Н.Наранбаатар: Өв соёлоо хэдэн халтар юаниас өгдгөө болимоор юм

Улсын драмын эрдмийн театрын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатартай ярилцлаа.

БИ “ХААДЫН ХААН” ТҮҮХЭН ЖҮЖГЭЭРЭЭ МОНГОЛЧУУД ӨНДӨР СОЁЛ
ИРГЭНШИЛТЭЙ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ХИЧЭЭНЭ

-Та сар шинэдээ сайхан шинэлэв үү. “Алтан унжлагат” тахиа жилдээ уран бүтээлийн олз омог ихтэй байв уу?

Сайхан шинэллээ. Улиран одсон тахиа жилдээ уран бүтээлийн олз омог ихтэй байлаа. Төрийнхөө наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг хоёр дахь жилдээ найруулан тавьж,  түмэн олноо баясгаж, уран бүтээлийн ургац арвинтай сайхан жил байлаа. Ирж буй “Шороон” хэмээх нохой жилээ уран бүтээлийн олз омог ихтэй эхэлж байна. Хоёрдугаар сарын 27-ноос эрдэмтэн зохиолч Э.Оюун гуайн 100 жилийн ойд зориулсан “Би эндээс явахгүй” бүтээлийг тайзнаа амилуулахаар ажиллаж байна. Гурван сарын зургаанд Завхан аймагт Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн бичсэн “Өндөр гэгээн” хэмээх хөгжимт жүжгийг үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна.

-Драмын театрын хамт олон энэ жил ямар түүхэн жүжиг тавихаар төлөвлөж байгаа вэ?

-Манай театр 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Баатар найруулагч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Атга нөж” зохиолоор Эзэн Чингис хааны тухай бүтээл туурвисан. Энэ жүжиг маань гурван жил үзэгчдийн хүртээл болсон. Одоогоор уг бүтээл маань дахин тоглогдох боломжгүй болсон.

naranbaatar

-Яагаад?

-Олон масстай, цэргийн ангиас хүртэл цэргүүд ирж энэ уран бүтээлд оролцдог болохоор энэ жүжгийг өдөр бүхэн тоглоход хүндэтгэх шалтгаан гарсан. Тиймээс дахин тоглогдох боломжгүй болчихоод байгаа юм. Тиймээс “Хаадын хаан” гэсэн нэртэй түүхэн жүжиг тавихаар төлөвлөж байна.

-УДЭТ-ын энэ жилийн онцлох уран бүтээл яах аргагүй “Хаадын хаан” түүхэн жүжиг байх нь ээ?

-Би Монголын түүхийн гурван цаг үеийг харуулсан гурвалсан бүтээлийг үзэгчиддээ үлдээе гэсэн бодолтой явдаг юм. Эхнийх нь Хүннү гүрний хүчирхэг байх үеийг “Тэнгэрийн хүү” бүтээлээрээ харуулсан. Энэ жил XIII зуун буюу Их Монгол Улсын Эзэн Чингис хаанаар бүтээл хийе гэж зорьж байгаа. Цаашлаад Өндөр гэгээн Занабазараар бүтээл хийе гэсэн бодолтой явдаг юм. Сүүлийн үед бид Чингис хааныхаа нэрийг хаа хамаагүй хэлдэг болсон. Уул нь бид нэрийг нь хэлэхээсээ ч цээрлэх ёстой. Жишээлбэл, хуучны хүмүүс их айхтар Чингис хааны нэрийг хэлэхээсээ цээрлээд Хэнтий аймгийн нийслэлийг Өндөрхаан гэж нэрлэсэн байгаа юм. Гэтэл одоо Чингис хот гэж нэрлээд, Эзэн хааныхаа нэрийг дуудаад, хаа хамаагүй хэрэглээд л байна. Уг нь эндээс л хүндэтгэл эхэлнэ. Тийм ч учраас бид Эзэн хааныхаа нэрийг хэлэхээс цээрлээд жүжгээ “Хаадын хаан” гэж нэрлэсэн. Энэ жил манай театрын уран сайхны зөвлөлд хэд хэдэн хааны тухай зохиол ирснээс Б.Цогнэмэхийн зохиол тэнцсэн юм. Яагаад энэ зохиол Уран сайхны зөвлөлөөс шигшигдсэн бэ гэвэл энэ цаг үед шинээр хийгдэхэд илүү их тохиромжтой байсан. Мөн найруулагчийн тавилттай их холбоотой л доо.

-Хуучин цагт ямар байсан тэр хэлбэрээр тавигдах уу?

