Монголд хүнсний маханд шүлхийн аюул нүүрлэсэн үү

-ЕСӨН АЙМГИЙН 19 СУМАНД ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООГООД БАЙНА-

Бидний авлига, оффшор зэрэг асуудал хөөцөлдөж суух хойгуур мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин газар авсаар удлаа. Ханиад шиг агаар дуслаар халдварладаг эл гоц халдварт өвчний хор уршиг өнөөдөр есөн аймгийг бүрхэж, 19 суманд хөл хорио тогтооход хүргээд байна. Шүлхий ярихаар вакцин ярих нь дамжиггүй. Гэхдээ шүлхий өвчнийг дарахад иргэд, малчдын оролцоо өндөр болохыг сануулахад илүүдэхгүй юм.

2017 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд бүртгэгдсэнээс хойш Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Төв, Дундговь, Сэлэнгэ аймгийн нийт 41 сум, нийслэлийн нэг дүүрэгт шүлхий өвчин оношлогдож, нийт 830-аад өрхийн 9900 гаруй толгой мал, амьтан шүлхий өвчний эмнэлзүйн ил шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 9452 толгой мал, амьтныг зориудын устгалд хамруулсан байдаг.

Удалгүй шүлхий Улаанбаатарыг чиглэж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн давааны орчимд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан тухайн газарт хорио цээрийн дэглэм тогтоосон. Өнөөдрийн байдлаар   Дорноговь аймгийн Эрдэнэ, Сайншанд, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэрэн, Дэлгэрцогт, Адаацаг, Булган аймгийн Рашаант, Гурванбулаг, Төв аймгийн Баянцагаан, Эрдэнэсант, Өмнөговь аймгийн Манлай, Сүхбаатар аймгийн Онгон, Эрдэнэцагаан, Наран, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Орхон аймгийн Жаргалант, Дорнод аймгийн Чулуунхороот сум зэрэг 9 аймгийн 19 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.

Өнөөдрийн байдлаар Булган аймгийн Рашаант, Гурванбулаг суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч хөл хорио тогтоогоод байгаа юм. Булган аймгийн иргэдийн зүгээс УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ хорио цээр тавигдсан Гурванбулаг, Рашаант зэрэг сумдаар өвс тарааж сайдыг дагалдан яваа баг машин унаатайгаа хорио цээрийн бүсээс орж гарснаар ийнхүү шүлхийн голомтыг хоёр ч байршилд тэлэх боллоо хэмээн бухимдаад буй.

-ШҮЛХИЙ МӨН БОЛОХ НЬ БАТЛАГДВАЛ ХӨЛ ХОРИОГ ЧАНГАТГАНА-

Булган аймгийн Засаг дарга З.Батзоригтой холбогдож нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Булган аймгийн төвд хөл хорио тогтоосон гэдэг мэдээлэлтэй байна. Иргэд ариутгал хийхгүй байна гэх зэргээр бухимдангуй байна шүү дээ. Нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Ариутгал хийж байгаа. Гарах хүсэлтэй иргэд маш их байна. Гэхдээ Эрдэнэт, Улаанбаатар руу шүлхий өвчнийг алдахгүйн тулд хөдөлгөөн хорьж, дайран өнгөрөх цэг дээр зохих ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа. Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Онцгой байдлын ерөнхий газрын дэд хурандаа н.Ууганбаяраар ахлуулсан бүлэг ирж, гурав дахь өдрөө ажиллаж байна. Зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байна. Аймгийн төв дээр сэжигтэй тохиолдол илэрсэн учраас шинжилгээнд дээжийг нь явуулсан байгаа. Шинжилгээний хариу өнөө орой 20 цагийн үед гарна гэсэн хариу өгсөн. Хэрвээ шүлхий мөн гэдэг нь батлагдвал хорио цээрийн дэглэмийг чангатгаад явна. Биш байвал хорио цээрийн дэглэмээ цуцална.

-Сэжигтэй тохиолдол яг хаанаас илэрсэн юм бэ?

-Аймгийн төвөөс 18 км зайтай газар, малчны хотноос сэжигтэй тохиолдол илэрсэн. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд авч, хорио цээрийн дэглэм тогтоохоос аргагүй. Иргэдийн хөл хөдөлгөөнийг хориглосон. Хүний хувцас, гутал, машины дугуй зэргээр дамжин халдварладаг учраас ард иргэдэд энэ талын мэдээлэл, сурталчилгааны ажил зохион байгуулаад байна. Сургууль, цэцэрлэгийг 14 хоногийн хугацаатай түр хаасан байгаа.

