УИХ-ын дарга М.Энхболд татварын нэмэгдэл болоод эдийн засгийн өсөлтийн талаар дараах тайлбарыг өгсөн юм. 

-Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс зарим төрлийн татвар нэмсэн нь иргэдийн дунд нэлээдгүй шүүмжлэл дагуулж байна. Татвар нэмсэн шийдвэрээ эргэж харах ёстой гэх шаардлагыг сөрөг хүчний зүгээс хэлж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн хүрээнд татвар нэмсэн. Гэхдээ татвар нэмсэн асуудал нь өндөр орлоготой, архи, тамхи гэх мэт тансаг хэрэглээнд хамаарч байгаа. Татварын олон шатлалтай болох ажлын хүрээнд авч байгаа арга хэмжээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр татвар, тэр дундаа Хүн амын орлогын албан татвар 1,5 сая төгрөгөөс дээш орлоготой нийт хүмүүст хамаарах мэтээр тайлбарлаад байна. Үнэн хэрэгтээ 1,8 сая төгрөгийн орлоготой хүн байлаа гэхэд 1,5 сая төгрөгийн орлоготой хүн хуучнаараа буюу 10 хувиар татвар өгнө. Харин нэмэгдэж байгаа 300 мянган төгрөгт л 15 хувийн татвар өгөх юм. Үүнийг иргэдэд зөв ойлгуулах хэрэгтэй. Ер нь нийт иргэдийн 90 орчим хувьд татварын өөрчлөлт орохгүйгээр бодож тооцож, татвар нэмсэн. Өндөр орлоготой иргэд болон тансаг хэрэглээнд тодорхой татвар ногдуулах нь зөв гэсэн үүднээс гаргасан.

Одоогоос 15 сарын өмнө эдийн засаг -1,6 хувьтай, валютын нөөц  хасах 400 сая ам.доллартай тэнцэж байсан. Үүнээс хойш УИХ-аас гаргасан шийдвэрүүд, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ улс орны эдийн засагт нааштай өөрчлөлт бий болгосон

-Улиран одож буй 2017 онд эдийн засаг өсөлттэй гарлаа. Харин энэ онд эдийн засаг ямар байх бол?

-2017 оны гуравдугаар улирал буюу арваннэгдүгээр сарын  байдлаар эдийн засгийн өсөлт 5,8 хувьтай, валютын нөөц гурван  тэрбум ам.доллар болсон. Энэ бол эдийн засагт нааштай ахиц, өөрчлөлт гарч байгаагийн илэрхийлэл. Одоогоос 15 сарын өмнө эдийн засаг -1,6 хувьтай, валютын нөөц  хасах 400 сая ам.доллартай тэнцэж байсан. Үүнээс хойш УИХ-аас гаргасан шийдвэрүүд, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ улс орны эдийн засагт нааштай өөрчлөлт бий болгосон. Энэ өөрчлөлтийг тодорхой хугацаанд иргэдийн амьдралд, айл өрх бүрт мэдрэгдсэн өөрчлөлт болгох ёстой. 2018 онд энэ өөрчлөлт гарна гэж харж байна.

-Гэхдээ энэ өсөлт бодитойгоор айл бүрт мэдрэгдэж чадах уу?

-Эдийн засаг өсч байна гэдэг тодорхой хэмжээнд ажлын байр, бүтээн байгуулалт бий болно. Энэ хүрээнд иргэд ажиллах, хөдөлмөрлөх нөхцөл бололцоо нэмэгдэнэ. Энэ хэмжээгээр иргэдийн, айл өрхийн орлого нэмэгдэх боломж бололцоо бий болох ёстой.