-“Хаадын хаан” жүжгийг би ерөнхийдөө жаахан арт тал руу нь хийх сонирхолтой байгаа. Бид XIII зуун гэхээр л тэр үед амьдарч байсан хүмүүсийг хөлдөө ороогдсон дээл, үс гэзэг нь ширэлдсэнээр төсөөлдөг. Дэлхий ч биднийг ингэж төсөөлж, аль болох л зэрлэг бүдүүлэг талаас нь харахыг хичээдэг. Би “Хаадын хаан” түүхэн жүжгээрээ монголчуудыг асар өндөр соёл иргэншилтэй, ухаалаг ард түмэн байсан гэдгийг харуулахыг хичээж байгаа. Мөн түүхийн танин мэдэхүйн тал дээр илүү их ажиллаж байна. Гурван Хиад омгийг нэгтгээд Хамаг Монгол Улс гэж байгуулсан. Тиймээс Монгол гэдэг үг ямар утга учраар гарч ирсэн. Тэмүүжинг яагаад Чингис гэж цоллох болов. Хамгийн гол нь энэ жүжгээр юу үзүүлэх гээд байгаа юм бэ гэвэл Их засаг гэж гайхамшигтай хууль цаазыг гаргаснаар Монгол Улс хөгжсөн юм аа гэдгийг л харуулахыг зорьж байна. Бид өнөөдөр хуулиа гууль болгоод, мөрдөж чадахгүй, зүгээр л бэлгэдлийн хууль гаргачихаар ард түмэн яаж дагаж мөрдөх юм бэ. Дэлхий дээр нүүдлийн, суурин гэсэн хоёр л иргэншил байна. Сэтгэлгээ, ахуй байдал бусдаас ялгарах ялгамж зэргээрээ бид шал өөр хүмүүс байхгүй юу. Ийм улсууд ахуйгаасаа ёс заншлаасаа үүдээд хууль гаргаж байсан ард түмэн. Жишээ нь, булгийн эхийг бохирдуулбал цаазаар авна гэсэн байдаг. Нэг бодлын аймшигтай ч юм шиг. Гэхдээ энэ бол асар зөв хууль байхгүй юу. Яагаад гэвэл ундны цэвэр усны ундарга, байгаль дэлхийгээ хайрлаж байгаагийн нэг илрэл. Ер нь монгол хүнд босоо удирдлага хэрэгтэй гэж хувь хүнийхээ үүднээс боддог юм. Мөн маш сайн диктатур хэрэгтэй. Монгол хүн диктатуртай байж сайн явдаг байхгүй юу.

naranbaatar

-ДОЛДУГААР САРЫН 10-НЫ ОРОЙ АРД ТҮМЭНДЭЭ АЯТАЙХАН ЮМ
ҮЗҮҮЛЧИХЬЕ ГЭСЭН БОДОЛТОЙ БАЙГАА ШҮҮ-

Нууц биш бол шинээр тавигдах түүхэн жүжигт гарах үзэгдлүүдээс дурдаж болох уу?

-Уран сайхны хэсгүүд оруулъя гэж бодож байна. Жишээ нь, Зүчийн нас барсан мэдээг түүхэн сурвалжид элч хүрч ирээд л “Өршөөгөөрэй, Их хаантан минь. Таны ууган хүү тэнгэрт хальжээ” гэдэг. Харин үүнийг маш ухаалгаар хуурчид хуурын үгээр “Таны ууган хүү таалал төгсчээ” гэдгийг их холуур, маш тайвнаар, ухаанаар, аялгуугаар дамжуулан хэлж өгөхөд Чингис хаан “Юу, дахиад наадахаа тогло доо” гээд дахин сонсоод мэлмэртлээ уйлж байгаа хэсэг гарна. Мөн Чингис хаан Хуланг бага хатнаа болгоод, гэртээ харихгүй хэдэн сар болоход Бөртэ хатан хуурч явуулаад “Хун шувууд олон боловч алийг нь таалахаа та өөрөө мэд” гэсэн утгатай үгсийг хуурын аялгуугаар хэлэхэд Чингис хаан “За явалгүй бол болохгүй нь” гээд Бөртэ хатан дээр очиж байгаа нь гарна. Ганц, хоёр хэсгээс нь задлахад иймэрхүү байна. Жүжгээрээ танин мэдэхүйн, ёс суртахууны ойлголт өгнө. Тэр үеийн хүмүүсийн соёл иргэншлийг би их өндөрт тавина. Түүхэн судалгаагаар магадгүй ийм биш байсан ч гэсэн би ийм байх ёстой гэж боддог. Яагаад гэвэл бидний бахархалт түүх учраас. Би Хүннүгийн үеийн түүхэн жүжиг тавих гээд судалж байхад асар өндөр соёл иргэншилтэй байсан улсууд соёл иргэншлээ алдана гэж байхгүй. Хятадууд түүхэн киногоо хийхдээ дэлхийд байхгүй хосгүй соёлтой гэдгээ харуулж, ордны дэг жаяг, үс засалт, хувцаслалт зэргийг урлагаар дамжуулж түүхээ дээш нь өргөдөг. Түүх гэж юуг хэлдэг вэ гэхээр бодит бүртгэл л гэж хэлдэг. Гэхдээ бид түүхийн хичээл биш, уран сайхны бүтээл туурвиж буй учраас эх түүхийнхээ гайхамшигтай талуудыг харуулна л гэж бодож байгаа.

