл байдаг бол харамсалтай л байна. Мөнгө төлж төрийн албанд очоод Монголыг хөгжүүлнэ гэж байхгүй л дээ. Учир нь зорилго нь өөр юм. Мөнгөтэйд нь төр удирдах ухаан заяадаггүй. Ухаан заяасанд нь мөнгө байдаггүй. Хоёулаа нэг хүнд заяах нь ховор байдаг юм гэсэн. Монгол төрийн алба мөнгөнөөс ангид байх ёстой. Михайлд бодол бий гэдэг шиг сайд болчихъё гэсэн бодолтой улс төрчид байгаа л байх. Байх ч ёстой. Улс төрч болгон статистик унших шаардлагагүй байх. Харин улс төрчид рейтингээ заавал уншиж байх шаардлагатай.

-Ард иргэдийн төрд итгэх итгэл буурч байна. Маш их муу мэдээлэл дунд байна?

-Төрд итгэх итгэл буурч байгаа нь маш муу үзүүлэлт. Төр засгийн үйл ажиллагаа ил тод биш, төрийн ажил хүнд суртал ихтэй,авилгатай тэмцэх тэмцлээ сулруулсан, амалсанаа биелүүлэхгүй байх, баялагийн тэгш бус хуваарилалтаас үүдэлтэй баян хоосны ялгаа ихсэх, ядуурал нэмэгдэх, гэмт хэрэг буурахгүй түүний золиос болох гэх мэт олон зүйлээс итгэл буурдаг. Ард иргэдийн дунд зөв мэдээллээс гадна буруу мэдээлэл маш их байна. Үүнд төр засгийн гаргасан шийдвэрийг мушгисан, гуйвуулсан, бодит байдлыг үгүйсгэсэн, ард иргэдийг буруу зүйлд уриалсан, турхирсан, садар самуунд уруу татсан, гүтгэсэн доромжилсон гээд цуварч эхэлнэ.

Ардчилал гэдэг нь дураар дургихын нэр биш л дээ. Аливаа зүйлд хэм хэмжээ гэж байдаг. Тухайлбал Монголын сошил ертөнцөд төрийн болон эрх зүйн зохицуулалт хэрэгтэй боллоо. Үүнийг яагаад ярихгүй байна. Монгол Улсын тусгаар тогтнол, хөрш орнуудын харилцаа, хувь хүний халдашгүй байдалд сэв суулгах мэдээлэл маш их тарж байгаад харамсаж л байна.

-Монголын улс төр энэ өвөл, хавар нилээн ширүүн байх төлөвтэй. Багш нар цалингаа нэмэгдүүлэх, ажил хаях тухай ч мэдэгдлүүд гарлаа. Бидний амьдрал нэг л болохгүй байна. Яагаад? Таны санал?

-Ардчилсан нийгэм байгуулах нийгэм, эдийн засгийн хамгийн муу загвар Монголд хэрэгжиж байна.Нотолгоо нь авилга, хээл хахууль, баялагийн тэгш бус хуваарилалт, түүнээс үүдэлтэй ядуурал, гэмт хэргийн өсөлт, богино мөчлөгт санхүү эдийн засгийн хямрал, байгаль орчны доройтол, хөгжлийн мухардал, өрийн хямрал гээд үргэлжилнэ. Цалингаа нэмүүлэхээр тэмцэж буй багш нарын тэмцлийг буруу гэж болохгүй. Монголд багш нар гэлтгүй эмч, цагдаа, батлан хамгаалах, хил гааль гээд бүх салбарт цалинг нэмэх шаардлага байна. Бидний цалин, тэтгэвэр нь амьдралд хүрэлцэхгүй байгаа нь үнэн. Нэмэгдүүлье гэхээр мөнгө нь алга. Улсын төсөв нь 2.7 их наяд төгрөг буюу ДНБ-ний 10.4 хувийн алдагдалтай. Цалин тэтгэвэрийг бага зэрэг нэмэгдүүлье гэвэл бүтээн байгуулалтыг тэглэх гарц л байна. Сургууль, цэцэрлэг барихгүй гэсэн үг. Бусад зардлыг тэглэх боломж алга. Манай эдийн засгийн өнөөгийн загвар хуримтлал үүсгэж чадахгүй байна. Цаашдаа ч үүсгэж чадахгүй.Хуримтлалтай төр хүчтэй байдаг. Манай төр хүчгүй байгаа нь хуримтлалгүй, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байнга өрийн дарамтанд амиа аргацааж ирсэнтэй холбоотой.

