Монгол бахархлын өдөр – Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойн өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Н.Түвшинбаярт гардуулж Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үг

Монголчууд аа, эрхэм зочид оо,

Монгол бидний дундаас төрсөн аугаа суут хүн, Та бидний бахархал омогшлын дээд, эзэн богд Чингис хааны мэлмий гийсний 855 жилийн ой – Монгол бахархлын өдрийн халуун мэндийг та бүхэнд өргөн дэвшүүлье.

Эрдэмтэд, түүхчдийн тогтоосны дагуу Билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний энэ билэгт сайн өдөр хожмын аугаа удирдагч Тэмүжин тэнгэрийн бошгыг илтгэн, баруун гартаа шагайн чинээ нөж атган мэндэлсэн билээ.

Олон арван жилийн турш дагуул улсын коммунист, тоталитар дэглэмд нухчуулан байхдаа монголчууд Их хаанаараа омогшин, мэлмий гийсэн өдөрт нь соёрхол өргөх байтугай байгуулсан гавъяаг нь дурсах эрхгүй байлаа. Ердөө таван жилийн өмнөөс л бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болсон юм.

Энэ өдөр монгол улсын иргэд төдийгүй дэлхий даяарт тархан суурьшсан монгол угсаатнууд бүгд баярлан бахдаж байгаа. Биднийг Их хааны алдар нэр, суу билэг, сүр сүлд, алд биеэ бус аху Монголоо дээдлэх үзэл нь нэгтгэдэг юм. Монголчууд бид үеийн үед их хааныхаа нэр, сүр дор Монгол гэх нэрийг өргөж явах болно.

Дэлхийн олон нийт ч Чингис богдын суу билгийг хүлээн зөвшөөрдөг юм. Тийм ч учраас Америкийн “Вашингтон пост” сонин 1995 онд дэлхийн “Мянганы хүн”-ээр эзэн Чингис хааныг минь тодруулсан билээ.

Чингис хаан бол ертөнцийн явдлыг эрт таньж, амьдралын мөн чанар, утга учрыг энгүүнээр номлодог суу билэгтэн байлаа. Тэрбээр хоосон тансаглал, ихэрхлийг жигшин үздэг, “өчүүхэн ч шунахай ховдоггүй, харин даруу хялбарыг эрхэмлэн, элбэг тансагийг няцааж, арвич жирийн байдлыг дaгах,  ард иргэдээ нялх хүүхэд мэт энхрийлэн, эрдэмтэн мэргэдийг ах дүү шигээ тэтгэн дэмжих, юуг ч хийсэн санаа нэгтэй, харилцан бие биеийг өршөөн асрах сэтгэл түгээмэл” байхыг сурган номлох төдийгүй өөрийн биеэр үлгэрлэн хэрэгжүүлсэн удирдагч байсан. Их хаан атлаа “үхэрчин, адуучин лугаа адил хувцаслаж, ижил хооллодог” ард олныхоо адил энгүүн амьдралыг дээдлэдэг удирдагч байлаа. 855 жилийн өмнө төрсөн хүн гэхэд XXI зууны түгээмэл суртлыг үйл ажиллагаандаа хэвшүүлчихсэн их удирдагч бол дэлхийд цор ганц Чингис хаан байв.

Үндэстнийхээ түүх, уламжлалыг сайтар мэддэг их удирдагчийн хувиар Чингис хаан бээр “Санавал манай Шаньюй нарын улсаас хойш мянган жил зуун үе өнгөрөхөд өөр ийм улс байсан удаагүй. Миний тушаал их, үүрэг хүнд болсон учир би засаглалыг тэгшлэн үйлдэхдээ алив зүйлийг дутуудуулвай гэж эмээмүй” хэмээн айлдаж байжээ. Евроазийг дамнасан их гүрний эзэн хааны суурьнаас ингэж хэлж байсан гэдэг түүнийг ёс зүйтэй, өгөөмөр сэтгэлтэй хүн байсныг илтгэдэг.

Гэтэл өнөөгийн улс төрчид, төрийн алба хашиж яваа хүмүүсийн олонхи нь ямархуу байдалтай, ямархан сэтгэлтэй байгаа билээ? Төрийн өндөр албан тушаалд очсоныгоо ихэд санаж, Үндсэн хуулиар нийтийн өмч болохыг нь зарлан тунхагласан баялгаас хумслан, тансаглалд умбан бялуурч байгаа өчүүхэн сэтгэлт улстөрчдөд тэнгэрийн бошиг буухыг урьдчилан дохиолсон Чингис хааны билэг буй.

