ШИНЭ САЙД НАРЫН НЭРС ТОДРОВ

Өнгөрсөн долоо хоногийн хувьд шинэ Засгийн газрын сайд нарыг томилох, НИТХ-ын дарга Ц.Сандуйг орлох даргыг сонгох гээд улс төрийн хүрээнд олны анхаарал татсан олон үйл явдал өрнөлөө. ‘News’ агентлаг өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

У.Хүрэлсүхийн танхимын сайд нарын нэрс тодров

Монгол Улсын Ерөнхий сайд томилогдсоноос хойш танхимын сайд нараа томилох гэж багагүй хугацааг үдэв. МАН дотроо хэн хэнийг сайд болгох, ямар Засгийн газар бүрдүүлэх вэ гэдэг дээр тохиролцож чадахгүй байсаар өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт ажиллах сайд нарын нэрс тодорсон. Ерөнхий сайд танхимын сайд нарынхаа нэрсийг гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой. Үүний дагуу зөвшилцөх саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Харин Ерөнхийлөгч сайд нарыг зөвшилцөх асуудлаар маргааш буюу даваа гаригт хариу өгнө гэдгээ албан бусаар мэдээлээд байгаа юм. Хэрэв Ерөнхий сайдын нэр дэвшүүлж буй сайд нарыг зөвшилцсөн гэсэн хариу өгвөл ирэх долоо хоногт УИХ-д өргөн барьж, байнгын хороод, УИХ-ын чуулганаар томилох боломжтой. Мөн сайд нарт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүдийн ашиг сонирхлын зөрчилтэй эсэхэд АТГ-аас хариу өгдөг. Энэ хариугаа ч мөн өгсөн байгаа юм.

Сануулахад, МАН-ын бүлгээс дараах гишүүдийг сайдад нэр дэвшүүлээд байгаа юм.

  1. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх
  2. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин
  3. Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд
  4. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Г.Занданшатар
  5. Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
  6. Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
  7. Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
  8. Барилга, хот байгуулалтын сайдад Х.Бадельхан
  9. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат
  10. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа
  11. Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн
  12. Зам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ
  13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар
  14. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг
  15. Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл
  16. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад С.Чинзориг

НИТХ-ын даргаар С.Амарсайханыг томилов

Гурван ч сонгууль дамнасан 60 тэрбумын хэрэгтэй холбогдоод байсан НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулсан. Түүнийг хэн орлох, НИТХ-ын дараагийн дарга хэн байх вэ гэдэг нийслэлийн МАН дотор мөн л марафон өрнүүлэв. НИТХ дахь МАН-ын бүлгээс НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан, С.Амарсайхан нарыг нэр дэвшүүлж, санал хураасан ч тэдний хэн нь олонхын санал авч чадаагүй учраас НИТХ-ын хуралдааныг түр хойшлуулж, өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт хуралдсан. Ийнхүү дахин санал хураалтад Ц.Баярсайхан, С.Амарсайхан нар оролцож, С.Амарсайхан олонхын санал авч НИТХ-ын дарга болсон. С.Амарсайхан нь 2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Энэ хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллажээ.

1000 гаруй иргэн цасанд боогдов

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд цас орж, цаг агаарын нөхцөл байдал хүндэрснээс 1000 гаруй иргэн замд хаагдсан. Улсын онцгой комисс болон орон нутгийн онцгой байдлын газар, аврах ангийн хамт олон шуурхай ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан байна. Баруун, төв, зүүн аймгуудын нутгаар их цас орж, цасан шуурга шуурсны улмаас хот хоорондын болон олон улсын автозамын дагуу хүндрэл үүссэн. Үүний улмаас иргэд автомашинтайгаа цасанд суух, тээврийн хэрэгсэл цасанд боогдсон, мөстсөн замын дагууд халтиргаа гулгааны үүссэний улмаас автомашинууд замын хажуу руу гулгаж орсон, мөргөлдсөн, онхолдсон зэрэг 1000 орчим дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагын алба хаагчид ажиллан нийт 1349 хүний амь насыг авран хамгаалж, 242 автомашиныг цаснаас татаж гарган иргэдийн амь нас, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Хотын захиргааны үүдэнд нүцгэлж, эсэргүүцлээ илэрхийлэв

