225 МЯНГАН ТОНН ТЭЖЭЭЛИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТӨСЛИЙГ БАТАЛЛАА

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ:

-Өнгөрсөн жил хур бороо бага орж, хөрсний чийг багассантай холбогдуулан тариа будаа, өвс ургаагүй. Тиймээс өвс, тэжээлийг импортоор авахыг дэмжиж байна. Гэхдээ баруун аймгуудад гурил үйлдвэрлэх боломжгүй учраас импортоор гурил авах асуудлыг яагаад оруулж ирсэнгүй вэ. Зөвхөн тодорхой компаниудад квот олгож, өрсөлдөөнийг хааж байгаа нь ямар учиртай юм бэ.  ОХУ-аас нэг боодол өвсийг 2500 төгрөгөөр орж ирэх бололцоотой гэж өмнөх сайд хэлж байсныг, Ховд аймгийнхан хүлээж байна. Хэзээ энэ өвч орж ирэв вэ” гэсэн асуултад ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Энэ жил улсын ихэнх нутгаар гантай байснаас ургац алдсан. Тиймээс импортоор тодорхой хэмжээний улаан буудай, үр, өвс, тэжээл оруулж ирэхээр болсон. Гурил үйлдвэрлэгч нар тогтвортой үнээр улаан буудайгаар хангах үүрэг хүлээж байгаа. Хэн нэгэнд давуу эрх өгөөгүй. Мөн өвс, тэжээлийг хямд үнээр авах асуудлыг яаманд дээр ярьж, хямд үнээр нийлүүлэхээр ажиллаж байна. ОХУ хэдэн төгрөгөөр өгөх, тээврийн зардлаар орж ирэх вэ гэдэг асуудлыг зохион байгуулж байна. Энэ хууль батлагдвал хямд өртгөөр малчдад өвч, тэжээл тараахаар ажиллаж байна. Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөс баруун аймгуудад бэлэн гурил оруулж ирэх шаардлагагүй гэж үзсэн.

УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:

-Импортын гаалийн татвар бууруулснаар гурилын үнэ хэдэн төгрөгөөр буурах боломжтой вэ. Малчин бүр өвс, тэжээл авахыг хүсч байгаа. Малчид өөрсдөө хямд үнээр, үнийг өсгөхгүйгээр авах боломжийг хэрхэн бүрдүүлэх вэ”гэсэн асуултад ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “225 мянган тонн буудай импортоор оруулж ирж, хямд үнээр өгөх асуудлыг оруулж ирж байна. Өвс, тэжээл борлуулах аж ахуй нэгжүүдийг сонгон шалгаруулахдаа хамгийн хямд буюу 12-16 хувиар бууруулж, борлуулах үнийн саналыг өвс, тэжээл борлуулах санал ирүүлсэн. Тиймээс хамгийн хямд үнэ санал болгосон аж ахуй нэгжийн сонгож авсан. Мөн малын хүчит тэжээл импортоор оруулж ирэхээр төлөвлөсөн. Монгол Улсын хилээр оруулж ирж байгаа бүх тэжээлийг гааль, НӨАТ-аас чөлөөлж байж, малчид хямд үнээр тэжээл авах боломжтой.

УИХ-ЫН ГИШҮҮН М.БИЛЭГТ:

-Өмнөх жилүүдэд жилд 4000 тонн мах экспортолдог байсан ч 2017 онд 21 мянган тонн мах экспортолсон. Бид иргэдээ ажилтай, орлоготой болгохын тулд экспортын бүтээгдэхүүний тоог нэмэх, махны үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэх, малын тоо толгойг нь бэлчээрийн даацад нь тохируулан зөв бодлого хийх хэрэгтэй. Малчид, яам, төр гэсэн гурвалсан гэрээ хийх боломж бий юу” гэсэн асуултад ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Махны борлуулалтыг сайжруулах, экспортын хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ярьж байна. Өнөөдрийн байдлаар 24 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон байна. Цаашид энэ тоог нэмэх 28,9 мянган тоон үхэр, 43,6 мянган тонн адууны мах экспортлох ажлыг хийхээр төлөвлөсөн. Харин бог малын махыг заавал квот тогтоохгүйгээр гаргах боломжтой хүрээнд экспортлохоор ажиллаж байна гэлээ.

УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг батлахыг 84 хувийн саналаар батлагдлаа.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Ш.ЧИМЭГ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.