Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс Ардчилсан намтай хамтран ажиллах санал тавьсаны дагуу өчигдөр санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаанд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ЕНБД Д.Эрдэнэбат, АН-ын УИХ дахь бүлгийн дарга Ч.Сайханбилэг, Байгаль орчны сайд асан Л.Гансүх, АН-ын жагсаалтаар нэр дэвшигч Ж.Батболд нар оролцсон бол Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс тэргүүн Д.Ганболд болон гишүүн байгууллагуудын төлөөлөл болох 10 гаруй ТББ-ын тэргүүнүүд оролцлоо.

Энэ үеэр Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “ Бид Монголын байгаль орчны иргэний зөвлөлтэй дөрвөн үндсэн асуудлаар хамтран ажиллахаар тохирсон. Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан хөгжлийн чиг хандлагаа тодорхойлж байгаа энэ үед Монгол улсын төр засаг үндэсний аюулгүй байдал болон ард түмнийхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг бүрэн хангасан нийгэм эдийн засгийн бодлого боловсруулах цаг зайлшгүй болсон. Тиймээс Ардчилсан нам нь Монгол улсынхаа байгаль орчны бодлогыг шинэ шатанд гаргахын төлөө зарим ажлыг эхлүүлээд байгаагийн нэг нь энэ юм.
Санамж бичигт нэгдүгээрт: Монгол улсын газар нутаг дээр цөмийн хаягдал булшлахыг хатуу хориглох.
Хоёрт Атомын цахилгаан станц байгуулахаас татгалзах, атомын цахилгаанаас бусад хэлбэрээр түлшний нөөцийг хангах асуудлыг дэмжих. Цөмийн энергийн тухай хуулийг өөрчлөх.
Гуравт: Урт нэртэй хуулийг бүрэн төгс хэрэгжүүлэх буюу “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглалтыг хоиглох тухай” хуулийг бүрэн хэрэгжүүлэх.
Дөрөвт нь Байгаль орчны төрийн хяналт болон газрын нэгдсэн менежментийн бодлогыг байгал орчны төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлэх гэсэн үндсэн дөрвөн асуудлаар хамтарч ажиллахаар болсон. Энэ асуудал өнөөдөр ажил хэрэг болж байна. Гэхдээ санамж төдийд бус цаашид гэрээ болгож, ажил хэрэг болгож хамтран ажиллах шаардлагатай. Ардчилсан нам байгаль орчны чиглэлээр хамтран ажиллахаар олон газартай гэрээ байгуулаагүй. Хамгийн эхний эхлэл болгож үүнийгээ ажил хэрэг болгох үүднээс танай байгууллагатай хамтран ажиллахаар сонгож байна хэмээсэн юм.
МБОИЗ- ийн тэргүүн Д.Ганболд хэлэхдээ” Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 679 Төрийн бус байгууллагыг өөртөө нэгтгэж төрийн байгууллагууд болон Олон улсын байгууллагатай хамтран ажилладаг нэгдсэн байгууллага юм. Ардчилсан нам байгаль орчны асуудлыг төрийн бодлого болгохоор олон асуудлыг мөрийн хөтөлбөртөө багтаасныг тус байгууллагын ТББ-ын бүх гишүүд дэмжиж байгаа тул ийнхүү хамтран ажиллахаар болсон” гэдгийг онцоллоо. Мөн тус байгууллагын удирдлагуудын нэг болох Б.Саруул “Цөмийн хог хаягдлыг монголд булшлахгүй байх, атомын цахилгаан станц барихгүй байх зэрэг байгаль орчин, хүний аюулгүй орчинд нөлөөлөх томоохон асуудлуудыг Ардчилсан намын мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан. Бусад намуудын мөрийн хөтөлбөрт энэ асуудлыг хөндөөгүй тул бид Ардчилсан намыг дэмжих нэг үндэслэл болсон. Тиймээс Ардчилсан намын мөрийн хөтөлбөр болон санал санаачилгыг бид цаашид бүх талаар дэмжин ажиллах болно” хэмээлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг шинэ байгуулагдах УИХ-аар Ашигт малтмалын хуулийг шинэчлэн боловсруулах ажлыг хийнэ. Энэ үеэр тусгайлсан зохицуулалтыг хийж зарим өөрчлөлтийг тусгахаар төлөвлөсөн байгаа гэдгийг мэдэгдсэнээр талууд санамж бичигт гарын үсэг зурж хамтын ажиллагааг баталгаажууллаа.

 

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.