Б.Хулан: Цагдаа нөхрөө дагаж хөдөө очиж амьдраад, нэлээн тэвчээр, хатуужилтай болсон

ХӨДӨӨ ОЧООД ЯАЖ ХӨГЛӨЖ БАЙГААГАА ХӨГЖИЛТЭЙ БАЙДЛААР БИЧСЭН МААНЬ ХҮМҮҮСТ ИХ ХҮРСЭН

Дөнгөж сургуулиа төгссөн сонсогчид хөдөө орон нутагт хуваарилагдаад очиход амьдрах орчин нь хүнд, дагаж очсон гэр бүл нь олон саад бэрхшээлтэй тулгардаг билээ. Энэ удаад бид жирийн нэгэн цагдаагийн албан хаагчийн гэргийтэй ярилцсанаа уншигч танаа толилуулъя.

-Таны хоёр жилийн өмнө нялх хүүхэдтэйгээ төлөөлөгч нөхрөө дагаад, Говь-Алтайн Цогт суманд амьдрахаар яваад, олон бэрхшээлтэй тулгарч байгаа талаараа “Бидэнд тохиолдсон хүндхэн хөгтэй явдлууд” групп дээр бичсэн нь олон хүнд хүрсэн. Хэзээ хотод ирсэн бэ?

Намайг Б.Хулан гэдэг. Эцэг эхээс гурвуулаа, айлын том охин. 2014 онд би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг хятад хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн.  Улаанбаатар хотод ирээд 10 гаруй л хонох гэж байна. Хоёр жилийн өмнө нялх хүүхэдтэй шинэ газар, таньж мэдэхгүй хүмүүсийн дунд очоод их олон бэрхшээлтэй тулгарсан. Тэрийгээ “Бидэнд тохиолдсон хүндхэн хөгтэй явдлууд” групп дээр хөгжилтэй байдлаар бичсэн нь олон хүнд хүрсэн. Одоо ч гэсэн хүмүүс уншиж, дор нь сэтгэгдэл бичсээр байгаа. Манай нөхөр 2016 оны дөрвөн сард Хууль сахиулахын их сургуулийг төгсөөд, Говь-Алтай аймгийн Цогт сум руу явах томилолт авсан. Тэр үед манай хүүхэд төрөөд, дөнгөж гурван сар болж байсан учраас хөдөө агаарт гарах нь чухал байсан. Харин хаана томилогдох нь л сонин байлаа.

-Гэрийнхэн чинь хөдөө нөхрөө дагаад явна гэхээр юу гэсэн бэ?

-Гэрийнхэн маань “Залуу хүмүүс хөдөө, эрүүл агаарт хүүхдээ өсгөөд, таван жил ажиллачихвал 36 сарын цалинтай тэнцэхүйц урамшуулал авна. Тэгээд хотод ирэхдээ байрны урьдчилгаатай болно” гэсэн. Манай хүн эхлээд томилолт авсан газар руугаа явсан. Мэдээж амьдрахаар очиж буй болохоор хэрэгтэй гэсэн бүх л юмаа аваад, хүү бид хоёр аав, эмээ хоёртойгоо 1200 км замыг төөрч будилан байж 26 цаг явсны эцэст Цогт суманд очлоо. “Police” гэсэн хаягтай нилээн үзэмжгүй байшингийн гадаа ирсэн. Гадна талынх нь бүргэд хаалга, дотор талынх нь модон хаалга түгжих ямар ч боломжгүй болтлоо салбарчихсан. Дээвэр дээр нь тагтаа үүрлэдэг болохоор хаа сайгүй өд, сангас. Суух ч газар олдохгүй, нялх биетэй байсныг ч хэлэх үү шууд уйлчихсан, эмээ минь санаа нь зовоод, хэд хоног хань болж үлдэж байсан. Зун байсан тулдаа арай гайгүй, учиргүй дээрээс бороо орчихгүй зуныг давсан.