Бидний явж буй зам мухардсан. Мухардсанаа бүгдээрээ мэдэж байгаа мөртлөө мэдээгүй юм шиг Монголыг хөгжүүлнэ гээд байгаа нь харамсалтай. Энэ загвараар хөгжихгүй гэдэг нь баталгаатай.Эдийн засаг өсөөд байгаа мөртлөө ядуурал нэмэгдэж баялагийн хараалд өртсөн нь хөгжлийн загвар буруу байгаагийн хамгийн тод жишээ.
Монголд “Хөгжлийн шинэ загвар” шаардлагатай.

-Эдийн засгийн шинэ бодлого, шинэ загвар гэдэг нь юу вэ? Та УИХ-ын чуулган дээр нилээд ярьж харагддаг.

-Энэ маш том сэдэв. Товч хариулъя. Хөгжлийн загвар гэдэг нь өөрийн онцлогт тохирсон хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний хэрэгжилт, хувь хүний эрх ашгийг зохицуулсан төрийн зохицуулалтын хослол гэдэг. Эдийн засгийн зөв загвар улс төрийн сайн тогтолцоотой хослож амжилтанд хүрнэ. Бүхнийг хувийн хэвшилд найдаад хаях биш, төр хувийн хэвшлийн зохистой хослолыг бий болгох тухай асуудал энэ хүрээнд яригдана. Хөрөнгийн захыг бодитой хөгжүүлэх, авилгатай тэмцэх, ялангуяа улс төрийн авилгыг таслан зогсоох асуудал энэ асуудлын хүрээнд онцгой ач холбогдолтой. Дунд, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах суурийг байнга тавьж, өсөлтөө тогтворжуулж, хуримтлал болгох эдийн засгийн загвар бидэнд хэрэгтэй.

Монголын онцлогт тохирсон, дэлхийн хамгийн сайн загварыг Монголд нутагшуулах асуудал чухал байр суурь эзэлнэ. Тухайлбал Нордик буюу Умардын загвар, Шинэ эдийн засгийн асуудлууд гэх мэт. Үйл ажиллагааг биш, үр дүнг санхүүжүүлэх, хуримтлал байнга нэмэгдэх загвар гол цөм нь байна.Хөгжил дэвшил гэдэг нь хүний хөгжил мөн. Энэ утгаар хүнд, мэдлэгт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыг ярьж болно. Хөрш орнууд, бүс нутгийн хөгжил, олон улсын томоохон бүтээн байгуулалтад оролцож, дэлхийн хэмжээний бизнесийн загвараар тоглох, тэдний хэмжээнд сэтгэх асуудал хамгийн чухал. Өнгөрсөн хугацаанд бидний сэтгэлгээ хайрцаглагдсан байна. Хайрцагнаасаа гарч сэтгэх шаардлагатай байгаа юм. Бид сэтгэж чадвал боломж бол байна. Бид гутранги сэтгэлгээтэй байна. Зөвхөн Монголдоо бие биентэйгээ өрсөлдөх биш, дэлхийд өрсөлдөх шаардлагатай. Манай бөхчүүд, боксчид спортынхон дэлхийд өрсөлдөж тэдэнтэй эн тэнцүү байна.

