УИХ ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА

УИХ ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Донорын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалган гишүүдийн 62.8 хувь нь дэмжсэнээр баталлаа.

Хууль батлагдсанаар тархины үхжилттэй донороос эд эрхтнийг нь авч, бусдад шилжүүлэн суулгах боломжтой болж байна. Ингэхдээ тархи нь үхэжсэн иргэн заавал 25-аас дээш насных байх шаардлага тавигдаж буйн зэрэгцээ гэр бүлийнхнийх нь зөвшөөрлийг авсан байх ёстой юм.

Мөн амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгахыг зөвхөн гэр бүлийн гишүүнд нь хамаарахаар зааж өглөө.

Түүнчлэн ашиг хонжоо олох зорилгоор эд эрхтэн шилжүүлэхийг хуулиар хориглож байна.

УИХ-аар хуулийг батлахын өмнө гишүүд зарим асуудлыг тодруулав.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: 

Эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал дээр Монголын эмч нар бэлтгэгдсэн, өндөр төвшинд ажиллаж байгаа. Нийгэмд хэрэгцээ шаардлага байгаа учраас хуулийг батлах шаардлагатай.

Гэхдээ төслийг сайжруулахтай холбоотой хэд, хэдэн санал байна.

Нэгд, Донорын тухай хууль гэж нэрлэсэн нь агуулгаа бүрэн илэрхийлэхгүй байгаа, мөн логиккгүй байгаа. Донор гэснийг Эрхтэн шилжүүлэн суулгах гэж томъёолох нь илүү оновчтой биш үү.

Хоёрт, амьд донороос эрхтэн шилжүүлэх бол зөвхөн гэр бүлийн гишүүн нь байна гэж төсөлд заасан.  Амьдрал өөрөө баян.  Нэг гэрт амьдардаггүй ч эцэг, эх, ах дүү нараас нь эрхтэн шилжүүлэх асуудал гарч болзошгүй. Гэр бүлийн тухай хуульд зааснаар зөвхөн нэг гэрт амьдарч байгаа хүмүүсийг гэр бүлийн гишүүн гэж тодорхойлдог.

Гуравт, донорын шинжилгээний явцад илэрсэн эмгэгийг зөвхөн өөрт нь мэдэгдэнэ гэж хуульд заасан. Респент нь 18 насанд хүрээгүй хүүхэд байж болно. Энэ тохиолдолд зөвхөн өөрт нь гэж хатуу заахаар эцэг, эхэд нь хэлбэл, Зөрчлийн хуулиар эмч хариуцлага хүлээх болоод байна?

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн, ажлын хэсгийн ахлагч Т.Гантулга:

Хуулийн нэршил дээр 2000 оноос хойш Донорын тухай хууль гээд явсан. Таны саналыг авч үзэх ёстой, цаашдаа хууль төгөлдөржөөд явах ёстой.

Хэрэв бид нэршлийг соливол буцаагдах асуудал үүсэх байсан. Хуульч учраас таныг ойлгоно гэж бодож байна.

Гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар үрчлэн авсан хүүхэд болон болон төрөл садангийн хүнийг хэлнэ гэж заасан. Төрлийн хүн гэж гэрлэгчийн эцэг эх, ач, зээ тэдгээрийн хүүхэд. Садангийн хүн гэдэг нь  гэрлэгчийн төрсөн ах, эгч, гээд цааш үргэлжилнэ. Өргөн агуулгыг илэрхийлнэ.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Банкны зээлээ төлж чадахгүй болоод бөөрөө зарах гээд явж байна гэсэн зар явж байсан. Энэ хуулийг зөвөөр хэрэгжүүлэхгүй бол ашиг хонжоо олох хэрэгсэл болж хувирч болзошгүй.

Хууль баталдаг ч зөв хэрэглэж чадахгүй байна гэдгийг зөвлөмөөр байна.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн, ажлын хэсгийн ахлагч Т.Гантулга:

