Д.Жавзандорж: 20 жил суралцаж, Лхаарамба цол хамгаалаад “Аз жаргал гэж юу вэ” гэдгийг л хүмүүст таниулах гэсэн юм

-ХҮҮГЭЭ ЛАМ БОЛГОСОН ИЖИЙ, ААВЫН АЧИЙГ БУДДЫН НОМОНД АГУУГААР
ЗҮЙРЛЭЖ БИЧСЭН БАЙДАГ-

“Ардын хувьсгалаас хойш Монголд анхны лхаарамба цолтон төрж байна” гэсэн мэдээллийг өмнө нь бид хүргэж байсан билээ. Энэ удаад буддын шашны хамгийн дээд Лхаарамба цол хүртсэн  Дуламрагчаагийн Жавзандоржтой эх орондоо хэсэгхэн хугацаанд морилон ирээд байхад нь ярилцлаа.

-Та хэдэн оноос хийдэд шавилан сууж эхэлсэн бэ?

Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. 1991 онд өвөө, эмээ болон Даваажав ахынхаа ачаар аймгийнхаа Эрдэнэмандал хийдэд шавилан сууж, бурханы ном үзэж эхэлсэн дээ. 1993 онд Даваажав ах маань Сүхбаатар аймгаас хоёр ламд Шашны дээд сургуульд сурах боломж олгож, Энхбаатар гэж ламын хамт Улаанбаатар хот руу явуулж байлаа. Би тухайн үед нас бага байсан болохоор Шашны дээд сургуульд орж чадалгүй урьдын ерөөл юм болов уу Зүүн хүрээ Дашчойлин хийдэд шавилан суух хүсэл сонирхолтой лам нарыг шалгаж байх тэр мөчид ээжтэйгээ хамт ирж байлаа. Эргээд харахад энэ мөч саяхан мэт санагдавч аль хэдийнэ 20 гаруй жил болжээ. Гэхдээ сэтгэлд ойрхон санагддаг юм. Энэ жил Лхаарамба цолоо хамгаалчихаад, өөрийн шавилан сууж байсан хийд сүмийнхээ лам хуврагуудынхаа ачийг чадлаараа хариулж хүндэтгэл үзүүлье, хурал ном хуръя гэж бодоод Монголд хэд хоногийн хугацаатай ирээд, анхны хурлаа хийж байна.

-Буддын гүн ухаанд суралцахаар эх нутгаасаа Энэтхэг рүү мордож байсан үеэ эргэн дурсахгүй юу?

Нэг өдөр хуралдаа суучихаад явж байтал “Чамайг хамба лам дуудаж байна” гэлээ. Тэгээд яваад очтол намайг өмнөө суулгаад, цаасан дээр юм бичээд, над руу эргүүлээд харуулсан чинь “Энэтхэг явж суралцах уу” гэсэн байсан. Тэр бичгийг хараад тэрүүхэн хавьдаа маш их баярлаад шууд л “Би явж суралцмаар байна” гэтэл хамба ламтан “Хүү минь, нас чинь залуу байна. Юу юугүй сэтгэлийн хөөрлөөр битгий хурдан шийд. Нутагтаа очиж аав, ээж хоёртойгоо ярилцаад ир” гэж хэлж байлаа. Би гэртээ харьж, гэрийнхэнтэйгээ ярилцаад, өөрт олдсон боломжийг ашиглахаар боллоо. Энэтхэг явах цаг хугацаа товлосон байсан боловч нэг сарын өмнөөс визээ мэдүүлэх ёстой юм билээ. Тухайн үед хамба лам гуай Энэтхэг улсын Элчин сайдад бараалхаж “Манай хийдээс хоёр лам танай улс руу явж буддын шашны сургуульд суралцах гэсэн юм. Гэтэл нэг сарын өмнө визээ мэдүүлэх ёстой юм байна” гээд учир байдлаа хэлтэл “Дүрэм журмаараа нэг сарын өмнөөс мэдүүлгээ өгөх ёстой байдаг. Гэхдээ Монголд сүм хийд, бурханы шашин сэргэж, лам нар Энэтхэг явж ном үзье гэж байхад зөвшөөрөлгүй яах вэ. Дараа нь ном журмын дагуу визээ мэдүүлээрэй” гэж хэлсэн. Ингээд л Энэтхэг улсад Гомон дацанд Буддын гүн ухааны номонд суралцаж, 16 жилийн номоо дүүргэн, 2012 оноос Лхаарамбын шалгалтад хамрагдаж, энэ жил цолоо хамгааллаа.

