Үгүйлэгдэж буй шинэ хүчний орон зай
Нийгмийн тогтолцоог өөрчилснөөс хойш хорин жилд болсон чөлөөт ардчилсан сонгуулиудын дүнгээс харахад сонгуулийн насны иргэдийн улс төрийн “гуравдагч” этгээдэд өгөх саналын хувь хэмжээ тогтмол өссөөр ирснийг судалгаа харуулна.
Өөрөөр хэлбэл, МАН ба АН-аас бусад улс төрийн хүчин рүү шилжиж буй саналын хувь хэмжээ нэмэгдэхийн хэрээр улс төр дэх гуравдагч хүчний орон зайн багтаамжийг тэлсээр иржээ. Тэгэхээр “гуравдагч хүчин” гэдэг ойлголт хэн нэг улс төрд дуртай этгээдийн мөрөөдөл, амбицаараа буй болгоод буй эзэлхүүн төдий бус харин нийгмийн гишүүдийн захиалгаар тэлж байгаа орон зай юм.

Хүссэн ч, эс хүссэн ч Монголын сүүлийн хорин жилийн улс төр, нийгмийн алдаа, онооны төлөө гай, гавьяаг зүй ёсоор хүлээх улс төрийн голлох хүчин нь МАН ба АН. Энэ хоёр нам ингэтлээ томорч, гуравдагч хүчний төлөөлөл шахагдаж ирсэн нь үнэндээ нийгмээс дэмжлэггүйдээ биш сонгуулийн тогтолцооноос хамаарч ирсэн юм.

Харин энэ удаад сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Энэ нь “жижиг” гэгддэг намууд парламентад орж ирэх бололцоог илүү нээж өгч байгаа юм.
Энэ бололцоо нь  өнөөгийн гуравдагч гэгдэж буй хүчнүүд дотроос Иргэний зориг-Ногоон намд илүү ээлтэй. Яагаад гэвэл арав гаруй жилийн турш гуравдагч хүчний байр сууринаас тасралтгүй тууштай, бас амжилттай ажиллаж ирсэн нь ердөө Иргэний зориг-Ногоон нам юм.

Авлигын эсрэг хуультай болох, Авлигатай тэмцэх газар байгуулахын төлөө арван жилийн өмнөөс тэмцэж, хуулийг анх санаачлан батлуулсан хүчин бол С.Оюун даргатай Иргэний зориг-Ногоон нам юм. Авлигатай тэмцэх газар байгуулагдсанаасаа хойш саяхныг хүртэл хөл дээрээ босч чадахгүй унаж бүдэрч, дарга удирдлагууд нь баригдаж хоригдож байх үед ч хамгаалж өмгөөлж байсан ардчилагчдын нэг нь бас л тэр. Тэрээр авлигатай тэмцэх алсын зорилго, зоригийг нь мохоох вий гэдэг  үндэслэлээр АТГ-ыг хамгаалж байсан юм. Ийм улс төрийн хүсэл зоригтой хүн цөөдөж, бүр ганцаардаж байсан нийгэмд өнөөдөр гэрэл асч байна. Авлигачид одоо айж байна. Авлигатай тэмцэх газар ажлаа хийж, авлигын хэргээр “акул”-уудыг баривчилж, байцааж эхэлсний цаад шалтгаан нь эрх зүйн эрүүл саруул орчин бөгөөд иргэний зоригчууд хэдийгээр гуравдагч хүчний байр сууринаас тэмцсэн ч нийгмийг бүхэлд нь өөрчилж чадлаа. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй парламент Сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийг баталснаар албан тушаалтан хувийн сонирхлоо нийтийн эрх ашгаас ялгаж салгах ёс зүйн кодтой боллоо. Үүнийг санаачлагчид нь С.Оюун, Д.Энхбат, Х.Тэмүүжин нарын есөн гишүүн байсан юм.

Энэ бүхнээс гадна тус намын зүгээс нийгмийн өмнө хүлээсэн нэг том хариуцлага бийг энд онцлох ёстой. Тэр нь юу вэ гэхээр улс төр дэх гуравдагч хүчний орон зайгаар дамжин парламентад шургалах гэсэн явцуу эрх ашиг, сонирхлын бүлгүүдэд хаалт тавьж ирсэн явдал юм. Тус намыг үзэл баримтлал ойролцоо, үнэт зүйл нэгтэйн хувьд Ардчилсан намтай нэгтгэх санал санаачилга, шахалт нэг бус удаа гарч байсан. Хэрэв тэд Ардчилсан намтай нэгдсэн бол гуравдагч хүчний хоосон орон зай дээр хэт популистууд, хэт радикулууд тоглолт хийх боломж бүрдэх байсан. Өөрөөр хэлбэл, “сонгуулийн бус аргаар төрийн эрхийг авах ёстой” гэж өнөөдөр эрээ цээргүй мэдэгдэж байгаа, өнгөрсөн хугацаанд хувьсгалд уриалан дуудсаар ирсэн нөхдүүд гаарах байсан.

Нийгэмд тогтсон буруу жишиг, муу муухайтай тэмцэхийн тулд заавал эрх мэдэлтэй байх албагүй, парламентад цөөн төлөөлөлтэй ч тэднээрээ дамжуулан амжилтад хүрч болдгийг Иргэний зориг Ногоон нам үлгэрлэн харуулсаар ирсэн хэрэг. Үүнийх нь төлөө тус намд итгэх, жинхэнэ гуравдагч хүчин байж чадсан гэж үнэлэх ёстой. Харин одоо тэднийг тууштай үзэл санаа, улс төрийн эр зоригийнх нь төлөө урьд урьдынхаас илүү дэмжих цаг нь болсон байна.

Өнгөрсөн дөрвөн жилд засгийн эрхийг хамтран хэрэгжүүлсэн МАН болон АН үзэл бодол, арга барилын хувьд ялгарахаа байж, бизнес эдийн засгийн эрх ашгаараа улам ойртож байгаа нь ч нууц биш. Ийм нөхцөлд шинэ хүчний хүчтэй бодлого, хяналт үгүйлэгдэж буй. Чухам энэхүү хэрэгцээ, шаардлага шинэ хүчний орон зайд ажиллах, итгэл дааж чадах хүчин нь Иргэний зориг-Ногоон нам юм.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.