2017: ЦАГААН ХУУДАС, ЗАСАГ, ОТГОНТЭНГЭР, ЭРДЭНЭТ, НҮҮРС.

Монгол Улсын хувьд 2017 он улс төр, эдийн засаг, спортын салбарт өрнөсөн онцлох таван үйл явдлыг нэрлэж байна.


СОНГУУЛЬ 2017: СОНГОЛТГҮЙ СОНГОЛТ ШИНЭ ХҮЧИЙГ ТӨРҮҮЛЛЭЭ

Ингэхдээ хоёр шатны сонгуулиар шинэ Ерөнхийлөгчөөр Ардчилсан намын нэр дэвшигч Халтмаагийн Баттулгыг сонголоо. Монголчууд 1992 оноос Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулж байгаа бөгөөд өмнөх бүх Ерөнхийлөгчийг эхний шатны сонгуулиар сонгож байсан.

Сонгууль хоёр шаттай болоход хэд хэдэн хүчин зүйл нөлөөллөө. Сонгуульд эрх баригч Монгол Ардын нам /МАН/, сөрөг хүчин Ардчилсан нам, мөн парламентад нэг суудалтай Монгол Ардын Хувьсгалт Нам /МАХН/ хуульд заагдсан эрхийнхээ дагуу нэр дэвшигчээ өрсөлдүүлсэн. МАН-аас одоогийн спикер, тус намын дарга М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшсэн. МАН, МАХН гэдэг бол угшил нэг намууд. Харин нэр дэвшсэн С.Ганбаатар бол Монголын хэд хэдэн улс төрийн намд харьяалагдаж явсан, 2012-2016 онд парламентад бие даан нэр дэвшиж сонгогдон ажилласан, популист үйл хөдлөлөөрөө сонгогчдод ихээхэн таалагддаг улстөрч. Тиймээс Ардчилсан намыг дэмжигчдээс бусад сонгогчийн санал М.Энхболд, С.Ганбаатар хоёрын хооронд хуваагдах магадлалтай байсан.

Гэвч эрх баригч МАН болон сөрөг хүчин Ардчилсан нам хоёр өөрийн нэр дэвшигчээ нэгдмэл санаагаар дэмжин ажиллаагүйгээс гадна гурван нэр дэвшигчийн хэн хэнийг нь Ерөнхийлөгчийн албан тушаалд тохирох хүн үзэхгүй сонгогчид олон байсан. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг “сонголтгүй сонгууль” хэмээн бичиж байсан юм.

Энэхүү “сонголтгүй сонгууль” гэсэн нөхцөл байдал Монголын нийгэмд нэгэн шинэ үзэгдлийг бий болгосон нь “Цагаан хуудас” байлаа. Энэ нь сонгуульд оролцон ирц бүрдүүлсэн ч гурван нэр дэвшигчийн хэнийг ч сонголгүй хоосон цаас уншуулсан явдал. Эхний шатны сонгуулийн санал хураалтаар цагаан хуудас уншуулсан хүний тоо 18 мянга орчим байсан бол хоёр дахь шатны сонгуулиар 90 мянга гарсан нь хэн хүний таамаглаагүй тоо байсан юм. Цагаан хуудас өгөгчдийн тоо 100 мянга давсан бол сонгууль хүчингүй болж, дахин сонгууль зарлагдах нөхцөл тун ойрхон байсан юм. Цагаан хуудас өгөх нь хууль зөрчсөн хэрэг гэсэн суртал ухуулгыг идэвхтэй хийж байсан нь мэдлэг, мэдээлэл муутай олон сонгогчийг аль нэг нэр дэвшигчийг сонгохоос өөр аргагүй байдалд хүргэсэн болохоос биш энэ жил монголчууд хоёр удаа Ерөнхийлөгчийн сонгууль зарлах нь бараг тодорхой байсан билээ.

Иргэд ийнхүү өөрсдөд нь байгаа бас нэгэн эрхээ мэдэж, улстөрчдийн санал болгож байгаа амтгүй хоол болгоныг идэх албагүй гэдгээ мэдрүүлсэн. Өөрөөр хэлбэл, сонголтгүй сонгууль албан бус гурав дахь хүчнийг төрүүлсэн. Тиймээс энэ бол өнгөрч буй 2017 оны онцлох үйл явдлын нэг яах аргагүй мөн байлаа.