Нялх хүүхэдтэй байхад хажууд туслах хүнгүй үед ганцаараа гэр орныхоо ажлыг амжуулна гэдэг амаргүй шүү. Хүндхэн байсан биз?

-Тийм шүү. Цогт сумын таван баг нь төвөөсөө нэлээд их зайтай учраас манай нөхөр дуудлага ирсэн л бол сүлжээ байхгүй газар руу хэд хоногоор ч хамаагүй явчихаар би хүүхэдтэйгээ ганцаараа үлдэнэ. Дээр үед хөдөөнийхөн нутаг усанд нь хүн амьтан ирэхээр тосож аваад, их найрсаг сайхан хүлээж авдаг байсан санагддаг. Гэтэл тэр нутгийнхан тийм юм уу, эсвэл сүүлийн үеийн хүмүүс тийм болчихсон юм уу дайлах, зочлох гэсэн зүйл байдаггүй юм байна лээ. Нэг нялх хүүхэдтэй хүүхэн ирчихсэн байхад “Ямар учиртай хүн хаанаас ирэв, хүүхэд чинь орой болгон уйлаад байна зүгээр үү” гэх мэтээр асуугаад ороод ирэх хүн ховор байсан. Ер нь цагдаа талдаа нэлээд элэггүй хүмүүс олон байсан. Цогт суманд тэр үед тог нь ойр ойрхон тасардаг. Зэргэлдээ  сумаас тогоо татдаг учраас шонгийн модон дээр шувуу наалдахад л тоггүй болдог. Тэгээд тог тасрахаар аймаар. Харанхуй байшингийн дээвэр дээр тагтаа үүрлэчихсэн болохоор хүржигнэж дуугараад, эвгүй гэж. Цагдаагийн л гэсэн нэртэй байшин учраас согтуу, хүнд зодуулсан хүмүүс түгжээгүй хаалгатай учраас шууд татаж орж ирээд айлгана, ичээнэ. Дээрээс нь манай байшингийн тогны утас их муу. Хөргөгч, индүү залгаатай байх үед ус буцалгагч залгачих юм бол пир пар гээд л аймаар дуу гарна. Тэгээд өөрсдийнхөө мөнгөөр хотоос солонгос кабель захиж авчруулаад, тогныхоо асуудлыг шийдсэн дээ.

ЦАС ХАЯЛСАН ХҮЙТЭН ӨДӨР НӨХӨРТЭЙГАА АЙЛЫН ХҮМҮҮСТЭЙ ЦУГ ӨДӨРЖИНГӨӨ НОЦОЛДОЖ БАЙЖ ДӨРВӨН ХАНАТАЙ ЖИЖИГ ГЭРЭЭ БАРЬСАН

-“Шинэ талх иднэ гэдэг мөрөөдөл” гэж бичсэн нь инээдтэй боловч төвийн бүсээсээ хол нутгийн нэг “зовлон” байх?

-Хүнсний юм цуглуулах үнэндээ л үнэхээр хэцүү, сонголт муутай нарийн боов, талх чихэр, хүнсний ногоо, жимс жимсгэнэ ховор. Ихэнх нь хугацаа нь дуусчихсан байдаг байсан. Яагаад хүнсний бүтээгдэхүүн тийм ховор байдгийг би ерөөсөө ойлгоогүй, магадгүй зам нь хол болохоор тэгдэг байх л даа.

-Тэнд амьдарч байхад ямар хүмүүс их тус болдог байв. Намар нь цагдаагийн хүйтэн байшингаас нүүж, жижиг дөрвөн ханатай гэр бариад орсон тухайгаа ярихгүй юү. Тухайн үед таны постыг уншаад инээд хүрсэн ч гэсэн сэтгэл өвдөөд байсан?

