Д.ЭРДЭНЭБАТ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ШҮҮХ ЭРХГҮЙ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсын 2018 төсөв, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцжээ. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Засгийн газар өнгөрсөн долоо хоногт 2018 оны төсвийн төслийг өргөн барьсан тул ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсэг 2018 оны төсвийн алдагдал, орлого, зарлага зэргийг хэр бодитой тооцож вэ гэдгийг нягтлах юм байна.

Мөн бүлгийн хувьд хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох, төрийн албан хаагчдын цалинг үе шаттай нэмэгдүүлэх. Нийгмийн салбарт хөрөнгө оруулалт хийхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах, өр нэмэгдүүлэхгүй байх зэрэг зарчмыг барих ёстой гэж үзэж буй аж.

Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар гишүүнийг томилсон УИХ-ын томилгоонд Ерөнхийлөгч хориг тавьсан.

Энэ асуудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хуулийн дагуу Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхтэй. Байнгын хороогоор хориг хэлэлцэх үед Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага хүссэн ч түдгэлзэж, хурлаа хийсэн. Энэ бүхэн нь хууль зөрчсөн.

Ардчилсан намын бүлэг Засгийн газрыг байгуулахад 100 хувь давхар дээлтэй сайд томилсныг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлж байсан. Ч.Хүрэлбаатарыг мөн Сангийн сайдаар томилсныг дэмжээгүй. Ардчилсан намын бүлгийн байр суурь хэвээрээ байгаа.

Засгийн газар зөвхөн төрийн албан хаагчдад хишиг хүртээх маягаар 55 тэрбум төгрөг олгохоор шийдвэр гаргасан нь бүх хүн тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн шийдвэрийг УИХ гаргасан гэж үзэж байгаа” гэлээ.

Бүлгээр хэлэлцсэн гурав дахь асуудал нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдсөн төрийн албан хаагчтай холбогджээ.

Төрийн албаны зөвлөлөөс өгсөн мэдээллээр 22 мянга гаруй төрийн албан хаагч ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Нөхөн олговор олгох зорилгоор 4.6 тэрбум төгрөг 2017 оны төсөвт тусгасан. Шинэ Засгийн газар хууль бусаар ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүсийг ажилд нь авах ёстой гэсэн байр суурь барьж буйгаа онцоллоо.

ДЭЭРХ МЭДЭЭЛЛИЙН ДАРАА СЭТГҮҮЛЧДИЙН АСУУЛТАД ХАРИУЛТ ӨГӨВ. 

-Ерөнхийлөгч тавьсан хоригтоо 30 гэр бүлтэй холбоотой асуудал хөндсөн. 30 гэр бүлийн нэг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гээд байгаа. Энэ асуудалд бүлэг ямар байр суурьтай байна вэ? 

-Ерөнхийлөгчийн хоригийг хэн нэг хөндлөнгийн хүн шүүх эрхгүй. Тэр тусмаа бүлэг шүүх эрх байхгүй. Ч.Хүрэлбаатарыг дэмжих боломжгүй гэдэг байр суурийг бүлэг өмнө нь илэрхийлж байсан. Урьд талын шийдвэр ижил учраас өмнөх байр сууриа хадгалж үлдэнэ.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-д давхар иргэншилтэй хүн байгаа гэсэн. Бүлэг энэ асуудлыг хэлэлцсэн үү? 

-Энэ нийгэм хардлагаар явж дууслаа. Улстөрчдийн хэлсэн үг болгон үнэн. Хардаж байгаа бол тухайн хүн шүүхэд хандаад шалгадаг газраар нь шагуулах ёстой. Сүүлийн үед улстөрчдийн үгэнд итгэхээ больсон. Харддаг, хардлагаа үнэн гэж нотлохыг оролддог.

Үндсэн хуулиар шүүхээр нотлогдоогүй бол үнэн биш ээ гэдгийг баталгаажуулсан. Тийм учраас сенсааци хөөхөө болих хэрэгтэй.

-2018 оны төсөвт төрийн албан хаагчдад 56 тэрбум төгрөгийг нөхөн олговор хэлбэрээр суулгасан гэх юм. Үүнийг дэмжих үү? 

-Өөрийн чинь хэлж байгаагаар дахин урамшуулал хэлбэрээр төсөвт хөрөнгө тусгасан байвал Ардчилсан нам байр сууриа илэрхийлнэ.

Засгийн газар цалин нэмэх боломжгүй шалтгаанаа Олон улсын валютын сантай хөтөлбөр тохирсон гэдэг юм хэлээд байгаа. Энэ бол Монголын санхүү гадаадын эрх мэдэлд шилжжээ гэдгийг нотлоод байгаа.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.