ЭВГҮЙ 65, ЭВТЭЙ ЕС

Эе эвийг сахиж чадахгүй бол УИХ-д 65 суулаа  ч нэмэргүй, эв нэгдлийг хангаж ажиллавал есүүлээ байсан ч цөөддөггүй аж. Эвдрэлцсэн 65-аас эвлэсэн ес илүү юм байна.

УИХ-д 65 суудалтай бүлэг Засгийн газраа унагаснаар шинэ танхим байгуулахаар бужигналдаж байна. Сайд нар нь 100 хувь парламентаас бүрдэх болж буй нь нийгэм даяар “Хүчтэй Засгийн газар бүрдэх нь” гэсэн давалгааг үүсгэж буй ч Ерөнхий сайд 65-ын бүлэгтээ эргэлзэж буйг энэхүү бүрэлдэхүүн харуулна. Хэрэв зээ гүйцэтгэх засаглалын тэргүүн бүлэгтээ эргэлзээгүй бол давхар дээл өмсөцгөөн шоу хийж байсан урьдын улс төрийн жагсаалаа сануулан танхимаа 100 хувь парламентаас бүрдүүлж, онигоонд орох хэрэг байсан гэж үү. Үгүй шүү дээ.

Хувь заяаны шоглоом ч гэх үү Ерөнхий сайд 32-ын “бүлэг”-тэй ширээний ард сууж, хийхгүй гэсэн тохироогоо ч хийлээ. Гэсэн ч эргэлзээ байсаар.

Арга ч үгүй юм. Хоёр долоо хоногийн өмнө УИХ-аар Ерөнхий сайдыг томилох болоход 32-ын “бүлэг”-ээс 28  гишүүн нь хамраа ч цухуйлгаагүй.  Сонгуулиар авсан 65 суудлынхаа эзэн болох гэж бүлгийн дарга Д.Хаянхярваа нь хүчээр шахам сууж, Б.Бат-Эрдэнэ гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй нутаг нэг тул чуулганы танхимыг орхиж түвдээгүй болохоос биш үндсэндээ  32-ын “бүлэг” бойкот зарласан юм.

Хэрэв УИХ дахь Ардчилсан намын бүлэг ирцээр “бойкот” зарласан бол өнөөдөр 65 Ерөнхий сайд ч үгүй суух байв. Юун Засгийн газар байгуулах.

Гэвч УИХ дахь Ардчилсан намын бүлэг шоу хийсэнгүй, улс төрийн нугачаанд унаж, босож зовлон туулсан юм гэсэндээ ирцээрээ төдийгүй кнопоороо дэмжлэг үзүүлснээр Ерөнхий сайдыг баталж өгсөн. Энэ бол У.Хүрэлсүхэд хайртай гэхээсээ бодлогын хувьд УИХ дахь Ардчилсан намын бүлэг зөв явж байна гэсэн үг. Нөгөө талдаа эв нэгдлийг хангаж чадаж  буйн илэрхийлэл юм. Засгийн газраа яаралтай байгуулж, ажилдаа орох боломжоор хангахыг хичээсэн хэрэг.

Харин УИХ дахь 65-ын бүлэг одоог болтол эвлэсэнгүй, хоёр талцсан хэвээр л байна. Сайд нараа нэр дэвшүүлэхийн тулд УИХ дахь 33-ын “бүлэг” нь Төрийн ордны ордны гадаа, УИХ дахь 32 –ын бүлэг нь Төрийн ордон дотор хуралдав. Хоёр талаас гаргасан шийдвэрээ нэгтгэх гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь ч нэлээдгүй зүдрэв. Эв нэгдлээ хангаж чадсан бол хоёр тийш гүйж, үйлээ үзэхийн хэрэг юусан билээ.

Хамгийн зовлонтой нь, 32 –ын бүлэгтэй хэлцэл хийж, хийж, 33-ын “бүлэг”-т  санал болгохоор хүлээн зөвшөөрдөггүй. 33-ын “бүлэг”-ээс санал болгосныг 32 –ын бүлэг нь зөвшөөрдөггүй гээд, нэлээн л юм боллоо.

Бүтэн долоо хоногийг Ерөнхий сайд хоёр талцсан бүлгийнхээ дунд гүйсээр барлаа.

Уг нь Ерөнхий сайд нар өөрийн намын бүлэгтэйгээ учраа олох гэхээс илүү хүний намын бүлэгтэй эв зүйгээ олох гэж нэлээн юм болдог бол одоо бүлэг доторх сөрөг хүчинтэйгээ учраа олох гэдэг ажилтай болчихоод байна.

Эрх биш энэ амралтын өдрүүдэд Засгийн газрын танхим байгуулах саад тотгороо арилгасан гэж найдъя.

Шинэ Засгийн газар байгуулагдах эцсийн хугацаа ирэх лхагва гариг буюу аравдугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болно.

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. Засгийн газар тогтвортой байвал ядаж улс орны амьдрал хэвийн явна Албан тушаал гэж тийм их хэрэг болдог юм байх даа хөөрхий сэтгэлийн амар амгалан гэдэс цатгалан мөр бүтэн байвал хүний амьдралын утга учир үүнд оршмоор юм даа

Leave a Reply

Your email address will not be published.