АХУЙН БОХИР УС ЗАЙЛУУЛАХ ЦЭГИЙГ УС ТУСГААРЛАГЧААР ТУСГААРЛАЖ, ТОХИЖУУЛАХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Усны тухай хуульд заасны дагуу ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж гэрээ  байгуулахын өмнө тодорхой цэг толтоолгодог бөгөөд тухайн цэгээс ус нэвчүүлэхгүй байх найдвартай байдлыг хангах, эсхүл бага оврын цэвэрлэх байгууламжтай байх үүрэг хүлээжээ.  Уг заалтын хэрэгжилтийг хангахын тулд БОАЖЯ-наас АХУЙН БОХИР УС ЗАЙЛУУЛАХ ЦЭГИЙГ УС ТУСГААРЛАГЧААР ТУСГААРЛАЖ, ТОХИЖУУЛАХ ЖУРМЫН ТӨСЛИЙГ боловсруулан иргэд, аж ахуйн нэгжүүдээс санал авч байна. Төслийг бүрэн эхээр нь хүргэж байна.

НэгНийтлэг үндэслэл 

1.1. Энэхүү журмын зорилго нь ахуйн бохир ус зайлуулах цэгийг ус тусгаарлагчаар тусгаарлаж, тохижуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь ус ашиглах гэрээ байгуулахын өмнө цэгийн байршлыг Усны тухай хуулийн 13.1.4, 17.1.8-д заасны дагуу тогтоолгоно.

1.3. Ус ашиглагч тухайн цэгээс ус нэвчүүлэхгүй байх найдвартай байдлыг хангах, эсхүл бага оврын цэвэрлэх байгууламжтай байна.

1.4. Тухайн сум, дүүргийн байгаль орчны болон эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагч цэгийн ашиглалтад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг тухай бүр арилгуулна.

1.5. Сав газрын захиргаад цэгийн талаарх мэдээллийг усны нэгдсэн мэдээллийн санд жил бүр оруулна.

Хоёр.  Цэгийн байршил, тохижуулалтад тавих шаардлага 

2.1. Ахуйн бохир ус зайлуулах цэгийн байршлыг тогтоохдоо бохир ус зайлуулах цэг тогтоох МNS 6230:2010 стандартыг  мөрдөнө.

2.2 Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь Нүхэн жорлон, угаадасны нүх MNS 5924:2015 стандартын дагуу тохижуулалтыг гүйцэтгэж, тээврийн хэрэгслийн зогсоолыг хатуу хучилттай болгож, гадаргын ус зайлуулах суваг татсан байна.

2.3. Цэгийн гадна талыг гэрэлтүүлж, цэгээс гэр, сууц, ажлын байр хүртэл зам тавьж, цэгийн амсрыг хур борооны ус нэвтрэхээс хамгаалсан тагтай, сараалжтай болгож тохижуулна.

2.4. Цэгийн орчны нөхцөлөөс хамааруулан эргэн тойрныг тэгшлэх, хур, борооны ус, чийг шүүрч нэвчихээс сэргийлж, хатуу хучилт хийнэ.

Гурав. Цэгийн доторлогоонд тавих шаардлага

 3.1 Цэгийг бетон, төмөр бетон, геомембран болон бусад ус үл нэвчих материалаар доторлоно:

3.1.1 Бетон, төмөр бетон доторлогооны шаардлагыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 107 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан “Усны барилга, байгууламжийн бетон ба төмөр бетон бүтээц” /БНбД33-06-09/-ийн дагуу хангасан байна.

3.1.2 Энэхүү журмын 3.1-т зааснаас өөр Монгол Улсын стандартчилалын байгууллагаар баталгаажсан ус нэвчихгүй материал ашиглаж болно.

3.2 Хоногт 5 шоометрээс их бохир ус хуримтлагдах цэгийн доторлогоог батлагдсан зураг төслийн дагуу хийнэ.

ДөрөвЦэгийн ашиглалт, бохир усыг татан зайлуулах

 4.1. Цэгийн эзэлхүүний 70-80 хувь дүүрсэн үед зориулалтын техник, хэрэгслээр соруулж, тогтоосон цэгт зайлуулж хаяна.

4.2. Цэгт хатуу хог хаягдал хаяхыг хориглоно.

4.3. Цэг, түүний орчимд шаардлагатай тохиолдолд хөрсний бохирдлын шинжилгээ хийлгэж, халдваргүйжүүлэх арга хэмжээг сум, дүүргээс  жил бүр тогтоосон хугацаанд зохион байгуулна.

4.4. Цэгийн гэнэтийн осол, эвдрэлийн улмаас ус ашиглагч хаягдал усыг цэвэрлэхгүйгээр хаях болсон тохиолдолд Усны тухай хуулийн 24.3-т заасны дагуу арга яаралтай арга хэмжээг авна.

Тав. Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

 5.1 Энэхүү журмын нөхцөл, шаардлагыг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 6.15-д заасан хариуцлагыг ногдуулна.

 

 

 

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.