-“Хаадын хаан” түүхэн жүжиг тайзнаа тавигдсанаар үзэгчдэд их олон зүйл өгсөн, үр өгөөжтэй уран бүтээл болох нь гэсэн бодол төрлөө. Энэ мэт түүхэн жүжгүүдээ арван жилийн хүүхдүүдэд бодлогоор үзүүлж болдоггүй юм уу. Төр засгийн удирдлагуудад санал тавьсан уу?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа энэ жүжгийг дэмжиж ажиллана гэдэг саналаа өгсөн. Одоо Ерөнхий сайд болчихлоо бүр их боломж гарна гэдэгт итгэлтэй байна. Бид Ерөнхий сайдтай цаг аваад уулзана. У.Хүрэлсүх сайд энэ жүжгийг маш сайхан хүлээж авсан. Бид ч гэсэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа.

-Ер нь түүхэн ач холбогдолтой жүжгийг Төрийн их наадмын үеэр  төв талбайдаа үзэгчдэд үнэгүй толилуулж болох уу. Заавал УДЭТ-т тавигдах ёсгүй биз дээ?

Болохгүй юм байхгүй шүү дээ. Наадмын орой төв талбай дээр иймэрхүү бүтээл тоглож болохгүй гэсэн юм байхгүй. Энэ жилийн 10-ны оройны тоглолтыг намайг хийгээрэй гэсэн санал тавьсан. Би их аятайхан юм бодчихоод байгаа. Одоо хэлчихээр болохгүй байх. Үүн дээр хүмүүсийн эх оронч үзлийг, бие биенээ хайрлах, хүндэтгэх, энэ газар шороо ямар үнэ цэнээр олдсон юм гээд сэдвийг нь бодсон байгаа. Зохиомжоо цаасан дээр буулгаад, хотын захиргаан дээр очно доо. Долдугаар сарын 10-ны орой ард түмэндээ аятайхан юм үзүүлчихье гэсэн бодолтой байгаа шүү.

naranbaatar

ЭНЭ ЦАГ МӨЧИД, ИЙМ ҮЙМЭЭН САМУУНТАЙ ЦӨВҮҮН ЦАГТ
БИД ҮЗЭГЧДЭЭ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ

-Сүүлийн үед нээлтээ хийж байгаа түүхэн кинонуудад хэтэрхий их алаан хядаан, хүчирхийлэл гарах юм. Та ямар бодолтой явдаг вэ?

