100 ХОНОГ: Масст таалагдаж ойрын зайд гүйх үү, том харж, үсрэнгүй ажиллах уу

ОЙРЫН ЗАЙН ГҮЙЛТ:  ТАТВАРАА БУУРУУЛЖ, ТЭТГЭВРИЙН НАСЫГ
НААШЛУУЛАХ ШИЙДЭЛД ХҮРЧЭЭ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар өчигдөр 100 хоногийн ажлаа тайлагналаа. УИХ-аас 2017.10.20-ны өдөр Засгийн газрын сайд нарыг эцэслэн баталсан. Үүнээс хойш яг 109 дэх хоног дээрээ шинэ Засгийн газар тайлангаа тавьсан нь энэ юм.

У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдуутаа ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ. Шинэ бонд босгох замаар Чингис бондын 500 сая, Дим сам бондын хүүгийн төлбөр 160 сая ам.долларын төлөлт хийнэ. Өмнөх засгийн газрыг бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэж байв. Энэ дагуу ч ажлууд өрнөсөн. Шинэ бонд босгож, ОУВС-гийн хөтөлбөр үргэлжиллээ.

Харин мөрийн хөтөлбөр үргэлжлүүлэх асуудал дээр арай өөр. Өмнөх засгийн газарт ирдэг байсан том шүүмжлэл нь намын мөрийн хөтөлбөрөөс гажиж, ОУВС-гийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн явдал. Татвар нэмж, тэтгэврийн насыг өгсгөн, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлийн ажлууд үндсэндээ гацаад байв. Тиймээс  У.Хүрэлсүхийн Засгийн газар эдгээр алдаануудаа засах үүрэг хүлээсэн гэж болно.

zasag

Ерөнхий сайдын мэдээллээс олон нийтэд хамгийн чихэнд чимэгтэй сонсогдсон асуудлууд нь,

НЭГ: Эрэгтэй хүн 60, эмэгтэй хүн 55 насандаа өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах эрхийг нээж байна. Мөн үргэлжлүүлэн ажиллах эрх нь нээлттэй. Тэтгэврийн насыг жилд зургаан сараар нэмэх байсан бол гурван сар болгож бууруулах шийдэл

ХОЁР: Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлж, дөрвөн шатлалтай болгоод байсныг болиулж хэвээр нь үлдээхээр болжээ. Ингэснээр нэгдүгээр сарын татварын илүү төлөлтийг буцаан олгох юм.

ГУРАВ: Төрийн албан хаагчдын цалинг 2018 оны гуравдугаар улирлаас нэмж, 2019 онд инфляцийн төвшинтэй уялдуулан дахин өсгөхөөр болсон явдал.

ДӨРӨВ: Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд нь олгохоор хэлэлцээр хийж буй.

Эдгээр нь Сангийн яаман дээр энэ өдрүүдэд ажиллаж буй ОУВС-гийн шинжээчидтэй тохиролцсон шийдвэрүүд юм. Өмнө нь онлайн байдлаар хэлэлцээр хийж, 100 хоногийн тайлангаас өмнө нэгдсэн шийдвэрт хүрсэн нь гялтгар мэдээлэл болов. Ард иргэдийн амьдралд шууд хамааралтай энэ сэдвүүд нь Засгийн газрын ойрын зайны гүйлт байж, илүү том амбицаар урагшлах хүлээлт бийг онцлууштай.

Үндсэндээ Засгийн газрын 100 хоногийг ОУВС-тай хийж буй нааштай хэлэлцээр чимлээ. Хөтөлбөрийн нөлөөгөөр валютын нөөц 3.2 тэрбум ам.долларт хүрсэн нь эерэг үзүүлэлт юм.

Сангийн сайд ОУВС-тай хэлэлцээр хийх замаар татварын нэмэгдлүүдээ зөөлрүүлсэн ч төсөвтөө тодотгол оруулахгүй гэдэг байр сууриа хэвээр хадгалахаа онцлов. Шууд байдлаар Төсвийн тухай хуулиа зөрчиж байгаа ч энэ нь илүү мөнгөө хадгалж чадахгүй үрчихдэг манай улсад ашигтай тусахаар байна.

zasag

ХОЛЫН ЗАЙН ГҮЙЛТ: ТОМ ТӨСЛҮҮД, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХЭРХЭН ӨРНӨХ ВЭ-

У.Хүрэлсүх “Би төрийн ордны хоёрдугаар давхарт зүгээр нэг зургаа өлгүүлсэн Ерөнхий сайд байхыг хүсэхгүй. Монгол төрийн түүхэнд ажил хийсэн, тодорхой өөрчлөлт хийсэн Ерөнхий сайд байхыг хүснэ” гэж хэлсэн удаатай. Одоо энэ амлалтдаа хүрэхийн төлөө зүтгэх хэрэгтэй. Угаас захиргаадангуй, бадрангуй имижтэй тэрээр Ерөнхий сайд болсноосоо хойш  баахан “нам дор” байж, тодорхой хайрцганд орчихов уу гэсэн эмээлт үүсгэсэн нь үнэн.

