УЛС ТӨР У.ХҮРЭЛСҮХЭЭР ОРОЛДОЖ ЭХЛЭВ ҮҮ?

-Гэвч чиг улс төр хийж Ерөнхий сайд болсон У.Хүрэлсүхийг эргээд улс төр нь оролдож эхэлснийг цахим сүлжээ, онлайнд гарч байгаа мэдээллээс харчихаж болохоор байна-

Парламентын дөрвөн жилийн хугацаанд Засгийн газрын ажил хийх хамгийн боломжит цаг хугацааг жилээр нэрлэвэл 2018 он. Сонгуульгүй энэ мөчлөгийг шинэ жилийн мэндчилгээндээ дурдсан шигээ их бүтээн байгуулалтын жил болгож чадвал У.Хүрэлсүх  хүсч байгаа шигээ хананд биш түүхэнд үлдэх Ерөнхий сайд болно.

Түүний 2018 онд өгсөн амлалт нь “Монгол Улсын Засгийн газар ард түмнийхээ бодит орлогыг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэгээр хангах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах, авто зам, төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, эрчим хүч, газрын тосны үйлдвэр барих зэрэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хэрэгжүүлнэ” гэх үг. Гэхдээ Ерөнхий сайд болгоны хэлдэг, ярьдаг ердийн нэгэн амлалт төдийгөөр дуусгах уу, эсвэл эдийн засгийн хүлээлтэд байгаа Тавантолгой төслийг хөдөлгөж, төмөр замаа барьж, эрчим хүчний станцуудаа босгож, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу. Энэ бүхэн  түүний бодлого болон 2018 оныг хэр улстөржилгүй өнгөрөөж чадах вэ гэдгээс хамаарна.

Яагаад 2018 он их бүтээн байгуулалтын жилээр тооцоод байна вэ гэвэл У.Хүрэлсүхийн засаг огцрохгүй л бол улс төрийн томоохон үйл явдал өрнөл багатай цаг хугацаа зөвхөн энэ жил тохиож байна гэж тайлбарлаж болно. Харин 2019 оноос парламентын сонгуулийн шоу эхэлж, 2020, 2021 гээд Монголын улс төр “орондоо орох завгүй” орчилдон тэмцэлдэх биз.

Одоогоос найман жилийн өмнө УИХ-аас баталсан Төмөр замын асуудлаарх төрөөс баримтлах бодлогод тусгагдсан төмөр замаа барьж, бас л найм, есөн жил талцал, хэрүүл болсон Тавантолгойг хөдөлгөж, дөрвөн парламент дамжин яригдсан Үндсэн хуулиа өөрчилж, 25 жилийн ойтойгоо золгож байгаа эрчим хүчний төслүүдээ хөдөлгөх үүнээс өөр цаг хугацаа У.Хүрэлсүхийн засагт байхгүй.

Их бүтээн байгуулалтын жилээ их хэрүүлийн жил болгочихгүй бол энэ 2018 он У.Хүрэлсүхэд олдож буй ганц боломж. Үгүй бол дор хаяж дөрвөн жилийн хөгжил, эдийн засагт орж ирэх ам.долларуудаа ахиад алдана гэсэн үг.

Хэдийгээр Ерөнхий сайдын хэлснээр гадаад валютын нөөц нэг жилийн дотор 2.5 дахин нэмэгдэж, 2.3 тэрбум ам.доллар болсон, экспорт анх удаа зургаан тэрбум ам.доллараар хэмжигдэж, эдийн засгийн өсөлт 5.8 хувьтай гарсан нь МАН-ын, У.Хүрэлсүхийн гэхээсээ ОУВС болон Хойд Солонгост тавьсан Хятадын нүүрсний хоригийн үр дүн. Тэгээд ч эдийн засгийн энэ эерэг үзүүлэлт нь айл өрхийн амьжиргаанд нөлөөлсөн юм алга байгаа нөхцөлд эдгээр тоо баримтад тайвшрах шалтгаан засагт байхгүй гэсэн үг.  Харин чиг МАН-ын татвар нэмэх бодлого нь айл гэр, албан байгууллагын орлого, зарлагад сөргөөр нөлөөлж мэдэхээр шүүмжлэл дагуулаад буй.

Тэгэхээр 2430 төгрөг байгаа долларын ханшийг буусан гэж баярлах, нүүрсний тээвэрлэлт нь зуун километр үргэлжилсэн хэвээр байхад экспортоос зургаан тэрбум доллар оллоо гэж хөөрцөглөх нь арай эртэднэ. Үүнээс илүү ихийг хийж байж л У.Хүрэлсүхийн улс төр хийсний үр дүн гарна. Ж.Эрдэнэбаттай харьцуулахад У.Хүрэлсүхэд засгийн тамга нь ч, намын эрх мэдэл нь ч байгаа. Дээр нь Ерөнхийлөгчийн дэмжлэг бий.

Гэвч чиг улс төр хийж Ерөнхий сайд болсон У.Хүрэлсүхийг эргээд улс төр нь оролдож эхэлснийг цахим сүлжээ, зарим сайтад гарч байгаа мэдээллээс харчихаж болохоор. Энэ тохиолдолд юун их бүтээн байгуулалт энэ тэр. ‘Эрдэнэт’-ийн асуудлыг шийдэхгүй бол засгаас гарна гэдгээ танхимын нэг сайд нь хэлсэн гээд улс төр дэх явган ярианаас сонсоход У.Хүрэлсүх дээр төвлөрсөн эрх мэдэл нь зөвхөн түүнийх байсангүй гэж.

Гуч дахь Ерөнхий сайд хэрэвзээ тав дахь Ерөнхийлөгчийн нөмөр нөөлгөөс гарахгүй бол МАН түүнд эрх мэдэл олгосон шигээ МАН түүний эрх мэдлийг булаах биз. Түүний засгийн орших, оршихгүйг шийдэх олон асуудал хуримтлагдсан нь Элчин сайдуудын томилгоо, Эрдэнэтийн наймаа хийгээд татварын нэмэгдэл болоод байна. Энэ жижиг асуудлууд У.Хүрэлсүхийн засагт “хутга” болж магадгүй нөхцөлд түүний хувь заяа нөгөө  л 33-ынхаа бүлгээс хамаарах юм.

Ямар ч байсан 2018 оны бүтээн байгуулалтын жил болгож буйгаа зарласан Ерөнхий сайд өнөөдрөөс улс төрөө дуусгаад улс орны эрх ашгийн төлөө төмөр замаа барьж, эрчим хүчний станцуудаа босгож, Тавантолгой, Гацууртаа хөдөлгөж, Үндсэн хуулиа өөрчлөхөд анхаарах хэрэгтэй болжээ. Ингэж чадвал У.Хүрэлсүхэд зориулж хүрэл хөшөө босгосон яадаг юм бэ. Харин 2018 оныг урьдын адил улстөржүүлбэл, МАН зуун жилээ гудамжинд угтаж, У.Хүрэлсүхийн улс төрийн карьер нэг мөсөн дуусна.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.