-Цагдаагийн байшингийн хажуу хашаанд хот руу явдаг тээврийн машинтай тэр айл маш их тус болсон. Манай эмээ, хүү бид хоёрыг хүргэж ирэхдээ тэднийх рүү ороод “Энд нялх хүүхэдтэй хүүхэн ирчихсэн байгаа шүү. Харж хандаж байгаарай” гээд захиад явсан байсан. Сэрүү ороод намар болоод ирсэн чинь нөгөө байшин чинь аймаар хүйтэн, гал түлэхээр зөвхөн тэр газраа л халахаас бусад хэсгийг ерөөсөө халаахгүй. Уг нь урьд жилүүдэд нь сургуулийн дотуур байранд цагдаагийн гэр бүлд өрөө гаргаж өгдөг байсан юм билээ. Тэр жил яагаад ч юм өрөө гаргаж өгөхгүй цааргалаад байсан. Тэгээд нөхөр цагдаатайгаа хамт хөөцөлдөж явж байгаад жижигхэн коридор шиг өрөө суллуулж ороод, аавын угсарч өгсөн ор, хөргөгч, шүүгээ гэх мэт зүйлс тавиад дүүрчихсэн. Дөнгөж сууж сурч, мөлхөж байгаа хүүхдэд ямар ч орчин байхгүй байсан. Тэгээд нөхөртөө “Яаж ингэж амьдрах вэ дээ, хөлслөөд суучих гэр олъё” гэхэд манай хажууд байдаг айл “Хөдөө барьдаг жижигхэн дөрвөн ханатай гэр байна. Тэрийг сарын 30 мянган төгрөгөөр хөлсөөд суу даа” гэсэн. Тэгээд хажуу талынхаа айлын хашаанд гэрээ барихаар болж, арван сарын сүүлээр цас хаялсан хүйтэн өдөр нөхөртэйгөө айлын хүмүүстэй цуг өдөржингөө ноцолдож байж гэрээ барьсан. Айлаас зуух гуйж тавиад, байшингаасаа юмнуудаа зөөгөөд тавьсан чинь гэр юм болохоор эд зүйлс багтаад байна шүү. Салж унах гэж байгаа хоёр амьтан раам байхгүй байсан учраас өрхөө урагшлуулж байгаад галаа түлээд юмаа хийж байгаад, хүү рүүгээ хартал нүүр нь час улайчихсан бид хоёр руу инээчихсэн сууж байсан. Голоор нэг юм зураад л уйлчихсан. Тэгээд уйлаад ч яах вэ дээ, сонгочихсон зам, заяа нь энэ юм чинь гээд эвлэрсэн дээ.

-Энэ постыг бичсэнээс хойш хүмүүс сайн дураараа нэлээд их тусалъя гэж хандсан гэсэн. Та хоёр яаж хүлээж авсан бэ?

Хүмүүс их холбогдоод “Юугаар туслах вэ, байшин засах мөнгө босгож өгөх үү” гэж асууж байсан. Бас АНУ-ын Чикаго хотод амьдардаг монголчуудын төлөөлөл н.Чингис гэж ах холбогдоод “Гэр авч өгөх үү, юу хэрэгтэй байна” гэсэн асуусан. Гэхдээ бид хоёр мөнгөн тусламж болон гэр аваагүй ээ. Яагаад гэвэл төр засаг цагдаагийн албан хаагчдадаа зориулаад бэлдээд өгөх ёстой, хангамж нь учраас хэн нэгэн хөндлөнгийн хүмүүсээс хандив гуйсандаа бичээгүй. Тухайн үед  постоо шинэ төгсөгч сонсогч нарын байр байдал ийм шүү гэсэн санааг гаргаж, цаашаа харах хүмүүс нь харж анхаараасай гэсэндээ өөрийгөө яаж хөглөж байгаагаа хөгжилтэй байдлаар ойлгуулах гэсэндээ бичсэн байсан. Ганцхан нөхөр бид хоёр ийм зам туулаагүй. Маш олон жилийн өмнөөс цагдаагийн албан хаагчид үүнээс илүү их хэцүү зам туулж өнөөдрийг хүргэсэн. Ямар ч байсан пост бичиж, хэл ам болсны дараа тендер зарлагдаж засвар хийх төсөв батлагдсан. Дотроосоо хаалга нь түгжигддэг болсон, цонх нь онгойдог болж, обойг нь сольж өгсөн. Орчин сайжирсан, бичсэн зүйлс минь нөлөө үзүүлсэн гэж бодож байгаа.