Эд эрхтний наймаа хийдэг хууль бус юм руу оруулахгүйн тулд зөвхөн гэр бүлийн гишүүнээс амьд донор шилжүүлж авч болно гэж хуульчилж өгсөн.  Өөр бусад тохиолдлоор донор болохыг хориглосон.  Ингэснээр “би хуурай ах нь, дүү нь, ямар нэгэн ашиг хонжоо харахгүйгээр эд эрхтнээ өгнө” гээд явж болзошгүй хууль бус зүйлийг хааж байгаа юм. Донорын тухай хуулийг сурталчилна. Гэхдээ эд эрхтнийг шилжүүлэхтэй холбоотой асуудлыг сурталчилж болдоггүй. Олон улсын жишгээрээ ийм юм.  Ганцхан тохиолдолд эд эрхтэнтэй холбоотой асуудлыг сурталчилж болдог. Энэ нь зөвхөн цусны донорыг алдаршуулах л юм.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Т.Гантулга гишүүн ээ, гэр бүлийн гишүүн гэдэгт хэнийг хамруулдаг вэ гэдэг талаар та их буруу ойлголттой байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

Эрсдэлийг тооцож ажиллах ёстой гэдэг гишүүдийн саналтай санал нэгдэнэ.

Эд эрхтний наймаанаас урьдчилан сэргийлэхийн тулд импортлох, экспортлохыг хориглосон.  Энэ нь мөн ашгийн төлөө бус сайн дурын үндсэн дээр байна гэдгийг хатуу хуульчилсан.

Одоо чуулганаар Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2018 оны төсвийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Дэгээрээ энэхүү хуулийг хаалттай горимоор хэлэлцэх ёстой. Тиймээс тул чуулганы хуралдааныг хаалттай дэгээр үргэлжлүүлж байна.

10:54 2018-01-19

“ОЮУТОЛГОЙ” КОМПАНИД ШАЛГАЛТ ХИЙХ САНАЛ ГАРГАВ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудалтай холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД:

Намрын чуулган завсарлахад гурван долоо хоног үлдлээ. УИХ завсарлахаасаа өмнө олны анхаарал татаж байгаа асуудлуудад хариу өгөх шаардлагатай.

Хүний эрх, иргэний эрхийн талаар хөндөж ярих ёстой.

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбоотой асуудлаар би Хан-Уул дүүргийн шүүхэд хандсан, хүлээж авахгүй байна. Гурван удаа буцаалаа.

Энэ хүнтэй холбоотой асуудлыг УИХ-аар нээлттэй сонсъё гэхэд боломжгүй гээд арга буюу бид хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлэгт иргэд хууль хяналтын байгууллагынхантай холбоотой асуудлыг ярьсан. Гэтэл өнөөдөр тэр хүмүүсийг улсын прокурорт шилжүүлсэн байна. Ямар хүнд байдалд оруулж байгааг өнөөдөр мэдэх хүн байна уу.

Яагаад УИХ ажлын хэсэг гаргаад энэ асуудлын үнэн мөнийг тогтоодоггүй юм бэ,  хуулийн байгууллагад тэр хүмүүсийг өгөх биш энд яагаад иргэдийнхээ үгийг сонсож болдоггүй юм.

УИХ-ын гишүүний гомдлыг хүлээж авахгүй байхад иргэдийг яах бол.  Ийм байхад УИХ тараад явлаа юу, цагаан сараа тэмдэглэлээ юү.

ЗГХЭГ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

Л.Болд гишүүний хөндсөн асуудлаас илүү өвөлжилтийн талаар өнөөдөр Засгийн газраас мэдээлэл сонсох шаардлагатай байна. Хуульдаа нийцүүлээд С.Бямбацогт гишүүний өвөлжилттэй холбоотой асуудлаар тавьсан асуулгын хариуг сонсмоор байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТЭРБИШДАГВА:

Оюутолгойн асуудлаар УИХ ажлын хэсэг байгуулмаар байна. Өмнө нь энэ асуудлаар Засгийн газраас ажлын хэсэг байгуулаад тодорхой асуудлыг сайжруулж явж байсан.

Ажлын хэсэг 1.8 тэрбумын зөрчил илрүүлэхэд Дубайн гэрээгээр байхгүй болгосон.

Айлчлал хийгээд гаднаас 500 сая ам.доллар олж ирлээ гээд баярлаад байна. Гэтэл өөрийнхөө газар нутаг дээр ажиллаж байгаа компани нь зөрчил гаргаад байхад ажилладаггүй. Тагнуул, цагдаа оруулаад УИХ-аас өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргая.

“Эрдэнэт” үйлдвэрийг УИХ шалгаж болдог, “Оюутолгой”-г шалгаж чаддаггүй байж таарахгүй.

Ийнхүү гишүүдийн байр суурийг сонссоны дараа чуулганы үдээс хойших хуралдаанаар өвөлжилтийн талаар мэдээлэл сонсохоор болов.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Донорын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.