Харин өчигдрийн хэвлэлийн хурал дээр сүрхий “дориун” байж, ажил байдлаа сайхан ярьсан нь олон нийтэд таалагдав. Засгийн газар 100 хоногтоо ойрын зайны асуудлуудаа шийдэж, цааш арай бяртайгаар урагшлах боломжтой боллоо. Одоо МАН-ын болоод Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан томоохон ажлуудыг эхлүүлэх тал дээр ихээхэн санаачлагатай ажиллах хэрэгтэй байна.

Тухайлахад, Тавантолгой төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах. Үүн дээр олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах, дотоодын ААН-үүдэд төсөл гүйцэтгэх эрх олгох, хоёр хөрштэйгээ хамтрах зэрэг хэд хэдэн хувилбар яригдаж байгаа аж. Ерөнхий сайд Тавантолгой төсөлд урд хөрштэй хамтарна гэдгээ албан бусаар мэдэгдээд байгаа. Яриа хэлэлцээрээ түргэн эхлүүлэх тусмаа бидэнд ашигтай.

Цаашлаад мөрийн хөтөлбөрт хэд хэдэн чиглэлд төмөр зам барих асуудал тусгагдсан. Уул уурхайн экспортын бодит орлогыг нэмэгдүүлэхэд тээврийн асуудал хамгаас чухал. Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлд төмөр зам хэзээ тавигдах вэ. Хойд, урд хөршүүдийн боломж, нөлөөг төмөр замын салбартаа зөвөөр ашиглаж чадах уу зэрэг олон асуудал байна.

Уул уурхайн салбартаа хос морь олохоор зорьж буйгаа Ерөнхий сайд онцоллоо. Эдийн засгаа солонгоруулахын тулд ойрын жилүүдэд хэдэн тэрбум ам.долларын зарлага гаргаж байж, дунд хугацаандаа өгөөжөө бага багаар хүртэж эхэлнэ. Үүнд зарцуулах мөнгө Засгийн газарт байгаа юу. Дээр нь газрын тосны үйлдвэр байгуулах ажил байна. Зээлийн эх үүсвэрүүд нь шийдэгдээд байгаа энэ ажил дээр Засгийн газар дахиад л нөгөө эх адаггүй улс төржилтийг давж гарч чадах уу. Хамгийн эмзэг асуудал нь энэ юм.

zasag

Мөнхүү албан тайлан дээр тоо нь яваад байгаа мөртлөө арилжааны банкин дээр зогсчихоод байгаа ипотекийн зээлийн хөтөлбөр байна. Ерөнхий сайд 2019.04 дүгээр сараас нийслэлд түүхий нүүрс оруулахгүй гэж мэдэгдлээ. Тэгвэл эргээд иргэдээ олноор нь орон сууцжуулах үүргээ Засаг хэрхэн биелүүлэх вэ. Ипотекийн зээлийг өнөөгийн нөхцөлд жилдээ 320 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байна.

Ардчилсан намын үед нэг сард 100 гаруй тэрбум төгрөгөөр энэ зээлийг санхүүжүүлж байсан сайхан үе бидэнд бий. Ийм орон зайг үүсгэж байж л хүртээмж нэмэгдэнэ. Тэгэхээр Сангийн яамны зүгээс ипотекийн зээлийг өнөөгийн түвшнээс багадаа гурав дахин ихэсгэж байж орон сууцжуулах галт тэрэгний хурдыг нэмж чадна. Үүнийг Засгийн газар онцгой анхаарч, нийслэлээ агаарын бохирдлоос гаргаасай.

Энэ мэт олон ажил Засгийн газрын өмнө байна. Тэдэнд 880 хоногийн зай байгаа. Энэ хугацаанд алсыг харсан амбицтай байж, улс орны эдийн засагт чухал нөлөө үзүүлэх том асуудлууддаа анхаарч чадах уу. Эс бол сайдын үнэтэй машин, цалингүй сайд нарын зовлон, тансаглал, нийгмийн халамжийн чанартай олон нийтэд таалагдах жижиг асуудалд ээрэгдсээр албаа өгөх үү. Аль аль сонголт нь шинэ Засгийн газрын өмнө нээлттэй. Тэдэнд бас сонголт хийх эрх нь бүрэн нээлттэй байгааг тэмдэглүүштэй.

Ж.МЯДАГБАДАМ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.