Манай улс төрчид, эдийн засагчид, бизнес эрхлэгчид, сайд дарга нар яагаад дэлхийд өрсөлдөж чадахгүй байгаа юм бол. Дэлхийд өрсөлдөхөд юу саад болоод байгаа юм бол. Тэр саадыг арилгах нь шинэ эдийн засаг, шинэ загварын чухал хэсэг байх болов уу? Ардчилалын үндсэн гурван тулгуурын нэг эрх чөлөөг бид сайн мэддэг. Тэгш эрх, шударга ёсны соёлыг мэддэггүй. Энэ гурвыг хамтад нь нь хөгжүүлэх нь бас нэг хэсэг нь байх юм.Өнгөрсөн хугацаанд бид Монголд маш өндөр эрсдэлтэй нийгэм, эдийн засгийг бий болгосон. Үүнийг засах шаардлагатай.

-Та Монгол Улсын нийгэм, эдийн засаг өндөр эрсдэлтэй гэж хэллээ. Энэ талаар ярина уу?

-Эрсдэл гэдэг нь “ирээдүйд бий болох таагүй үйл явдал” гэж ойлгож болно. Монгол Улс эрсдэл өндөртэй улсын тоонд ордог. Монгол төрийн тогтолцооны гажиг, үүнээс үүдэлтэй хариуцлагагүй, сахилгагүй байдал, баян хоосны ялгаа, ядуурал, иргэдийн төрд итгэх итгэлийн сулрал нь улс төрийн эрсдэлийг өндөр болгож байна. Монголын улс төрийн намууд төлөвшөөгүй, ашиг хонжоо, албан тушаал дагасан хүмүүсийн бүлэглэл, сонгуулиас сонгуулийн хооронд иргэдийн тархийг угааж, өөртөө оноо цуглуулах болсон нь иргэд дургүйцэж байна. Иргэдийн дургүйцэл улс төрийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Манай аюулгүй байдалд хохирол учруулах том аюул бол эв нэгдэл алдагдах гэж үзэж байна.Саяхан болсон ерөнхийлөгчийн сонгуулиар Монголын ард түмэн 2 хуваагдаж, энэ хуваагдал одоо ч үргэлжилж байгаа нь аюултай. Шинэ ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, холбогдох байгууллагууд энэ хуваагдлыг арилгаж, үндэсний эрх ашиг, Монголоо хөгжүүлэх, үзэл бодлоо нэгтгэх санаачлага гаргаж ажиллах нь чухал байна. Улс төрийн талцал сайн зүйл биш. Талцал нь хуваагдал, мухардал, өширхөл, өс авалт болж үргэлжилдэг. Төрийн институцуудын хяналтын тогтолцоо сул, эрх мэдлийн хуваарилалт ойлгомжгүй, хариуцлагагүй байдал газар авах, авилга тэлэх, нийгмийн бухимдал ужгирах нь Монголын нийгмийн улс төрийн эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.

Эдийн засгийн хувьд эрсдэл бас л өндөр байна. Манай уламжлалт экспортын бүтээгдэхүүний үнэ унах, хөрш орнуудын худалдааны хориг, тэдний эдийн засгийн бууралт, татварын ялгавартай бодлого, санхүү эдийн засгийн хямрал, ГХО буурах, дотоодын бодлогын алдаанаас өрийн дарамтанд орох, эдийн засагт таагүй байдал үүсэх, үндэсний мөнгөн тэмдэгт үнэгүйдэх гэх мэт эдийн засгийн эрсдэл байна. Эдийн засагт улс төрийн нөлөөлөл өндөр, уул уурхай дээр суурилсан, нэг зах зээлээс хамааралтай, төсвийн зардал байнга өсөж байдаг, улс төр, эдийн засгийн өрсөлдөөн, эвлэршгүй сөргөлдөөний хэлбэрт шилжиж, хямрал гүнзгийрэх, байгаль экологийн гамшиг, мал амьтны халдварт өвчин нүүрлэж болзошгүй эрсдлүүд үүсэж байна. Эрсдэлийн эсрэг авах хэмжээг “эрсдэлийн менежмент” гэдэг. Монгол Улсын эрсдэлийг салбар бүрээр гаргаж, Монголын төр, Засгийн газрын өдөр тутам хийж байх ажил болгон хуульчилж, өндөр ач холбогдол өгч ажиллах шаардлага тулгарч байна.

Эх сурвалж: olloo.mn

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.