Д.НАРАНТУЯА


Ж.ЭРДЭНЭБАТ ОГЦОРЧ, У.ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙД БОЛОВ

УИХ-ын 2016 оны сонгуулиар үнэмлэхүй олонх болж парламентад 65-уулаа болцгоосон МАН өөрсдийнхөө байгуулсан засгийг өөрсдөө огцруулсан нь анхных үйл явдал бөгөөд энэ нь яах аргагүй оны онцлох улс төрийн үйл явдлын нэг байлаа. Харин 1992 оноос хойш тоолбол монголчууд  15 дах засгийнхаа “маанийг уншсан” гэсэн үг.

Мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын засаг нэг жил хоёр сар ажиллаад концессийн гэрээ, мэргэжлийн бус томилгоо, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн болон жаран тэрбумын гэх шалтгаанаар  бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ж.Эрдэнэбатын засгийг огцруулах асуудлыг 42 гишүүн дэмжсэн бөгөөд  МАН-ын  бүлгийн 31, АН-ын бүлгийн найм дээр нэмэгдээд С.Жавхлан огцрох ёстой гэж үзсэн юм.

Огцрохдоо хэлсэн экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын   “Бүтэн жилийн турш малгайд нь багтаж, хаяг дор нь явсан танхимаа болон хажууд сууж, хамтарч ажилласан нөхдөө огцруулах ажлыг өрдөж яваа эрхэм журмын нөхөр минь, чиний алдаа дутагдлыг би хүлээнэ” гэх үг багт нь жил гаруй ажилласан ч, өөрийнх нь суудлын төлөө намынхаа  засгаа огцруулж, Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхэд хаяглагдсан юм.

Дотоодын хэрүүл зөрчлөө хаалгаараа ч цухуйлгадаггүй, хав дардаг  босоо тогтолцоотой Монгол ардын намын хэрүүл Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш бүр  ил цагаандаа гарч, танхимын сайдуудынх нь зөрчил бүлгээ хуваагаад зогсохгүй  засгаа ч огцруулахад хүргэсэн нь энэ юм.  Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлэг “33”-ын ба “32”-ын гэж албан бус хоёр бүлэгтэй болсон бөгөөд энэ нь мөн л бүлэг дотор бүлэг үүссэн анхны тохиолдол байлаа.

Эрх мэдлийн төлөө Ж.Эрдэнэбатыг засгийг унагаасан У.Хүрэлсүх засгийн тамгаа аваад зогсохгүй М.Энхболдоос намынхаа тамгыг авсан юм.

Ж.НЯМСҮРЭН


ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ҮНДЭСНИЙ АЖ АХУЙН НЭГЖ БОЛОВ 

Өнгөрсөн 2016 оны эдийн засгийн онцлох сэдэв байсан “Эрдэнэт” энэ оны онцлох үйл явдлаар бас нэрлэгдэж байна. Сар шинийн өмнө УИХ-аас “Эрдэнэт”-ийг 100 хувь төрд авах шийдвэр гаргасан бол Монголын шүүхийн шийдвэр “Эрдэнэт”-ийн 49 хувь талд гарсан юм. Тодруулбал, Монголын хувийн хэвшлийн төлөөлөл ‘Монгол зэс’ корпораци ‘Эрдэнэт үйлдвэр’-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч болохыг Улсын дээд шүүх баталгаажуулсан.

Ингэснээр ”Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн эзэмшилтэй холбоотой улс төрийн маргаан ийнхүү нэг тийш болж тус үйлдвэр нь Монголын төр, хувийн хэвшил хамтарсан 100 хувь үндэсний аж ахуйн нэгжийн хувиар үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэв.

Хувийн хэвшлийн эзэмшлийг баталгаажуулсан Дээд шүүхийн шийдвэр эдийн засгийн хүндрэлийг давахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг өсгөхөөр зорьж буй Монгол Улсын хувьд хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд эерэг дохио боллоо.  Мөн шүүхийн энэ шийдвэр бизнесийн салбарынханд багагүй итгэл найдвар төрүүлсэн биз.

