Ц.НЯМДОРЖ: АРИЛЖААНЫ БАНКУУД ОХИН КОМПАНИАР ДАМЖУУЛАН МӨНГӨ ОЛЖ БАЙНА

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төв банк, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр болсон ч УИХ-ын гишүүдээс хаалттай хэлэлцэх, мөн хуулийн төслөө эргүүлэн татах санал гаргалаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Банктай холбоотой олон асуудал хэлэлцэх гэж байна. УИХ-ын гишүүдэд ч асуух, тодруулах зүйл байгаа учраас хаалттай хэлэлцэх нь зөв” гэсэн санал гаргасан юм. Харин УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж “Энэ хуульд тодорхой том өөрчлөлт хийх гэж байна.  Хууль тогтоомжийн хуулийн дагуу аливаа хуульд 50 хувиас дээш өөрчлөлт оруулахаар бол шинэчилсэн найруулга байна гэсэн заалтыг зөрчиж байна. Хууль тогтоомжийн тухай хуулийг маш ноцтой зөрчсөн учраас хууль санаачлагч татаж авах горимын санал гаргаж байна” гэлээ.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:

-Энэ хуулийн төслийг сүүлийн зургаан сарын турш Монголбанкны ажлын хэсэг ОУВС-тай хамтран болон олон улсын банкны стандартад нийцүүлэн боловсруулсан. Хууль тогтоомжийн хуулийн 25.1.2-т тухай хуулийн нийт заалтын 47 хувьд өөрчлөлт оруулж байгаа. Тиймээс хууль зөрчсөн зүйл байхгүй. ОУВС-аас банкны системийг хариуцлагатай болгох, салбарын шинэчлэлүүд тусгагдсан учраас хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх зүйтэй гэсэн тайлбарыг өгсөн юм.

Үүний дараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Нямдорж нарын горимын саналаар эдгээр хуулийг хаалттай явуулах эсэх асуудлаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 91,5 хувь нь нээлттэй хэлэлцэх нь зөв гэж үзэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан:

-Энэ хоёр хуулийг дэмжиж байна. 2012-2016 он хүртэл Монголбанк маш муу ажилласан. Банкны салбарт эргэлт оруулах цаг болсон. Тиймээс бид энэ хуулийн төслийг засч, залруулаад дэмжээд явах нь зөв. Монголбанк ипотекийн зээлийг маш амжилттай хэрэгжүүлж ирсэн. Энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж 4 орчим их наяд төгрөгийн хөрөнгө босгож, 100 гаруй мянган өрх орон сууцтай болсон. Энэ хөтөлбөрийг цааш нь үргэлжлүүлэх хэрэгжүүлэх нь зөв юм. Ипотекийн зээлийн асуудлаар туршлагатай болсон. Төв банк гадны зах зээл дээрээс хөрөнгө босгох боломж байдаг уу гэсэн асуултад Монголбанкны Ерөнхийлөгч “Ипотекийн хөтөлбөр маш чухал ач холбогдолтой.  Монголбанкнаас ипотекийн эх үүсвэрийн эргэн төлөлтөд сар бүр 16 тэрбум төгрөг орж ирдэг. Энэ мөнгөөр үргэлжлүүлэн ипотекийн зээл олгож буй. Бидний зүгээс 2019 оноос ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх нь зөв гэж бодож байна. Бид санхүүгийн шинэ бүтээгдэхүүн болгож, олон улсын санхүүгийн зах зээлээс мөнгө босгох ажлыг бид судалж байна. Одоохондоо үр дүн хэлэхэд хараахан эрт байна.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