Төр хэмээгч нь ард түмнээ жаргаахын тулд оршдог болохыг Их хаантан сургаж байлаа. Чингис хаан нэгэнтээ Алтай нурууны орчимд буудаллаж ахуйдаа “Миний мэргэн харваач, цэрэг дайчид маань ойн нарс мэт жигдрэн нүүгэлтээд л, хатад, бэрс, бүсгүйчүүлийн маань хацар сарнай мэт улаа бутраад л байх юм. Миний сэтгэлдээ эрхэмлэж, хатангитан санах нь, эднийхээ аманд амтатныг хүлхүүлж, биеийг нь алтан саат хоргойгоор өвч чимж, эдэндээ харгам сайн аргамаг хөлөглүүлж, эднийгээ усны тунгалагаас ундлуулж, мал сүргийг нь соргог сэрмүүн бэлчээрт идээшлүүлж, их замаар урагшлахад хотол зоны хөлд тээглэж байгаа чөдөр өвс, сөрдгөр үзүүр зэрэг тээртэй бүхнийг арилгаж өгөх болой” хэмээн айлдсан нь Монгол төрийн мөнхийн бодлого юм.

Ард иргэд ээ, Монгол бахархлын энэ өдөр та бид эзэн Чингис хааныхаа билэг сургаалыг сэргээн санаж, үйл хэргийг нь үргэлжлүүлэх сэтгэл, сэдлийг олдог байх учиртай. Их хаантан гавъяатныг зүй ёсоор шагнаж, дээдлэх, гэмтэнд зохих шийтгэлийг оноохыг төрийн чухал үүргийн нэг хэмээн үздэг байсан юм. Өнөөдөр уламжлал ёсоор Чингис хааны одонг монгол түмний дундаас тодрон гарсан авъяас билэгтэн, гавъяа зүтгэлтэнд олгох учиртай.

Чингис хааны мэлмий гийсний 855 жилийн ойд соёрхол дэвшүүлэх энэ өдөр Монгол улсын олимпийн анхны аварга, анхны олимпийн хошой медальтан “найдвар алдаж үзээгүй” хэмээн олондоо хүндлэгдсэн Найдангийн Түвшинбаярт Чингис хааны одонг гардуулахаар шийдвэрлэлээ. Спортын салбарынхнаас Н.Түвшинбаярт анхлан энэ хүндэт  шагналыг олгож байна. Монголчуудын эв эвдэрч, сэтгэл санаа булингартан, түгшүүр бухимдал буглан байсан хар өдрүүдийг олимпийн анхны аварга төрөн гарсан баярт мэдээ хэрхэн гэрэлтүүлж, эвлэлдүүлэн нэгдүүлж, баясган хөөргөж байсныг монгол түмэн мартах учиргүй. Н.Түвшинбаяр бол нийт монголчуудын эх оронч үзлийг бадрааж, үндэстнээ дээдлэх сэтгэлийг нь оргилуулан бадраасан гавъяатан билээ. Н.Түвшинбаяр нь шаргуу хөдөлмөр зүтгэлийн эзэн төдийгүй ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ чанд ухамсарлаж, хариуцсан ажлаа дээд зэргээр гүйцэтгэхийн жишгийг бодитоор харуулж, амжилтын оргилыг байнга дээшлүүлэн өргөж байхын үнэ цэнийг илтгэн харуулсан монгол сод тамирчин билээ.

Найдангийн Түвшинбаярт Чингис хааны одонг гардуулахдаа би төрийн албан хаагчид, улстөрчид, хууль тогтоогчдыг түүн шиг эрхэлсэн ажилдаа гаргуун байж, төр түмнийхээ өмнө гавъяа байгуулах сэдлийг тээж яваасай хэмээн хүсч байгаа юм. Хүлээн авна уу. Улстөрчид төрийн албан тушаал хашсан он дараалал, эрэмбээрээ бус ард түмнийхээ өмнө хийсэн ажил, байгуулсан гавъяагаараа Их хааны нэрэмжит шагналыг хүртдэг байгаасай хэмээн уриалж байна. Авлигатай тэмцэх үүрэгтэн нь ажлаа хийсэн шиг хийдэг, хууль тогтоох байгууллагад сонгогдсон нь хуулиа боловсруулсан шиг боловсруулж, баталсан шиг баталдаг, Засгийн газрыг удирдаж байгаа нь ч Ерөнхий сайд шиг Ерөнхий сайд байх нь ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, гүйцээн биелүүлж байгаагийн илрэл байгаасай гэж хүсэж байна. Хариуцсан ажлаа хийсэн шиг хийсэн хүнийг түмэн олон гавъяатан хэмээн үнэлдэг агаад тийм хүмүүст Их хааны нэрэмжит шагнал нээлттэй байх нь дамжиггүй.

Монгол бидний үеийн үед дээдлэх шүтээн Эзэн богд Чингис хаан минь, таныхаа суу билэгт бишрэн мөргөе. Таны минь сүр сүлд, хийморь лундаа монгол биднийгээ үргэлж мөнхөд ивээнэ гэдэгт гүнээ итгэж байна.

Монгол Улс ашид оршиж, Мөнх тэнгэр биднийг ивээг !

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.