ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ АЖИГЛАСАН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн алба (АИХЭА)-ны Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны ажиглагчид 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр явагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажигласан билээ. Ажиглагчдын багийн бүрэлдэхүүнд ЕАБХАБ-ын гишүүн 23 орны 11 шинжээч, 19 урт хугацааны ажиглагч багтсан юм.

Сонгууль ажиглах хорооны ажиглагчид Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад ЕАБХАБ-ын өмнө Монгол Улсын хүлээсэн үүрэг амлалт, ардчилсан сонгуультай холбоотой олон улсад баримталдаг хэм хэмжээ, дотоодын хууль тогтоомжуудыг хэрхэн мөрдөж байгаад үнэлгээ хийж, дүгнэлт тайлангаа гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг ажигласан тухай эцсийн тайлангаа өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагатай уулзаж танилцуулан, нийтэд ил тавьж мэдээллээ.

Уулзалтын үеэр Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны ахлах зөвлөх Стивен Мартин сонгуулийн үйл ажиллагааг ажиглахад туслалцаа үзүүлэн хамтран ажилласан Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд талархлаа илэрхийлээд Монгол Улсын сонгуулийн сайн туршлагыг олон улсад сурталчлан, нэвтрүүлэх тал дээр байнга хамтран ажиллана хэмээв.

Ноён Стивен Мартин ажиглалтын тайланд тусгагдсан зөвлөмжүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцаад “Монгол Улс сонгууль зохион байгуулж явуулах тал дээр олон улсын түвшинд нэр хүндтэй болж байгаа гэдгийг зориуд тэмдэглэн хэлье. Манай байгууллага сонгуулийн үйл ажиллагааг энэ удаагийн сонгууль анх удаа 2 санал хураалттай болж, хоёр дахь санал хураалтын хугацаа давчуу байсан хэдий ч Сонгуулийн Ерөнхий Хороо онцгой чармайлт гарган ажилласан. Зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуулийг ч биш, өмнөх онд явагдсан Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг ч сайн зохион байгуулсан. Санал авах байрны ажилтнууд ч санал хураалтын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулсны дүнд сонгуулийн санал авах ажиллагаа эмх журамтай болж өнгөрсөн. Түүнчлэн иргэний бүртгэлийн болон аудитын байгууллага, бусад төрийн байгууллагууд сонгуулийн зохион байгуулалтад оролцох хуулиар хүлээсэн үүргээ сайн биелүүлснийг дурдах нь зүйтэй.

Манай байгууллага сонгуулийн үйл ажиллагааг ажиглах чиглэлээр байнгын үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагын хувьд Монгол Улсын сонгууль зохион байгуулах сайн туршлага, ялангуяа сонгуулийн зохион байгуулалтыг амжилттай болгоход идэвх чармайлт, санаачлага гарган ажилладаг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороог өндрөөр үнэлж, сайшааж байгаа, тиймээс ч өөрсдийн эрхлэн гаргадаг гарын авлагуудад танай туршлагаас оруулсан. Бусад улс орны сонгуулийн байгууллагад үлгэр дууриал болно гэдэгт найдаж байна” хэмээв.

ЕАБХАБ-ын АИХЭГ-аас томилогдсон
Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны эцсийн ТАЙЛАН

 

3

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.