НӨГӨӨ ЦАГДААГИЙН ЭХНЭРИЙГ НАДТАЙ АНДУУРЧ ХҮҮХДҮҮД
ЧУЛУУ ШИДСЭН БАЙСАН

-Цогт сумынхан таны бичсэн постыг уншаад яаж хүлээж авсан бэ?

-“Чи нутаг орны нэр муухайгаар гаргаж байна. Яваач, зайлаач” гэж хэлэх хүн олон байсан. Сургуулийн дотуур байранд амьдардаг нөгөө цагдаагийн эхнэрийг орой муу усаа асгах гээд явж байхад нь хүүхдүүд надтай андуураад чулуу шидсэн байсан. Дэлгүүрт ороход зарим худалдагч нар нь “Чи авчихмаар юм байдаггүй гэж бичсэн байна лээ” гээд дургүйцлээ илэрхийлдэг байсан.

-Нөхөр нь Улаанбаатар хотод ажиллахаар болсон. Ямар шалтгааны улмаас хугацаанаас өмнө шилжиж ирэв?

-Манай нөхөр өвөө, эмээ дээрээ өссөн том зээ нь. Одоо 80 гарсан хөгшчүүл байдаг. Сүүлийн үед өвөөгийн маань бие муудаж, эмчилгээгүй гэсэн оноштой бие нь тааруухан үе, үе сандаргаад байгаа учраас заавал асаргаа шаардлагатай болсон. Тиймээс ар гэрийн гачигдал гэсэн үндэслэлээр материал бүрдүүлээд өгсөн. Өнгөрсөн жилийн зургаан сараас хөөцөлдөж, шилжих хүсэлтээ өгөөд л яваад байсан. Сая хоёр сард Улаанбаатар хотод ажиллах томилгоо гарсан.

-Хөдөө жил зургаан сар хүүхдээ ганцаараа өсгөөд маш олон бэрхшээлтэй тулгарсан ч бүгдийг нь даваад гарсан байна. Эргээд бодоход ямар санагдаж байна вэ?

-Нилээн тэвчээртэй, хатуужилтай болсон. Аав, ээж хоёр дээрээ амьдарч байхад янз бүрийн бэрхшээл байгаагүй эрхлээд л. Хүүгээ өвдөхөд нь айж, асууж сурах гэрийнхэн дэргэд байхгүй, заримдаа дэмий л дагаж уйлах үеүд байсан. Хэцүү, бэрхшээлтэй зүйл олон тулгарч байсан ч гэсэн хүүхдээ ганцаараа гардаж өсгөлөө. Одоо хүүхэд маань гараас гарчихлаа. Бас хэн нэгнээс тусламж ирэх болов уу гэж хүлээхгүй бие дааж сурсан.

-Хэдийгээр бага хугацаа ч гэсэн таны амьдралд мартагдашгүй сайхан дурсамж үлдээсэн болов уу гэж бодож байна?

Говь-Алтай аймгийн Цогт суманд өнгөрүүлсэн нэг жил найман сарын хугацаа маш гоё дурсамж болон үлдэж байна. Хамгийн анх гэр бариад, гал түлж чадахгүй галаа хурдан асаахын тулд газ ашигладаг юм билээ. Би тэрийг нь сайн ашиглаж мэдэхгүй хүүгээ өвөр дээрээ суулгачихсан галаа түлэх гээд шүдэнз зуртал “Пан” гээд аймаар их гал гарсан. Хүүтэйгээ хамт хөмсгөө хуйхлаад. Хөгтэй зүйлүүд их болсон. Үзээгүй юмаа үзэж, үзэм буцалгаж ууна гэдэг шиг л юм болсон. Хөдөө байх хугацаандаа зарим хүмүүстэй найз, эгч дүүс болж, яг явахдаа хоолой зангираад, өнөө байшингаа харсан чинь нулимс цийлэгнээд их эвгүй байсан, сүрдмээр том уул хайрхан, цэвэр агаар, ижилдэж дассан цагдаагаа, тус дэм болж байсан бүх хүмүүсийг нь санаж явна аа.