”Монгол зэс” корпорацийн оролцоо, хяналт ‘Эрдэнэт үйлдвэр’-т бий болсноор ил тод байдал сайжирч, бизнесийн зарчмаар илүү үр ашигтай ажиллаж эхэллээ. Тус үйлдвэр өнгөрсөн 2016 ганцхан удаа нээлттэй тендер зарлаж байсан бол хувийн хэвшлийн хяналт бий болсноор 2017 онд энэ тоо 491-д хүрч илүү олон жижиг компаниуд шударгаар өрсөлдөж,  ”Эрдэнэт” үйлдвэрт ханган нийлүүлэгч болох боломжтой болж байна. Мөн худалдан авалтыг ил тод, үр ашигтай болгох менежмент хэрэгжүүлснээр зөвхөн бараа материал, сэлбэг хэрэгслийн үнийн зөрүүнээс гэхэд 15.1 тэрбум төгрөг хэмнэжээ. Эдгээрийн үр дүнд компанийн улсын төсөвт төвлөрүүлэх татвар төлөлтийн хэмжээ ч үлэмж нэмэгдсэн талаар оны сүүлээр “Эрдэнэт”-эд болсон олон улсын хөрөнгө оруулагчдын чуулганаар үйлдвэрийн удирдлагууд мэдээлсэн юм.

Ж.НЯМСҮРЭН


ХӨРШИЙН ХАМААРЛААС ГАРАХ БОЛОМЖ

Дэлхийн зах зээлд энэ онд нүүрсний эрэлт өсөж, Монгол Улс эхний хагас жилд хар алтны экспортыг 19.5 сая тоннд хүргэсэн гялалзсан амжилттайгаар үдсэн ч долдугаар сараас хойш Хятад улсыг царайчилсаар шинэ онтой золгох болов.

Учир нь өмнөд хөрш өнгөрсөн долдугаар сараас нүүрс татан авалтаа хоёр дахин бууруулсан нь Гашуун сухайтын боомтыг чиглэх нүүрс ачсан авто машины цуваа 160 км-ээр үргэлжилж, жолооч нар арав гаруй өдрийг зөвхөн дээрх замд үддэг болсон юм.

Төмөр замаа шийдэж чадаагүй нь Монголын өнөөгийн том зовлон болж бууж байгаа ч нүүрсний экспорт дан ганц Хятад улсаас бүрэн хамааралтай болсныг дээрх үйл явдал гэрчилнэ.

Хэдийгээр өнөөдөр Засгийн газраас нүүрсний тээвэрлэлтийг зохицуулах арга хэмжээ авч буй ч энэ нь зөвхөн “гал унтраах” төдий л арга хэмжээ болохоос биш алсыг харсан бодлого болж бууж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс ирээдүйд нүүрсний экспортоос олох орлогоо өсгөх зорилго тавьсан л юм бол  экспортын төмөр замтай болох. Ингэхдээ нүүрсээ боловсруулж, нэмүү өртөг шингээн гуравдагч хөрш рүү гаргах гарцтай болохгүй бол одоогийн зарчмаараа ажиллана гэвэл нүүрсний экспорт Хятад улсаас хамааралтай хэвээр байх болж буй юм. Энэ тохиолдолд ирээдүйд дэлхийн зах зээлд нүүрс өслөө ч одоогийнхоо зовлонтой эвлэрэхээс аргагүй нөхцөл байдал үүснэ гэсэн үг.

Нөгөөтэйгүүр, Монгол Улс эдийн засгийн хамаарлаа хөрш орнуудаасаа бууруулах гарц нь  эдийн засгаа солонгоруулж, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх явдал юм.

Гэвч У.Хүрэлсүхийн танхимаас энэ чиглэлийн бодлого харагдахгүй байгаа.

Махны экспортыг нэмэгдүүлэх бол зөвхөн нэг гарц. Цаана нь малын арьс ширээ боловсруулж, экспортолдог болохын тулд наад зах нь малаа эрүүлжүүлэх шаардлага тавигддаг.

Ноос, ноолуураар дэлхийд өрсөлддөг болохын тулд мөн л малынхаа үүлдэр угсааг сайжруулах. Тэр цагт Монголын мал аж ахуйн салбар дэлхийд өрсөлдөх боломжтой болж, эдийн засагт орж ирэх экспортын орлогыг нэмэгдүүлэх юм.

Аялал жуулчлалын салбараас олох орлогыг нэмэгдүүлэхийн тулд ядаж л агаарын тээврээ нэмэгдүүлж, өрсөлдөх чадвартай болгохгүй бол аялал жуулчлалын оргил улирлаар Монгол руу нисэх тийз олддоггүй тухай гадаадын жуулчид шүүмжилдэг.

Дээр нь энэ салбарт жуулчдыг татах, үзэж харуулах үзмэрүүдээ баяжуулахаас эхлээд хийх ажил олон байна.

