76:1 ГОМДОЛ ТЭЭСЭН ЯРУУ НАЙРАГЧ

Ньюс’ агентлаг “76:1” буландаа өнөөдөр УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбатыг онцолж байна. Бид энэ буландаа 2016-2020 онд парламентад ажиллаж байгаа гишүүдийг танилцуулдаг

Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуулиар анх удаа парламентад сонгогдсон. Их сургуулиа төгсөнгүүтээ улс төрд хөл тавьж УИХ-ын даргын ажлын албанаас эхлээд Ерөнхийлөгчийн Тамгын газрын референт хүртэл дэвшин ажиллажээ. Яруу найрагч, “Болор цом-29” наадмын дэд байрын шагналт тэрбээр “Долоон бурхан харвадаггүй” уран сайхны киноны зохиолыг бичиж, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалангийн дуулснаар олны хүртээл болсон “Зүрх мартахгүй” зэрэг олон дууны үгийг “шагласан нь” нэгэн үе FM радиогийн ХИТ-ийг тэргүүлдэг байв.

Ж.Мөнхбат 2005 оноос МАН-ын дотоод ажлыг хариуцан ажиллаж эхэлсэн байна. Ингээд 2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогджээ. Тухайн үед МАН сөрөг хүчин байсан тул Ж.Мөнхбат улстөр хийхэд хамгийн тохиромжтой үе байв. Төв талбайд давхар дээлтэй жагсаал хийж, санал тооллогын хар машин шатааж, төгрөг, ам.долларыг харьцуулсан үйлдлүүд нь олны таашаалд нийцсэн бөгөөд МАН 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалтад хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн билээ.

Давахгүй даваагаар долоон удаа давна гэгчээр цагаан хоолой барин, төв талбай дээр жагсаал зохион байгуулж, эрх баригч намынхнаа ”Давхар дээлтэй сайд нараас ичиж байна” гэж шүүмжилж явсан түүнийг жилийн дараа саарал ордны давхар дээлийг өмсөнө гэж хэн бодох билээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүний ажлыг давхар хаших болсон тэрбээр хоёр халаасандаа гараа хийж, хоолойгоо шахаж ярьдаг боллоо гэх шүүмжлэл ч дагаж байв. Гэвч төд удалгүй Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч Ж.Мөнхбат ч сайдын суудлаа өгсөн юм. Огцорсон Засгийн газрын сайд нараас хамгийн их гомдол тээж, хатуу үг чулуудсан нь Ж.Мөнхбат гэж олон нийт дүгнэдэг. Хэлэмгий зан нь ч эрх баригч хүчний ”Цөөнх” гэх тодотголтой болоход хүргээд байгаа.

Засгийн газар огцроод удаагүй байхад тэрбээр Байнгын хорооны хурал дээр “намайг шоронд хийвэл хийгээрэй, би гарч ирээд та нартай нэгийгээ үзнэ” гэж хэлснийхээ дараахан УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хулгайч гэж цоллосон юм. Харин түүний гомдол МАН-ын 28 дугаар Их хурлын дараа бага багаар тайлагдаж эхэлсэн ч нутгийн бөх Г.Өсөхбаярын эхнэрийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ажлаас чөлөөлөх шийдвэр гаргана гэж мэдэгдсэн нь гомдлыг нь дахин сэдрээгээд байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1997 онд Архангай аймгийн 10 жилийн “Авьяас хөгжүүлэх тусгай сургалттай” цогцолбор сургууль
  • 2002 онд Монгол улсын их сургуулийг улс төр, судлаач мэргэжлээр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2002-2003 онд Улсын Их Хурлын даргын Ажлын албанд зохион байгуулагч
  • 2003-2004 онд Улсын Их Хурлын даргын шадар туслах
  • 2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт
  • 2005-2007 онд Монгол ардын намын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2008-2012 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч
  • 2011-2013 онд МАН-ын төв хэвлэл “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч
  • 2012 онд Монголын ардын намын дэргэдэх НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч
  • 2012-2013 онд Монгол ардын намын нарийн бичгийн дарга
  • 2013 оноос Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

ГАДААД ХЭЛ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.