-Таны хувьд төрөөд удаагүй хүүхэд нь нялх учраас хөдөө нөхрөө дагаж  явалгүй хотод аав, ээж дээрээ хүүхдээ өсгөж болох байсан. Яагаад явсан юм бэ?

Бид хоёр 17 настай танилцаж, найзалж нөхөрлөж байгаад нэг гэрт ороод, хүүхэдтэй болсон. Нөхрөө хөдөө томилолтоор явахад нь дагаад явахгүй төрсөн гэртээ үлдэж болох байсан. Явах гол шалтгаан нь ээжийн минь хайрлаж хүндэлдэг үеэл эгч маань цагдаа нөхөртэй байсан. Тэдний нөхөр нь хөдөө томилогдоход манай эгч хотод тогтвортой ажилтай болчихсон байсан болохоор дагаж яваагүй юм билээ. Гэтэл нөхөр нь хөдөө нутагт анхаарал тавих хүнгүй халуунд нь халж, хүйтэнд нь хөрж явсаар өвдөж, хотод ирээд эмчилгээ хийлгэсэн ч тус бололгүй бурхан болж байсан. Тиймээс ээж маань “Хулан минь, чи нэгэнт ийм ажилтай хүнийг ханиараа сонгосон учраас нөхөр хаана томилогдоно дагаад яв” гэдэг байсан. Нөхөр Говь-Алтай аймгийн Цогт суманд томилолт авахад ээж надаас “Чи яамаар байна” гэж асуулгүй шууд л “Явна шүү” гэж хэлсэн. Бас нөхөртөө хүүхдийнхээ анхны гэсэн юм бүхнийг харуулахыг хүссэн. Ингэж зүтгэсний хүчинд нөхөр маань хүүхдийнхээ сүүн шүд ургах, мөлхөх, алхах, анхны үг гэх мэт бүх зүйлийг нь харсан. Хүүхэдтэйгээ их ойр байж, хүүдээ цаг зав гаргадаг сайн аав болж чадсан шүү.

-ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧДЫН ГЭР БҮЛД
МИНИЙ ОРОН ЗАЙ ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ-

Та нэлээд хэдэн сарын өмнө хөдөө орон нутагт гэр бүлийн хүчирхийлэл их байдаг талаар өөрийнхөө олон нийтийн сүлжээнд бичсэн байсан.  Цагдаа хүний гэргий учир бүх зүйл л таны нүдэн дээр болдог байсан болов уу?

Хөдөө орон нутагт цагдаагийн албан хаагчдын гэр бүлд миний орон зай гэсэн ойлголт байхгүй. Хотод өөр өөрийн гэсэн өрөөндөө ороод л өөрийнхөөрөө байж болдог. Хөдөө орноосоо босож амжаагүй байтал “мотоцикль, буугаа, хураалгачихлаа, ишиг тугал нохойд бариулчихлаа, тэр тэнд агсам тавиад байна” гээд ороод ирнэ. Хөдөөнийхөн чинь их хээгүй хүмүүс шүү дээ. Гэр орондоо тухтай байна гэсэн ойлголт байхгүй, хаанаас согтуу хүн оруулж ирээд гавлаад суулгачих бол гэсэн байнгын бодолтой. “Маск”-ын хошин шогт саатуулах байр гээд модон шкаф дотор хийдэг шүү дээ. Шкаф л байхгүй болохоос яг л тийм байсан. Саатуулах өрөө нь жижигхэн ганцхан хүн багтдаг. Жишээлбэл, суманд ойн баяр ч юм уу наадам болохоор нэлээд олон согтуу хүмүүс саатуулагдана. Саатуулах өрөөндөө багтахгүй учраас өөрийнхөө өрөөнд, гадаа шон тэврүүлээд, сараалжин төмөр хашаанаас гавлана. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь тэр хавиар нэг их муухай муухай үг хэлээд л, намайг гаргаад явуулаач гэж орилно. Эхэндээ айдаг л байлаа.