“Хархорин” худалдааны төвийн гадна талбайд худалдаа эрхэлдэг байсан иргэн С.Мэшэгээ ‘Хангарьд’ ордны үүдэнд нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлэв. Тэрбээр НИТХ-ын тэргүүлэгчидтэй уулзахаар ирсэн ч түүнийг оруулаагүйн улмаас ийнхүү нэг цаг орчим нүцгэлжээ. С.Мэшэгээ “Бид наймдугаар сарын 16-ны өдөр гудамжинд худалдаа эрхлээд зогсож байсан. Гудамжинд худалдаа эрхэлж байсан нь бидний буруу л даа. Гэхдээ бид зохион байгуулалтад ороод улсад татвараа төлөөд албан ёсны зөвшөөрөлтэй зогсох гэж сүүлийн хоёр жил явж байгаа. Гэтэл наймдугаар сарын 16-ны өдөр ‘Хархорин’ худалдааны төвийн түрээслэгчид гарч ирээд ална гэж дарамталсан. Тэр өдрөө дүүргийн Засаг дарга С.Одонтуяатай уулзсан. Уулзахад С.Одонтуяа “Та нарыг зохион байгуулалтад оруулах боломж байгаа. Гэхдээ нийслэл дэмжихгүй байна” гэсэн. Үүний дараа есдүгээр сарын 6-ны өдөр хотын захирагч С.Батболд Баянгол дүүргийн Засаг даргад “Ажлын байраар хангасугай” гэсэн үүрэг өгсөн байдаг. Гэтэл С.Одонтуяа “Журманд өөрчлөлт оруулж байж зөвшөөрнө” гэсэн. Иймээс бид есдүгээр сарын 19-ны өдөр суулт, 25-ны өдөр өлсгөлөн зарласан. НИТХ-ын даргаа хурдан томилоод бидний асуудлыг анхааралдаа аваач ээ” гэв. Тэрбээр ‘Хархорин’ худалдааны төвийн гадна худалдаа эрхэлж байсан 100 гаруй наймаачныг төлөөлж байгаа гэдгээ онцолсон юм.

“Чингис хаан” нисэх буудалд гал гарав

‘Чингис хаан’ олон улсын нисэх буудлын явах чиглэлийн танхим буюу татваргүй бараа байрлах танхимд гал гарчээ. Тухайн үед хилийн шалганд албан үүргээ гүйцэтгэж байсан Хилийн 0218 дугаар ангийн албан хаагч, дэд ахлагч Т.Өсөхбаяр гал гарсан хэсгийг шуурхай илрүүлж, ангийнхаа 10 гаруй нөхдийн хамтаар 15 минутын дотор галын тархалтыг зогсоожээ. Галыг хилийнхэн нисэх буудал доторх галын хор, усны шаланкыг ашиглан унтраасан байна. Татваргүй бараа буюу ‘Duty free’ худалдааны хэсэгт үнэртэй ус, тамхи, согтууруулах ундаа гэхчлэн шатамхай бараа ихтэй. Хэрэв хилийн цэргийнхэн галыг цаг алдалгүй унтраагаагүй бол олон улсын нислэг саатаж, нислэгийн үйл ажиллагаа доголдож хохирол их учрах байжээ.

600 гаруй мод шинээр тарьжээ

Жил бүрийн аравдугаар сарын 14-нд бүх нийтийн мод тарих өдөр өчигдөр тохиов. Энэ жил “Хүн бүхэнд цэвэр агаар-Мод бүхэнд ус” уриатай мод тарих өдөр 1000 гаруй мод усалж, 600 гаруй мод шинээр тарьжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Бүх нийтээр мод  тарих  үндэсний өдөр” -ийг 2010 оноос  эхлэн тэмдэглэн өнгөрүүлж байна.  Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлдэг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”  ундны усны  хамгаалалтын бүсэд ногоон байгууламжийн массыг нэмэгдүүлэх зорилгоор төлөвлөлтийн дагуу жил бүрийн тав, аравдугаар сард   мод тарилтын өдрийг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Мод тарих өдөр  20  гаруй  байгууллага, иргэд  1000 гаруй модонд цэнэг усалгаа хийж, тогоог нь цэвэрлэн, хөл газрын ургамлыг устган, бүтээлчээр оролцлоо. Мөн  улиас, чацаргана, агч   гэсэн  гурван  төрлийн 600 гаруй  мод  шинээр тарьсан байна.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.