ИРЛАНД ҮР ХӨНДӨЛТИЙН ТАЛААР БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛНА

Ирландын Засгийн газар үр хөндөлтийг зөвшөөрөх эсэх асуудлаар тавдугаар сард бүх нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргажээ. Санал асуулгын дүн  Үндсэн хуулийн  үр хөндөлтийг хориглосон  заалтыг өөрчлөх  эсэхэд нөлөөлөх  аж.

Ирландад одоо хэрэгжиж байгаа хуульд эхийн амь насанд аюул учирсан тохиолдолд л үр хөндөх тухай заасан байдаг гэнэ. Харин эх хүчингийн хэргийн хохирогч болсон эсвэл ургийн гажиг үүссэн тохиолдолд үр хөндөхийг зөвшөөрдөггүй ажээ. Ирландын Ерөнхий сайд Лео Варадкар хуульд өөрчлөлт оруулах кампанит ажлыг удирдахаар болсон байна.

Ирландын Үндсэн хуульд эхийн хэвлий дэх ургийг бусдын адил амьд явах эрхтэй гэж заасан байдаг гэнэ. 2012 онд Ирландын Голуэй хотын их сургуулийн эмнэлэгт нэгэн бүсгүй үр зулбаснаас болж амиа алдсан хэрэг гарсан нь тус асуудлыг олон нийтийн анхаарлын төвд аваачсан юм. Энэ хэргээс өмнө хүчингийн хэргийн хохирогч 14 настай охиныг Их Британи руу үр хөндүүлэхээр явахыг хориглосон тохиолдол гарч байжээ. Жил бүр Ирландын олон охид эмэгтэйчүүд үр хөндүүлэхээр Их Британийг зорьдог. Өнгөрсөн есдүгээр сард Дублин хотын иргэд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, үр хөндөлтийг зөвшөөрөхийг шаардаж, жагсаал зохион байгуулсан юм. Ирэх тавдугаар сард явуулах бүх нийтийн санал асуулгын өмнө Ирландын эрүүл мэндийн сайд Үндсэн хуульд заасан дээрх хоёр тохиолдлоос бусад онцгой тохиолдолд үр хөндөлтийг зөвшөөрөх тухай хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөжээ.

Уг асуудлыг парламентаар хэлэлцсэний дараа бүх нийтийн асуулга явуулах товыг зарлах юм байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.