-Сүүлдээ тийм байдалд дасчихсан уу?

-Сүүлдээ зарим архи уудаг хүмүүсийг нь таньдаг болоод баригдаад ирэхээр нь “Чи одоо уухаа болио ч дээ” гэчихсэн явж байна (инээв. сурв). Бас нөхөртөө зодуулдаг хүүхнүүд байнга манай тэр хавиар эргэлддэг. Нөхрөө гайгүй эрүүл болохоор нь “Би нөхрөө авмаар байна, би одоо зүгээр, гомдолгүй. Та нар бариад хорьчихлоо” гэнэ. Аймагт аваачиж шалгах шаардлагатай хүмүүсийг ачиж явах машин олдохгүй. Тэгэхээр заавал цагдаагийн хэсэг дээр хонож таардаг болохоор хоолоо хувааж идээд л сууж байна шүү дээ. Зарим үед нөхөртөө зодуулаад, цусаа гоожуулаад ороод ирсэн эмэгтэйчүүдийн шархыг нь цэвэрлэж өгч, тайвшруулах ч үе байсан. Миний бодлоор хөдөө орон нутагт гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл гаарчихсан. Мөн гэр бүл салалт маш их байдаг. Зарим хүүхнүүд “Нөхөртөө зодуулсаар байгаад хөхрөхөө байчихсан” гэж хэлдэг. Миний ажигласнаар ажилгүйдэл их, зарим хүмүүсийн ажил нь архи уух. Бас бичиг үсэг мэддэггүй хүмүүс их байсан. Нөхөртөө зодуулаад ирсэн эмэгтэйчүүдээс “Яагаад өргөдлөө өгөхгүй байгаа юм бэ” гэхээр “Би бичиг үсэг мэдэхгүй” гэж хариулдаг хүн цөөнгүй байсан.

-Цагдаа нар ард түмний амар амгалан тайван байдлыг сахиулахын тулд ар гэр, хань ижил, үр хүүхэд хоёрдугаарт тавигддаг болов уу. Таньд гомдолтой санагдах үе олон тохиодог уу?

-Дөнгөж төгссөн сонсогч нарыг архаг ужиг олчихсон ийм орчин руу хуваарилаад явуулах нь надад дутагдалтай санагдсан. Улаан зээрд болчихсон 7-8 согтуу залуучууд ташуур бариад зодолдож байхад ганцаарханаа ямар ч хамгаалалтгүй салгах гээд голоор нь яваад ордог. Заримдаа хөл, гар нь, шалбарчихсан, нүд ам нь хөхөрчихсөн, гэмтчихсэн гэртээ орж ирэх тохиолдол зөндөө байсан. Гэсэн ч би цагдаа нөхөртэй гэдгээрээ үргэлж бахархдаг. Ард түмний амар амгалангийн дархлаа нь цагдаа гэсэн үгтэй санал нийлдэг. Цалин, амралт багатай ч гэсэн хэр баргийн эр хүний хийж тэсэх, давах ажил биш, нуруун дээрээ үүрэх хариуцлага асар өндөр, алдах эрх байхгүй, ёс суртахууныг дээд зэргээр сахих ёстой нэр төртэй бахархмаар алба. Тиймээс би нөхрийнхөө хүсэл сонирхлыг хүндэтгэж “Ажлаасаа гарч, өндөр цалинтай ажил хий” гэж хэлдэггүй. Хүн болгон баяраар гэр бүлээрээ халуун дулаан уур амьсгалтай баярлаад байж байхад цагдаа л гэртээ байдаггүй. Хүн баярлаж, амарч болох бүх цаг үед цагдаа нар ажлаа хийж л байдаг. Хүндлэхгүй байхын аргагүй алба.

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Г.ТҮШИГ

 

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.