Хар хорины туурь үзэхийн тулд пургон машинд сэгсчүүлж, сэгсчүүлж явсаар очих нь хэдэн мянган бээр газрыг туулан байж ирсэн жуулчдад дахиад ирэх сэдлийг өгөх үү.

 Г.ХОРОЛ


 ОТГОНТЭНГЭРИЙН ОСОЛ БА ОЛОН АСУУЛТЫН НЭХЭЛ

2017.10.21. Завхан аймгийн Отгон сумын нутаг дахь Отгонтэнгэр ууланд авирсан 27 уулчны 17 нь оргилоос буух замдаа осолдсон золгүй явдал энэ онд тохиолоо. Гурван олсонд хуваагдаж буусан тэдний эхний хоёр олсонд нэгдсэн 17 уулчин амь эрсэдсэн ба ослын шалтгааныг мэргэжлийн хүмүүс хавтангийн гулсалт гэж тодорхойлсон юм. Олон жилийн настай мөсөн дээр хатуурч тогтсон цас даацаа алдаж, гулсахыг ингэж хэлдэг ажээ.

Сураггүй болсон уулчдыг эрэн хайх ажиллагаанд Засгийн газраас комисс томилон, гурван өдрийн турш эрлийг үргэлжлүүлсэн юм. Эрлийн багт 300 шахам хүн 30 техник, 2 нисдэг тэрэгтэйгээр ажиллажээ. Мэргэжлийн 10 гаруй уулчнаар ахлуулсан эрлийн ажиллагааг зогсоох хүртэл итгэл найдвар тавин хүлээсэн ч 700 метр орчим өндөр хавцал руу унасан уулчдын ослоос амьд хүн үлдээгүй юм. 17 хүнээ нэгэн зэрэг авиралтын үеэр алдаж байсан ийм тохиол Монголын уулын спортын түүхэнд байхгүй. 

Ууланд авирч яваад амиа алдсан уулчдын хүсэл, зорилго, үйлдлийг буруутгах эрх хэнд ч байхгүй. Гэлээ гэхдээ олон хүний элгийг эмтэлсэн энэ золгүй явдал нийгэмд нэгэн төрлийн дохио, сануулга үлдээсэн нь үнэн.

Болсон явдлаас хойш Монголын аялал жуулчлалын салбарын гадаад, дотоодын аялагч, уулчдыг зохицуулсан бодлого, хяналт, зохицуулалт учир дутагдалтай нь харагдлаа. Ууланд авирах зөвшөөрөл хэн олгодог, сонирхогчид ямар өндөртэй ууланд авирах, өндөр уулын бүсийн дүрэм, ууланд авирах хугацааг зохицуулсан журам байдаг эсэх асуултууд эзэнгүй байдгийг энэ ослын дараа бид мэдэж авсан. Эрүүл мэнд, бие, сэтгэлийн хөгжил, эрүүл агаар хайсан хүмүүс цаашид ууланд алхаж, энэ спортоор хичээллэх нь улам л нэмэгдэнэ. Гэтэл ийм төрлийн сонирхлоо нэгтгэсэн хэчнээн клуб, аяллын албан ёсны байгууллага байдаг тухай бодит тоон мэдээлэл ч өнөөдөр Монголд алга. Аялагчдад хэн хөтөч хийх, өндөр бүсэд тэдний амь нас, эрүүл мэндийг хэн хариуцах, хэн зөвлөгөө өгдөг, хянадаг нь ч тодорхойгүй явж иржээ.

Гашуун ч гэлээ уулын, аяллын, жуулчлалын нэгдсэн зохион байгуулалт, аюулгүй байдал, техник хэрэгсэл гээд стандарт бус олон зүйл энэ салбарт буйг энэ осол сургамжилсан. Осол хүн бүр авиралтын хариуцлагаа сайжруулах ёстойг, уул оргил өөд авирах хүмүүс цэгцэндээ орох цаг болсныг сануулсныг бид бодох ёстой. Төр засаг, уулын холбоо хүн бүртэй уулзаж, аюулгүй байдлыг хангаж, цэгцэлнэ гэдэг учир дутагдалтай. Үүнийг бодлого, зохион байгуулалтаар шийдэхээс гадна ууланд авиръя гэж сонирхож, хүсч, тэмүүлж буй хүн бүр өөрсдөө эрсдэлт нөхцөлөө тооцох ямар чухлыг 17 уулчны халуун амиа өргөсөн Отгонтэнгэрийн осол хатуу сануулсныг мартаж болохгүй.

Б.БАДАМГАРАВ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.