Т.ЛХАГВАДОРЖ “CONVERSATION WITH AMBASSADORS” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Бүгд Найрамдах Сингапур улсын томоохон их сургуулиудын нэг болох Сингапурын Менежментийн Их сургуулиас (Singapore Management University) уламжлал болгон зохион байгуулдаг “Conversation with Ambassadors” арга хэмжээнд Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадорж 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тусгай урилгаар оролцож, “Монгол Улс: социалист улсаас эдийн засгийн эрчимтэй өсөлт бүхий ардчилсан улс” сэдвээр илтгэл тавив.

Сингапурын Менежментийн Их сургууль нь 8800 гаруй оюутантай, бизнес, менежмент, хууль, эрх зүй зэрэг зургаан салбар сургуультай бөгөөд Америкийн бизнес менежментийн сургалтын тогтолцоог өвлөж авсан анхны Сингапурын их сургууль юм. Энэ ч хүрээнд үүсгэн байгуулагдсанаас хойш өөрийн болон бусад их, дээд сургуулийн оюутан, багш, бизнес эрхлэгч нарт зориулсан гадаад харилцаа, гадаад бодлогын тухай цуврал лекцийг зохион байгуулж, Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа гадаад улсын Элчин сайд нарыг урьж оролцуулдаг. Бүгд Найрамдах Сингапур Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Др.Ви Ким Ви нь дипломат, олон улсын сэтгүүлч байсан бөгөөд Сингапурын Менежментийн их сургуулийн харьяа Ви Ким Ви-гийн нэрэмжит төвөөс уламжлал болгон 2002 оноос хойш зохион байгуулж буй уг арга хэмжээнд нийтдээ 200 гаруй Элчин сайд нар оролцжээ.

Элчин сайд Т.Лхагвадорж илтгэлийнхээ хүрээнд Монгол Улсын түүх, өнөө үеийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, гадаад бодлогын чиг хандлага болон соёл, уламжлал, аялал жуулчлалын талаар танилцуулав. Түүнчлэн Монгол Улсын хөгжлийн цаашдын чиг хандлагын талаар хэлэлцүүлэхийн зэрэгцээ оролцсон оролцогч нарын сонирхсон асуултад хариулж, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.