АН: ЗГ-Т ТАТВАРАА БУУРУУЛАХЫГ ШААРДАВ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2018.01.03/ болж, өндөрлөлөө. Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Эрх баригч хүчин 2017 онд бүтээн байгуулалт хийсэнгүй, Засгаа газраа огцруулсан нь дуулиантай явдал байлаа. 2018 онд энэ байдлыг давтаж болохгүй. Хэрэв давтвал эдийн засаг илүү муудна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд 2018 онд  65-ын үйл ажиллагааг хянах жил байх болно. 2018 он бол эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөр биелэх эсэхийг шийдэх он болно. Иймээс бид амлалтыг нь сар бүр сануулна.

Намрын чуулганы хугацаанд хууль, тогтоолыг өргөн барих процесс УИХ-ын дэгийн хуулийг зөрчсөөр ирлээ.  Цаашид үүнтэй Ардчилсан намын бүлэг эвлэрч чадахгүй. Хууль өргөн барих хугацааг зөрчих, гишүүдэд материал тараахгүй байх явдал хавтгайрсан.

Байнгын хорооны ирц сүүлийн үед бүрдэхээ байсан. Болохгүй болохоор нь байнгын хорооны дарга нь гишүүнийхээ өмнөөс карт уншуулдаг болсон.

Олон улсын валютын шаардлагаар нэмэгдсэн татвар олон нийтийн эмзэг асуудал болсон. Есөн төрлийн татвар нэмэгдсэнийг анзаараагүй явж байгаа. Эдгээр татваруудаас Газар худалдаалахтай холбоотой татвар бүх иргэдэд хамаарна.

Татвартай холбоотой асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлнэ. Татвар нэмсэн нөхцөлүүдээ эргэж хар. Эдийн засаг өсөж байгаа юм бол татварыг зайлшгүй авах шаардлага мөн үү гэдгийг нягталж цуцлах, хуулийн төсөл өргөн барь.

Хоёрт, дундаж цалинтай иргэдийн татвараас 15 хувийн татвар авч байгаа нийгмээ эргээд ядуурал рүү түлхэх болно. Аж ахуйн нэгж байгууллагууд 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэн байлгахгүйн тулд далд эдийн засагт шилжинэ. Өнөөдрөөс эхлээд аж ахуйн нэгжүүд ажилчдаа хална. Татварын энэ нэмэгдлээр 88 тэрбум төгрөгийг ажил хөдөлмөр бүтээдэг хүмүүсийн халааснаас аваад халамжид зарцуулахаар харагдаж байгаа.

Нийгмийн халамж ямар ихээр өссөн бэ гэдгийг би одоо тоон хэлээр хэлье.

Засгийн газар 2016 онд 278 тэрбумыг халамжид зарцуулдаг байсан бол 2018 онд 776.9 тэрбум болж гурав дахин өссөн. Халамжийг гурав дахин өсгөчихөөд иргэдийн халаас рүү татвараар орж байгаа нь буруу гэж үзэж байгаа учраас дээрх шаардлагыг Засгийн газарт тавьж байгаа юм.

Мөн бид Хүүхдийн мөнгийг 100 хувь бүгдэд нь өгөх хуучин журамд буцаан оруулахыг шаардах болно.

Шатахууны ОАТ өссөнтэй холбогдуулаад нефтийн үнэ аажмаар өсөж байна. Нефтийн үнэ, эрчим хүчний үнэ, дулааны үнэ суурь үнэ. Иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг учраас болгоомжтой хандахыг зайлшгүй анхаарах шаардлага үүсэж байгаа” гэлээ.

Ш.ЧИМЭГ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.