“ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ НЭГ ӨРГӨДЛИЙГ 16 ХОНОГТ ШИЙДЭЖ БАЙНА”

НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр /2018.02.12/ Нийслэлийн газрын албаны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Тодруулбал, он гарсаар Газрын албанд нийт 3129 өргөдөл, гомдол хүлээн авснаас 756 шийдвэрлэгдсэн, 176 судалж байгаа, 2197 өргөдөл шийдвэрлэгдэх шатандаа буюу тухайн шатны Засаг даргын захирамжийн төсөлд хянагдаж байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлт 94 хувьтай байгаа бол дунджаар 16 хоногт нэг өргөдлийг шийдвэрлэдэг аж.

Иргэдийн ирүүлсэн өргөдөл гомдлын 35 хувийг газар эзэмших, ашиглах эрхийг сунгах, 19 хувийг шилжүүлэх, 22 хувийг зориулалт талбайн хэмжээ өөрчлөх, 20 хувийг эрх баталгаажуулах, лавлагаа мэдээлэл авах, 4 хувийг гэрээ, гэрчилгээ нөхөн авах, бүртгэх хасуулах зэрэг хүсэлт эзэлжээ.

Иргэдийн өргөдөл шийдвэрлэгдэхүй удаан хугацаанд хүлээлгэж буй гол шалтгаан нь газрын маргаанаас үүдэн шүүхийн шатанд хянагдах байгаа эсвэл дүүргийн Засаг дарга захирамжаа гаргахгүй удааж байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд хэллээ. Мөн иргэн аж ахуй нэгжийг чирэгдүүлэхгүй байх үүднээс газар эзэмших, эрхийг 15 жилээр сунгадаг болж, нийтийн эдэлбэр газарт газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох ажлыг эхлүүлжээ.


Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуунаас дараах асуултад хариулт авлаа. 

-Энэ оны тавдугаар сарын нэгнээс иргэнд газар үнэгүй өмчлөхгүй гэж ярих боллоо?

-Газар өмчлөх тухай хууль 2005 онд батлагдсан байдаг. Уг  хуульд зааснаар Монгол Улсын иргэн нэг удаа газар үнэгүй өмчлүүлнэ гэж заасан. Уг хуулийн хугацаа 2008 онд дуусах байсныг 2018 он хүртэл сунгасан байсан. Энэ оны тавдугаар сарын нэгнээс иргэд газраа үнэгүй өмчилж авах хугацаа дуусах юм. Түүнээс биш газар, эзэмших олгох асуудал хэвийн үргэлжилнэ. Хэрэв хуулийн хугацаа ахин сунгагдахгүй бол иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж буй газраа авахдаа тодорхой мөнгө төлөх юм. Өөрөөр хэлбэл одоогийн үнэ ханшаар тооцоод үзэхэд иргэд 0.7 га газрыг 9 сая 240 мянган төгрөгөөр гэрчилж авах ийм нөхцөл үүсээд байна. Гэхдээ уг хуулийг цаашид сунгах эсэхийг Засгийн газар шийднэ. Бид нар холбогдох байгууллагад хуулийг сунгах талаар хүсэлтээ илгээсэн байгаа.

-Нийслэлийн иргэдийн ихэнх нь газраа өмчилж аваагүй гэсэн асуудал их яригддаг шүү дээ. Харин одоо?

-Нийслэлийн хэмжээнд газар өмчлөл нь өмнөх үеийнхээс авахуулаад одоо өмчилж буй хашааны газарт тооллого хийхэд 86.4 хувьтай газар өмчилсөн байна. Одоо бид нар тавдугаар сарын нэгэн хүртэл иргэдэд газар өмчлүүлэх аяныг идэвхтэй зохион байгуулна. Энэ аяны хүрээнд иргэд газраа өмчлөх, өмчлүүлэх, газартай холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэх боломжтой. Харин иргэд зуслангийн газар өмчилнө гэж тусдаа ойлгоод байдаг. Гэтэл энэ чинь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрыг хэлж байгаа юм. Үүнийг иргэд их андуурдаг л даа.

-Цаашид цахимаар газар өмчлүүлэх үү? Цахимаар газар өмчилж аваад хашаа барьсан, суурьшсан айл хэчнээн байна вэ?

-Бид нар одоогоор цахимаар газар өмчлөх асуудлыг судалж байна. Яг бодит байдалд 44 байршлын 69690 иргэнээс тухайн газартаа хашаа барьж, суурьшсан нэг ч иргэн байхгүй байгаа. Цаашид цахимаар газар өмчлүүлэх асуудлыг бодлогын хэлэлцүүлгийг хийж, олон нийтийн санал авахаар ажиллаж байна.

-Цахимаар газар өмчилсөн иргэд газраа өмчлөхдөө хаана хандах вэ? Ямар материал бүрдүүлэх вэ?

Одоогоос хоёр жилийн өмнө сонгогдсон 44 байршилд иргэдэд цахимаар газар өмчлүүлж эхэлсэн. Харин дээрх иргэд тухайн газрынхаа кадастрын зургаа энэ түрүүнд хийлгэх шаардлагатай. Түүний дараа дүүргийнхээ газрын албанд газар өмчлөх хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар кадастрын зургийн баталгаажсан зурагтай хамт өгнө. Ингээд тухайн иргэн дүүргээс газрын гэрчилгээгээ авах байгаа.

-Энэ онд нийслэлд 42 сургууль цэцэрлэг шинээр баригдана гэж хотын удирдлагууд хэлж байсан.  Эдгээр барилгын газрын асуудал шийдэгдчихсэн үү?

-Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар орж ирсэн 42 сургууль цэцэрлэгийн 25-ийнх нь  газрын асуудал шийдэгдсэн. Одоо үлдсэн 17 газрын асуудал шийдэгдэхгүй хэвээр байна.

Э.АРИУН 

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.