ХҮҮХЭД ХАМГААЛЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ НЭМЖ ТУСГАХ САНАЛ ГАРГАВ

УИХ-ын гишүүн З.Нарантуяа сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр, “Монгол Улсад гэр бүл, хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудалд онцгой анхаарч, охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бэхжүүлэх зайлшгүй шаардлага, нийгмийн хэрэгцээ бий болсон байна.  Үүний тод илрэл нь сүүлийн үед гарч байгаа хүүхдийн эрхийн зөрчлүүд, бие махбодийн хүчирхийлэл, ялангуяа бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргүүд зэрэг  сэтгэл эмзэглүүлсэн олон үйл явдлаар харагдаж байна. Энэ бүхний эсрэг иргэд санаачлан улс орон даяар “Нүдээ нээ” аяныг өрнүүлж эхэлсэн.

УИХ Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинээр баталсан. Эдгээр хуультай уялдуулан Эрүүгийн болон Зөрчлийн тухай шинэ хуулийг 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх болсон зэрэг хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх тодорхой алхам хийгдэж байгаа ч  бодит үр дүн нь хангалтгүй байгааг олон нийт анхааруулж байгаа.

Хүүхэд хамгааллыг бодитой хэрэгжүүлж чадахгүй, хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн одоогийн үйлчилгээний хүртээмж, чанар сул, Монгол Улсын нэгдэж орсон олон улсын гэрээнд заасан хүүхэд хамгааллын үндсэн зарчим, стандартыг хангахгүй байгаа тул нөхцөл байдал дорвитой сайжрахгүй  байна.

Хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэргийн гол шалтгаан нь архидалт, ядуурал, ажилгүйдэл зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд, түүнчлэн хүүхэд хамгааллын талаарх олон нийтийн ойлголт, мэдээлэл муу, хүүхэд хамгаалах тогтолцоо сайн бүрдээгүйтэй холбоотой ч хүүхэд хамгааллын үйлчилгээг хангалттай үзүүлэх төсөв, санхүүгийн хуваарилалт орхигдож байгаа нь сөргөөр нөлөөлж байгаа.

НҮБ-ын Хүүхдийн сангийн тусламжтайгаар Монгол Улсын хүүхэд хамгааллын өнөөгийн тогтолцоо, хүүхэд хамгааллын үйлчилгээний төсөв, санхүүгийн шинжилгээ, зардлын тооцоолол, хүний нөөцийн байдалд хийсэн судалгаагаар манай улсын хүүхэд хамгаалалд зарцуулж байгаа төсвийн 95 хувь нь хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын цалин, хөлс, урсгал зардалд, үлдсэн тавхан хувь нь хүүхдийн эрхийг бэхжүүлэх бодит арга хэмжээнд зарцуулагддаг.

Хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх, аюулгүй байдлыг хамгаалах, сэтгэлзүй, хуулийн хамгаалалт, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, аюулгүй орчинд байрлуулах, түр болон, удаан хугацаагаар байршуулах байруудад хүргэх, авах, хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ зэрэгт батлагдсан төсөв огт хүрэлцдэггүйгээс хуулийн заалт орон нутагт бодитойгоор хэрэгжих боломжгүй байдаг.

Хүүхэд хамгааллын тухай хуулийг “Боломжийн” хэмжээнд хэрэгжүүлье гэвэл 11.5 тэрбум, “Бүрэн сайн” хэрэгжүүлье гэвэл 21.1 тэрбум төгрөгийг жил бүрийн төсөвт тусгах шаардлагатай байгаа тооцоо судалгааг  олон улсын шинжээчид 2015 онд хийсэн.

Гэтэл Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуульд хүүхдийн тусламж, үйлчилгээний 108 утасны зардалд 216.7 сая, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Монгол Улсын Их хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр /2016-2020/-ийн  3.4.4-3.4.7 дэх заалтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардалд 1,054.4 сая төгрөг, хүчирхийлэлд өртөгсдөд үзүүлэх тусламж, дэмжлэгт зориулж 252.0 сая төгрөг тусган, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах төвийг ганцхан Ховд аймагт барихаар тусгасан нь хангалтгүй гэж үзэж байна.

Иймд эмэгтэй улстөрчийнхөө хувьд, хүүхэд хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шинэ шатанд гаргах хэрэгцээ шаардлагыг сануулах, сонордуулах үүргээ ухамсарлан, энэ удаагийн төсвийн бодлогоор дамжуулан хүүхдээ хамгаалах ажилд тодорхой дэвшил гаргах үүднээс хүүхэд хамгааллыг бэхжүүлэх арга хэмжээнд 10.0 тэрбум төгрөгийг нэмж тусгуулах санал гаргаж, саналыг дэмжихийг УИХ-ын гишүүдээсээ уриалж байна” гэлээ.

Дараа нь тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ш.ЧИМЭГ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.