МАН-ЫН “АТОМ”

Хүн бүрийн амьдралын замналыг тоочин өгүүлэх нь өгсөж уруудсан үнэн түүх эс бөгөөс алдаа онооны арвин цуглуулга нүдний өмнө, гарын бичвэрт зурайн тодрох нь бий. Тэр дундаа, улстөрчдийн түүх, намтар гэдэг хаяадаа урт харанхуйн замаар бидрэн алхаж буй түлээчний амьдрал мэт санагдах нь бий. Эрсдэл хийгээд гэрлийн тусгалыг бодоход шүү дээ. Тэгвэл Монголын улс төрд мод болж ургах эс бөгөөс мода болж хэлбэрдэх хоёр хувилбарт залуу нас, эрч хүчээ зориулж яваа улстөрч залуусын тэргүүнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дашзэгвэгийн Амарбаясгалан яах аргагүй бичигдэж таараа.

Түүнийг 30 шүргэм насны цэл залуу улстөрч гэдгээр нь харвал буух буудал, буцах зам нь хаана байх вэ хэмээн эргэлзэж гайхмаар. Харин Монголын хамгийн том улс төрийн хүчин болох МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар хоёронтаа сонгогдож буйг нь бодвол лидер дагасан улстөрч залуусын жимээс эрт өндийж, толгойгоо өргөлөөдөө гэж санагдах. Гэсэн ч төдийгөөс өдий хүртэлх МАН-ын түүхийг залуу нас чимсэн нь олон ч эргээд буухдаа хэн болж үлдэцгээснийг нь бодоход бас л хэцүү. Гагцхүү орчин цагийн улс төрд олзуурхаж харах нэгэн өнцөг нь залуус эрчтэй бас хүчтэй, гол нь үнэн байж чадвал ирээдүйн 20-30 жилийн түүхийг ноён нуруу, үзэл санаа, итгэл үнэмшлээрээ бичих боломжтой нь сайшаалтай юм. Ийм жишиг болох үүрэг ч өнөөдөр Дашзэгвэгийн Амарбаясгаланд оногдлоо. МАН-ын Бага хурлын гишүүдийн олонх нь түүнд хоёрдахь удаагаа итгэл хүлээлгэж буй нь үүнийг гэрчилнэ.

Гэхдээ хувь улстөрчид өөрт нь сануулахад ялалт үүгээр дуусахгүйтэй адилхан үүгээр ч бас эхлэхгүй байж мэдэх юм. Учир нь, МАН-ын дэргэдэх НАМЗХ 100 мянга гаруй гишүүнтэй. Тэд дор бүрнээ улстөрч, цаашлаад МАН-ыг удирдах хүсэл тэмүүлэлтэй. Улс төрийн намын батлах гардаж авсан зорилго нь ч энэ. Өөрөөр хэлбэл, МАН-д Д.Амарбаясгалан ганцаараа бус 100, 100-гаараа байгаа гэсэн үг. Ийм нөхцөлд үеийнхнээсээ түрүүлж хашсан албан тушаал хувь улстөрчийнх нь эрсдлийг нэмж, алдааг нь илүү тодруулж харагдуулах гэмтэй. Үүнийг дагаад улс төрийн насжилт ч богино байхыг үгүйсгэх аргагүй. Өөрөөр хэлбэл, тэрбээр МАН-ын лидерүүдийн зөрчил, хагарал дундуур өөрийгөө золиосолж мэдэх эрсдлийг нуруун дээрээ үүрчихлээ.

МАН-аас Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Б.Баярмагнайгаас өөр түүнтэй Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөх хүн гараагүй гэдгийг бодоод үзэхэд хангалттай. Тэр дундаа, 2020 оны УИХ-ыг угтсан улстөржилт энэ жилээс эхэлж, намдаа өнгө нэмэхээс илүүтэй алдааг нь чичлэх улстөрчдийн цуваа өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тэр хэрээр, УИХ-д нэр дэвших эрх олж авах цаашлаад МАН-ын одоогийн удирдлагын багийг муухай харагдуулах улс төрийн шунал ч идэвжих нь тодорхой. Цаашлаад, улс төрийн намын ялалт, ялагдлын цикл дөрвөн жилээр хэмжигддэг гэж үзвэл Ерөнхий нарийн бичгийн даргын суудал нэг их ашигтай эс бол боломж олгох чинээ сэтгэгдэл төрүүлээгүй байж мэднэ. Дээр нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн характерийг дагаж бус давж гарах хүн МАН-д хэрэгтэй байсан нь мэдээж.

Учир нь, Д.Амарбаясгалангийн хувьд зөөлөн нь дэндээд эс бол шазуур нь ихдээд намаа хагалах хэмжээний хурц улстөрч биш. Гэхдээ ч ганцын зэрэг үгийг хариугүй үлдээж чадах ч, хоёр дахь дайралтыг бол дотроо дараад гарах хэмжээний номхон нэгэн биш. Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн эсрэг хийсэн түүний улс төрийн тэмцэл өнөөдөр Монголын улс төрд дутагдаж буй сөрөг хүчний орон зайд үлгэрлэхүйц хэмжээний акц болж чадаж байлаа. УИХ-ын 2016 оны сонгуульд ч, НИТХ-ын сонгуульд МАН-ыг ч үнэмлэхүй олонхийн суудал авахад түүний 2012-2016 онд нийслэлд өрнүүлсэн улс төрийн тэмцэл томоохон хувь нэмрээ оруулсан гэдгийг ч намынх нь үнэлдэг.

Харин хувь улстөрчийнх нь араншинг тодотгох нэг тодорхойлолт бол холбогч. Бусдын арга эвийг олох, харилцан ярилцах чадварыг нь үнэлсэндээ М.Энхболд, У.Хүрэлсүх, С.Батболд тэргүүтэй лидерүүд нь харилцан тохиролцож, 2016 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлж байсан удаатай. Магадгүй энэ удаад ч дээрх чадварыг нь үнэлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг хамтран зүтгэгчээр сонгож, нэр дэвшүүлсэн байх талтай. Учир нь, хэдийгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын дарга болсон ч эргээд намынхаа бусад фракц, лидерүүдтэй харилцан ойлголцохгүйгээр ажил нь урагшаа явахад хэцүү.

Ядаж л, Засгийн газартаа ганцаараа сул сайдын үүрэг гүйцэтгэж байгаа. Дээр нь, МАН-ын лидерүүдийн зөрчил Засгийн газрынхаа хувь тавилангаар тоглоод өнгөрдөг хоёр ч түүх бэлхэнээ өнгөрсөн хугацаанд бичигдчихлээ. Ийм үед Ерөнхий сайдад сайн холбогч, нэг төвшинд өөрийг нь төлөөлж хэлэлцээрт орох сайн түнш хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй болсон нь мэдээж. Үүгээр нь Д.Амарбаясгаланг МАН-ын “атом” хэмээн нэрийдэж болно. Хулгахгүй ярьж, хулчийхгүй хэлэлцэх ч урагшаа хоёр алхаад хойшоо нэг алхам ухарч чадахыг нь бодоход шүү дээ. Аа, харин түүний цаг хугацаанд ялалт үлдсэн эсэхийг нь ирээдүй үе харуулах биз ээ.

Эх сурвалж: POLITIC.MN

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.