-Зам тээврийн сайд шүлхийн голомт бүхий сумдад өвс тараасан нь шүлхий тарах нөхцөл боллоо гэж иргэд бухимдангуй байсан. Энэ үнэн үү?

-Тийм зүйл байхгүй. Хүний хөл хөдөлгөөнөөр л шүлхий тархаж байгаа. Өвстэй бол ямар ч хамаагүй.

-ШҮЛХИЙГЭЭР ӨВЧИЛСӨН МАЛЫН МАХЫГ САЙТАР БОЛГОЖ
ИДЭХЭД АСУУДАЛГҮЙ-

Улсын хэмжээнд шүлхийн тархалт өндөр байгаа тул иргэдийн дунд санаа зовоосон нэг асуудал байгаа нь хүнсний махны аюулгүй байдал юм. Энэ талаар улсын Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуягтай холбогдож тодрууллаа.

-Өнөөдөр улсын хэмжээнд шүлхийн тархалт өндөр байна. Тархалтад голлон юу нөлөөлж байна вэ?

-Хүмүүсийн өөрсдийн хариуцлагагүй байдал нөлөөлж байгаа. Иргэд, малчдын шилжилт хөдөлгөөнөөс ихээхэн хамааралтай. Шүлхий нь өвчтэй мал амьтнаас болон байгаль, цаг уурын хүчин зүйлээр халдварладаг. Өөрөөр хэлбэл, шүлхий өвчний үүсгэгчээр бохирдсон өвс, хөрс, ус, тээврийн хэрэгсэл, хувцас гэх мэт бүх зүйлээр дамжин халдвар тархах боломжтой. Тиймээс шүлхий өвчний үед хорио цээрийн дэглэм хамгийн чухал гэдгийг малчид, иргэд ойлгохгүй байна. Агаар дуслаар ханиад шиг халдварладаг өвчин.

-Шүлхийн дэгдэлт нэмэгдэхийн хэрээр иргэд хүнсний махны аюулгүй байдалд санаа зовж эхэллээ?

-Шинжилгээгээр шүлхийгээр өвчилсөн малын махыг хэрэгцээлж болно гэдэг. Гэхдээ сайн чанаж, болгож идвэл асуудал байхгүй.

-Шүлхийгээр өвчилсөн малын махыг сайтар болгож, чанаж идвэл ямар нэг сөрөг нөлөөгүй гэж үү?

-Нөлөөгүй. Харин түүхий маханд хүрвэл дамжиж, халдварлана шүү дээ.

-Нийслэл рүү ирж буй махны шинжилгээ, хяналтыг хэрхэн хийдэг вэ. Аль аймгуудаас нийслэлийн махны хэрэгцээг хангаж байгаа вэ?

-Хүнсний махыг шүлхийгүй бүсээс бэлтгэсэн байх ёстой. Иргэд мах авахдаа гарал үүслийн бичгийг нь заавал харах ёстой.

-ШҮЛХИЙН ВИРУС ӨВСӨНД 214 ХОНОГ ХАДГАЛАГДДАГ-

-Өвсөөр дамжиж халдварлах асуудал байдаг уу?

-Шүлхийн вирус өвсөн дээр 214 хоног хадгалагддаг. Тэгэхээр өвсөөр дамжин халдварлах магадлал өндөр байдаг гэсэн үг.

Улсын хэмжээнд шүлхийн тархалт нэмэгдсээр байхад ганц яам хүчирч дийлэхгүй. ХХААХҮЯ-наас вакцины тунг нэмж, холбогдох бүхий л арга хэмжээг авсан ч шүлхий өвчний тархалт улам бүр хүрээгээ тэлсээр байгаа нь үнэн. Нөгөөтэйгүүр шүлхийн вакцины нөөцгүй болж байгаа бөгөөд дараагийн ээлжийн арга хэмжээг авахаар манай талаас ОХУ-д ажиллаж байгааг албаныхан хэлж байлаа.

ОХУ-аас тодорхой хариу гараагүй учраас хэзээ вакцин ирэх нь тодорхойгүй байгаа юм. 2016-2017 он дамнаж улсын хэмжээнд хэд хэдэн аймаг, сумдыг дамжсан шүлхийн тархалт намжихгүй байгаа нь ярьж, анхаарахаас аргагүй сэдэв. Гэтэл улс төрчид нь өөрсдөө шүлхийтэй бүсэд өвс тараагаад явж байгааг харахад шүлхий хэн нэгний бизнес болжээ гэх яриа батлагдах шиг.

Ц.ТАМИР

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.