Монгол Улсад Лхаарамба цол хамгаалсан хэдэн хүн байдаг вэ. Та энэ цолны утга учрыг энгийн үгээр тайлбарлаж өгөхгүй юү?   

Лхаарамба цол хамгаалсан лам нар эрт үед байсан байх аа. Харин өнөө цагт Монгол Улсаас хэдэн Лхаарамба цолтон төрснийг мэдэхгүй юм. Гэхдээ ардын хувьсгал гарч, сүм хийд, буддын шашин сэргэж эхэлснээс хойш анхны Лхаарамба цолтой хүн төрсөн нь би юм аа. Цаашид ийм цолтой лам нар олон төрж гарна гэдэгт миний бие итгэлтэй байна. Цаашид өөрийнхөө чадлаар хүмүүсийг дэмжинэ. Буддын гүн ухаанд суурилж, энэ цагт үзэж буй сургалт дундаа хамгийн их шалгуур, урт хугацаанд судалдаг нь лхаарамба цол юм. Хамгийн энгийн үгээр хэлбэл буддын гүн ухааныг судалсан гэсэн үг.

-ИЖИЙ МИНЬ НЭГ ӨДӨР НУЛИМС УНАГААД “МИНИЙ ХҮҮ ЭЭЖИЙНХЭЭ
АЧИЙГ ХАРИУЛЖ БАЙНА” ГЭЖ ХЭЛСЭН

Яагаад энэ цолыг хамгаалахын тулд  маш олон жил хөдөлмөрлөж, зүтгэсэн юм бэ?

Энэ цолыг хамгаалах гэж олон жил хөдөлмөрлөсөн шалтгаан нь аз жаргал гэж юу вэ гэдгийг л хүмүүст таниулах гэсэн юм. Зөв бодол, зөв үйлдэл, зөв үг яриа хүний амьдралын аз жаргал сайн, сайхан зүйлийг бий болгодог гэсэн сургааль буддын шашинд байдаг юм.  Тиймээс энэ философийг хойч үе буюу Монголдоо хэрэгтэй хүнд нь залгуулж өгөх гэсэн юм. Мөн багш нар, аав, ижийнхээ, олон хүний ачийг хариулах юмсан гэж энэ цолыг хамгаалахаар зүтгэж суралцсан даа.

Олон жилийн хугацаанд эх орон, ижий ааваасаа хол байсан. Эрдмийн замаасаа буцаж шантармаар үе байв уу?

Анх Энэтхэг улсад очоод долоон жил Монголдоо ирэлгүй суралцсан. 2009 оноос хойш жилдээ нэг удаа эх нутагтаа ирдэг болсон. Анхандаа эх орон, ижий ааваасаа хол байхад саналгүй л яах вэ. Гэхдээ зорилго маань чухал байсан болохоор энэ урт хугацааг даван туулсан.

Эрдэм номын мөр хөөсөн лам хүн ижийнхээ ачийг хариулсанд тооцогддог юм гэсэн. Та ижийнхээ ачийг хариулжээ?

Ер нь хүүгээ лам болгосон ижий, аавын ачийг буддын номонд агуугаар зүйрлэж айлдсан байдаг юм. Би зэрэг цолоо хамгаалах зарим ёслолд ижий, аавыгаа Энэтхэг улсад урин залж аваачиж оролцуулсан. Ёслолоосоо буцаад явж байхад ижий маань нэг өдөр нулимс унагаад “Миний хүү ээжийнхээ ачийг хариулж байна” гэж хэлсэн. Гэхдээ би ижийнхээ ачийг хариулчихсан гэж боддоггүй юм. Хэрвээ ижий минь тэгж бодож байвал энэ олон жил эрдэм номд зүтгэснийхээ үр шимийг жаахан ч гэсэн хүртлээ гээд дотроо их баярласан.

М.АМАРЖАРГАЛ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.