О.БААСАНХҮҮ: БИ НАЙЗААСАА УУЧЛАЛТ ГУЙЖ БАЙНА О.Баасанхүү: Би найзаасаа уучлалт гуйж байна УИХ-ын чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай

УИХ-ын чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Тогтоолын төслийг гишүүдийн 67,9 хувь нь дэмжсэн юм.

Ингээд гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТЭРБИШДАГВА:

-Чингис бонд орж ирсний дараа 5,5 тэрбум ам.доллартай байж байгаад 4,5 тэрбум ам.долларыг Монголбанкны өмнөх удирдлага гөвчихсөн. Ингээд 1 тэрбум ам.доллартай байж байгаад одоогийн удирдлагууд валютын нөөцийг нэг дахин нэмэгдүүлээд байна. Гэхдээ сэтгэл ханаж болохгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:

-Ж.Батзандан бол миний найз. Би найзаасаа уучлалт гуйж байна. Би бүх хүнтэй найз. Хамгийн гол нь найз байлаа гээд зарчмын эсрэг зогсоно гэсэн үг биш. Эцэг, эх маань надад Баасанхүү гэдэг нэр өгсөн. Гэтэл Ж.Батзандан баас гэж намайг дуудлаа. Өмнө нь Ч.Хүрэлбаатар бас тэгж дуудаж байсан.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ОЮУНХОРОЛ:

-Арилжааны банкнуудын зээлийн хүүг бууруулах тал дээр Монголбанкныхан анхаарч өгөөч ээ.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН:

-Засгийн газрын үнэт цаас маш өндөр хүүтэй борлуулагдаж байгаа. Тиймээс зээлийн хүүг бууруулах гол үндэслэл бол эдийн засгийн ерөнхий орчныг сайжруулах, том төсөл хөтөлбөр эргэлтэд орох явдал юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН:

-Гишүүд хуульд заасан эрхээ эдэлж, тодорхой үг хэлсэн. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргын үгийг уламжилсны төлөө УИХ-ын Тамгын газрын дэд дарга солиороод бай гэж хэллээ. Та энэ хүндээ арга хэмжээ аваарай.
Улс төдийгүй айл өрх ч өрийн дарамтад орсон байна. Зээлийг өрхийн орлогоос хэтрүүлж олгодог арилжааны банкны ёс зүйгүй тогтолцоо үйлчилж байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ. хоёрдугаарт, хэд хэдэн банкнаас зээл авдаг тохиолдол байна. Гуравдугаарт, ЖДҮ-ийг дэмжиж бусад хэрэглээний зээлээс ялгавартай олгодог арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ?

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД:

-УИХ-ын Тамгын газрынхнаас би сая асуулаа. Солиороод бай гэж ярьсан хүн байхгүй гэж байна.

МОНГОЛБАНКНЫ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ГАЗРЫН ДАРГА Б.БАЯРДАВАА:

-Өрхийн өрийн дарамт нэмэгдсэн байгаа. Дээр нь өрхийн орлогыг өндөр үнэлж, тултал нь зээл олгодог зүйл байгаа. Иймд зээл хэт их шахахгүй байх, санхүүгийн эрх тэгш харилцаанд оролцох, зээлийн эргэн төлөлтөө хийх хувилбартай байх гэх мэт зүйлийг зааж өгнө.
Хоёрдугаарт, хэд хэдэн зээл давхар олгож байна гэж байна. Банк гэлтгүй банк бус санхүүгийн байгууллагууд ч давхар зээл олгож байгаа. Үүнтэй холбогдуулаад зээлийн нэгдсэн сангийн тогтолцоог сайжруулах боломжийг олгохоор ажиллаж байна.
Гуравдугаарт, ЖДҮ хоёр төслийн зээл арилжааны банкаар дамжуулан олгож байгаа. Үүнд хамрагдах боломж байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ:

-Монголбанкныхан гавьяа байгуулаад долларын нөөцийг 2 тэрбум болгочихсон юм шиг ярихаа болих хэрэгтэй. 1,5 тэрбум ам.доллар үлдээсэн шүү дээ. Монголбанкны Ерөнхийлөгч валютын нөөцгүй гэж мэдэгдэл хийснээс болоод асуудал үүсч байсан. Тэрийг ярихгүй, одоо магтаад байх юм.

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ үед УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат асууж тодруулах шаардлага байгаа тул гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж, завсарлага авлаа.

Үүний дараа Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж эхлэв.

УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд УИХ-ын гишүүн Сү.Батболд бол гишүүдэд Г.Занданшатар, Д.Цогтбаатар, Я.Санжмятав, Н.Энхболд нар багтдаг.

Тусгай хяналтын дэд хороонд байсан Д.Цогтбаатар, Г.Занданшатар нар Засгийн газрын гишүүн болсон тул Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос хоёр гишүүнийг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилох саналыг байнгын хорооноос ирүүлсэн байна.

Ингээд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарын нэрийг УИХ-д оруулж ирээд хэлэлцэж байна.
УИХ-ын чуулган үргэлжилж байна.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.