-Энэ хууль өөрөө 1990 онд анх батлагдаж гарсан үндсэн суурь хуулиудын нэг. Энэ хууль амьдрал дээр туршигдаж, сайжирч явдаг хууль учраас дэмжиж байна. Миний хувьд ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд өөрчлөх хэд хэдэн зүйл бий. Өргөн барьсан хуульд банкууд дээр байгаа хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөр охин компани байгуулж хөрөнгийн зах зээл дээр ажилладаг. Энэ өөрчлөлтийг яагаад оруулж ирсэнгүй вэ. Мөн Төв банкнаас гишүүдээр дамжиж орж ирж байгаа хууль дотор зээлийн хүүнд хязгаар тогтооно гэдэг заалт Төв банкны хууль байхгүй байна. Мэргэжлийн байгууллагын хувьд Монголбанк маш тодорхой саналаа хэлэх хэрэгтэй байна. Хэрэв хүү тогтоож болно, болохгүй гэдгээ тодорхой тайлбар хийнэ үү гэсэн асуултад Монголбанкны  хууль эрхзүйн газрын захирал Б.Ганбат “Хуулийн төсөл дээр банкны охин компани байгуулж байгаатай холбогдуулан оруулж ирсэн заалтыг банк, түүний хараат болон охин компаниар дамжуулан бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэж зааж өгсөн. Мөн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Тав банкин дээр нийт 11 хууль боловсруулж, эхний ээлжид хоёр хууль нь орж ирж байна. Энэ бол банкны салбарт хийгдэх томоохон өөрчлөлт байна. Зээлийн хүүгийн хязгаарыг Монголбанк тогтоож болно гэсэн заалтыг Монголбанкнаас оруулж ирээгүй. Бид үүнтэй холбоотойгоор маш олон судалгаа хийж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Бид өнгөрсөн 27 жилийн хугацаанд 36 банк байгуулж, 22 банк нь татан буугдсан, дампуурсан байна. Бид энэ дампуурсан, татан буулган банкууд маш их хэмжээний мөнгө төлж буй. Ганцхан жишээ дурдахад, нэг банк дампуурснаар 480 тэрбум төгрөгийн авлаг үүссэн, үүнийг татвар төлөгчдийн мөнгөөр төлдөг. Сүүлийн үед банкууд нь бизнес эрхлэгч нартай өрсөлдөх, бизнесийн салбар луу хөрөнгө оруулах явдал гарч байна. Тиймээс энэ асуудлыг хуулиар зохицуулах ёстой. 820 мянга орчим зээлдэгч байдаг. Энэ зээлдэгч нарын эрх ашгийг яаж хамгаалах вэ гэсэн асуултад Н.Баяртсайхан “Монгол Улс хоёр шатлалтай банкны тогтолцоонд шилжээд 27 жил болсон. Цаашид банкны салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулахын тулд хуулийн шинэчлэл хийх шаардлагын эхлэл нь Төв банк, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг оруулж ирсэн гэсэн тайлбар өгөв.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Арилжааны банкны хүрээнд явагдаж байгаа завхрал цадигаа алдсан. Монголын төр арилжааны банкны богцонд гурван сая иргэнтэйгээ орсон. Үүний үндсэн нэг шалтгаан нь охин компани байгуулах асуудал. Хууль оруулж ирэхдээ үүнийг хөндөхгүй байдлаар оруулж ирсэн байна. Яагаад үүнийг хөндөөгүй юм бэ. Банкны эзэд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байна. Арилжааны банкуудад тавих хяналтыг яаж тавих вэ гэсэн асуултад Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Энэ хуульд охин компанийн асуудлыг хөндөж оруулж ирээгүй. 2012 онд эдийн засаг хүнд байх үед оруулж ирсэн заалт. Гэвч энэ хуулийг өөрчлөх асуудлыг оруулж ирээгүй гэдэгтэй би ч гэсэн санал нэг байгаа. Мөн Монголбанкны Хуулийн хэлтсийн дарга Б.Ганбат “Одоо байгаа хуулиар 6.2 гэх заалтаар Санхүүгийн зохицуулах хорооны дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулах асуудлыг оруулж ирсэн. Шинэ хуулийн төслөөр тодорхой заалтаар хөндөж оруулж ирсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд  үг хэлэх байсан ч чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулж, үдээс хойш үргэлжлүүлэхээр боллоо.

Ш.ЧИМЭГ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.