Я.СОДБААТАР: ХОМСДОЛ ҮҮСГЭСЭН КОМПАНИД ХАРИУЦЛАГА ТООЦНО

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөн шалтгаан, хомсдол үүссэн асуудалтай холбогдуулж албаны хүмүүсийн мэдээллийг сонсчээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар “Албан эх сурвалжаас өгсөн мэдээллээр нефтийн хангамжтай холбоотойгоор асуудал үүсээгүй. Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 9-ний байдлаар нефтийн 41 хоногийн нөөцтэй байна. Иймээс зохиомол хомсдол үүсгэсэн асуудлыг шалгаж, захиргааны болон зохион байгуулалтын арга хэмжээ авах ёстой гэсэн даалгаврыг бүлгээс Засгийн газарт чиглэл болголоо.

Үнэ ханшийн тухайд, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өссөн байгаа.

Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаар нефтийн бүтээгдэхүүнд ногдуулдаг Онцгой албан татвараа нэмэгдүүлсэн.

Өмнө нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөхөд Засгийн газар, Монголбанкнаас тодорхой арга хэмжээ авдаг байсан ч одоо энэ бүхэн хуулийн хүрээнд хязгаарлагдсан байгаа. Иймээс энэ бүхнийг эргэж харан зохицуулалт хийх шаардлага тулгарч байна.

Засгийн газар Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөртэй холбоотойгоор зарим зүйлүүдийг буцаах асуудлаар ажиллаад эхэлсэн байна” гэдэг мэдээллийг өглөө.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Нефтийн зохиомол хомсдол үүсгэсэн компаниудад ямар арга хэмжээ авах вэ. Засгийн газар өнгөрсөн хугацаанд нефть импортлогч компаниудад хоёр ч удаагийн боломж олгосон байдаг. Гэтэл борлуулж байгаа нефтийн бүтээгдэхүүнээсээ литр тутамд 250-300 төгрөгийн алдагдал хүлээх боллоо гэх. Үнэ нь бодитой юм уу? 

Нефтийн зохиомол хомсдол үүссэн нь юутай холбоотой вэ гэдгийг ажлын хэсэг судалж тогтооно. Зөрчлийн тухай хуулиар нефть ачсан машиныг нийслэл рүү оруулахад цаг зэрэгт өөрчлөлт орсон зэрэг шалтгаан нөхцөлүүд мөн байна. Иймээс энэ бүхнийг судалж оруулж ирэх даалгавар өгсөн.

Ер нь бол татан авсан нөөцийн хувьд хомсдол үүсэх нөхцөл үүсээгүй гэдгийг зохих байгууллагууд өгсөн байгаа.

Дэлхийн зах зээл дээр нефть нэг баррель нь 46.5 ам.доллар байсан бол өнөөдөр 69 ам.доллар болсон. Хилийн үнэд бас өөрчлөлт орсон байгаа.

Өмнө нь Засгийн газар нефтийн үнэ өсөхөд Онцгой албан татвараа тэглээд, Гаалийн албан татвараа бууруулаад зохицуулалт хийдэг байсан. Харин Одоо Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан болохоор энэ бүх асуудлыг шийдэх бол заавал УИХ-аар хэлэлцүүлэх нөхцөл тавигдаж байна.

Экспортод гаргадаг зэс, нүүрс, алтны үнэ ханш өсөхөөр нефтийн үнэ зэрэгцээд өсдөг талтай. Иймээс ойрын үед ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэг шийдлээ тодорхой болго гэж Засгийн газарт чиглэл өгсөн.

Бүлгийн гишүүдийн хувьд нефтийн бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ өсгөхгүй байхад анхаар, иргэдийн нуруун дээр ирэх ачааллыг бууруулах арга хэмжээ авах ёстой гэдэг байр суурь түлхүү барьсан.

Г.ДАРЬ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.