Гадны урлагаар дамжуулж буй үзэл суртлын асуудлыг манайхан ерөөсөө ойлгохгүй юм. Бидэнд соёлын дархлаа гэж байх ёстой. Бид ард түмэндээ юуг үзүүлэх, үзүүлэхгүй байхыг, юуг нэвтрүүлэх, нэвтрүүлэхгүйг мэддэг байх ёстой. Жишээ нь, кинотеатруудад Холливудад дөнгөж нээлтээ хийсэн кинонууд төд удалгүй манайд гардаг биз дээ. Манайхан мөнгийг нь төлж авч чадахгүй. Энэ зүгээр л жижиг буурай орныг алаан хядаантай киногоор үзэл суртал хийж байгаа юм. Гэтэл нөгөө хэдэн киночид нь дуурайгаад, алаан хядаантай кино хийж байна. Хэзээ Монголд хар нүдний шил зүүсэн, жийпэнд суусан нөхдүүд хүнийг бэйсболын цохиураар цохидог байсан юм бэ. Хэрэв байлаа гэхэд үүнийг кино урлагаар дамжуулан олон нийтэд сурталчлах ямар хэрэг байна. Манайхан ялих, ялихгүй шалтгаанаар алаан хядаан үзүүлдэг. Уг нь үүнийг үзүүлэхэд гоо зүй, ёс суртахууны асуудал байх ёстой. Түүх, философийг киногоороо илэрхийлэхийн оронд передний план буюу наад талын ухагдахууныг их гаргаж байна. Кино үзэж байхад маш их экшн гарна. Ингэснээр яг юун тухай өгүүлээд байгаа нь сонирхолтой биш болдог. Хүн кино үзээд агуулгыг чухалчилдаг. Үр дүн, учир шалтгаан, логик зөрүүтэй л юмнууд хийгээд байна даа. Өнөө цагт, энэ цаг мөчид ийм үймээн самуунтай цөвүүн цагт бид үзэгчдээ соён гэгээрүүлэх нь чухал. Тиймээс уран бүтээлч бүхэн хариуцлагатай байх ёстой. Алаан хядаантай кино үзүүлж болно. Гэхдээ хэзээ вэ гэдэг нь их чухал. Ийм цаг дор аль болох л ухааруулах, ойлгуулах, түвэгтэй нөхцөл байдал араншингаас нь салгах хандлагыг уран бүтээлээр дамжуулж үзүүлнэ үү гэхээс биш дэвэргэж ерөөсөө болохгүй. Нийгмийн араншин их сонин болоод байгаа гэдгийг та сэтгүүлч хүний хувьд анзаарч харж байгаа болов уу. Ийм үед уран бүтээлч нар бүтээл туурвихдаа хариуцлагатай хандах ёстой.

-Түүхчид Өмнөд хөрш, Солонгос улсын зөөлөн хүчний бодлого хүчтэй орж ирж байгааг олон удаа шүүмжлэхийг сонслоо. Та ч гэсэн энэ талаар нэг бус удаа хэвлэлээр ярьж байсан?

Зөөлөн хүчний бодлого гэдэг нь уртын бодлого гэсэн үг. Энэ зөөлөн хүчний бодлого нэг цаг үед болдог юм биш. Хэдэн үеийн дараа зорилго нь биелдэг энэ асуудлыг яриад байгаа юм. Яг үнэндээ бид Солонгос улсын соёлын довтолгооноос өөрсдийгөө хамгаалж чадсангүй шүү дээ. Хов жив, атаа жөтөөнд хөтлөгдсөн солонгос сериалаар иргэдээ бөмбөгдсөөр байгаа. Одоо фэйсбүүкээр иргэдийнхээ гаргаж буй араншинг нь хар л даа. Ямар ч итгэл үнэмшилгүй, хүн чинь аливаа юманд эхлээд эргэлзэж, дараа нь үнэн, худал эсэхийг нь нотолсныхоо дараа хариулт өгдөг. Гэтэл салхинд хийсэж буй хамхуул шиг л байна. Хүмүүсийн араншин ингэж эвдэрч байна. Урд хөрш соёл худалдаж авъя гэдэг асар том бодлого явуулаад байгааг бид анзаарахгүй байна. Би зарим уран бүтээлчдийг шүүмжилнэ. Хамаг үнэтэй өв соёлоо хэдэн халтар юаний төлөө заачихаж байна. Заах юм байна, заахгүй юм гэж байна. Үүнийг хуульчлах хэрэгтэй. Назарбаев домбор хөгжмийг гадныханд заахыг хориглоод байна. Энэ чинь бусдаас онцгойрох ялгамжаа л авч үлдэх гээд байна. Хамгийн тод жишээг дурдахад сар шинийн баяраар Өвөрмонголын “Одон” телевизээр сар шинийн тоглолтыг харсан бол Монголын соёл тэнд тэр аяараа явж байна. Үүнийг бид өвөрмонгол гэж харж сэтгэлээ тайвшруулж байгаа болохоос биш дэлхий дахин Дундад улсын соёл гэж харна. Урд хөршид хэдэн халтар юаниас өв соёлоо өгдгөө болимоор юм. Тэр дундаа өвөг дээдсээс уламжилж ирсэн гайхамшигт эрдмийг чи өөрөө сурсан бол ёс суртахуунтай, ухамсартай, эх оронч байх хэрэгтэй ш дээ. Энэ бүхэн миний л хувийн бодол шүү. Зарим хүмүүс үгүйсгэж магадгүй л юм. Би сурсан мэдсэн зүйлээ хаана очиж заах нь миний эрх гэж бодож магадгүй. Гэхдээ энэ өөрийн чинь өмч биш, эцэг өвгөдөөс уламжилж ирсэн язгуур өв соёл байхгүй юу.

-Цаашдын уран бүтээлд тань өндөр амжилт хүсье.

Баярлалаа.

М.АМАРЖАРГАЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.ТҮШИГ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.